Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0675

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТАӨ-2023/07/НА-СТА-ШТЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын П.Б-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.Б

Хариуцагч бөгөөд хариуцагч Ц.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Гуравдагч этгээд Б.Б, Ц.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 123/2023/0029/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Б-аас Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ц.Х, аудитор Д.Б нарт холбогдуулан “Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТАӨ-2023/07/НА-СТА-ШТЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын П.Б-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 51 дүгээр зүйлийн 51.1.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын П.Б-д холбогдох 1,882,466.80 төгрөгийн төлбөрөөс 1,756,466.80 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 126,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Мал эмнэлгийн газарт хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн 2 067 358.00 төгрөгийн зөрчилд асуудлын бүртгэл, төлбөрийн актын бүртгэл хяналтын хуудсыг хөтөлж, хүргүүлэн танилцуулахад Мал эмнэлгийн газрын дарга Б.Б, нягтлан бодогч Ц.О нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулан ирүүлсний дагуу төлбөрийн акт бичигдсэн.

Төлбөрийн актад заасан төлбөрийг газрын дарга Б.Б, нягтлан бодогч Ц.О нарт асуудлын бүртгэл, төлбөрийн актын бүртгэл хяналтын хуудсаар танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулан сонсох ажиллагаа явуулсан, мөн алдаатай буруу шийдвэр гаргасан албан тушаалтнуудаар төлүүлэхээр төлбөрийн акт бичигдсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ” гэж заасныг зөрчжээ” гэсэн. Шүүхээс эрх ашиг хөндөгдөж байгаа этгээд гэж үзсэн П.Б-д мэдэгдэх боломжгүй буюу Солонгос улс руу аяллын журмаар явсан, мөн хуульд “...өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, ... авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан байгаа боловч төлбөрийн актад нэр дурдагдаагүй, актад хариуцуулж байгаа этгээдийн нэрийг тодорхой оруулсан тул мэдэгдэх ажиллагааг заавал хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

3.2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж заасан . Харин П.Б нь аяллын журмаар гадаад улсад 2 сарын хугацаанд явсан байхад Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар ажиллаагүй хугацааны үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулал, хоол унааны мөнгийг бүрэн олгосон нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Мөн П.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа Бүгд Найрамдах Солонгос Улс руу явахаар аяллын виз мэдүүлсэн, үзүүлэх эмчилгээний зардалгүй, замын зардлаа машин тэргээ зарж, мөнгө цуглуулж явсан, нэгэнт виз гарсан болохоор биеэ үзүүлж  эмчлүүлэхээр Солонгос Улс руу явсан, ажил хийж зардлаа олсон гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд П.Б нь эмнэлэгт үзүүлсэн гэх “С м” эмнэлгийн ... тодорхойлолтод П.Б 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нойр булчирхай нь өвдсөн зовуурьтай ирж үзүүлсэн. Өвчтөний өмнө нь хийгдсэн шинжилгээ болон илэрч буй шинж тэмдэг, зовуурьт тулгуурлан үзлэг хийж өдрийн эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн боловч үйлчлүүлэгч дахин манай эмнэлэгт ирж үзүүлээгүй” гэсэн, “Ч” эмнэлгийн ... 42 дугаар албан бичигт “П.Б нь ... манай эмнэлэгт хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авианы оношилгоог эмч Б.Б-ээр хийлгэсэн” гэсэн.

Нэхэмжлэгч П.Б нь “...Солонгос улсад очоод эмнэлэгт шууд үзүүлэх боломжгүй байсан, ... буцааж ирэхийн тулд зардал мөнгө хайж ганц нэг ажил хийж ирэх зардлын мөнгөө олж наашаа буцаж ирсэн ...” гэсэн тайлбаруудыг өгсөн байна. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд П.Б нь зайлшгүй гадаад улсад эмчилгээ хийлгэх өвчний онош байхгүй, гадаад улсад эмчлүүлэх шаардлага болон зорилготой явсан гэж харагдах боломжгүй, харин тус улсад аялах болон ажил хийх зорилгоор явсан гэж харагдахаар байна.

3.3. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдэд төлбөрийн актын дугаарыг 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ, 07-А1970400-ТӨА-2023/07/НА-СТА-ТШЗ гэж өөр өөрөөр бичээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай актын П.Б-д холбогдох 1 882 466.80 төгрөгийн төлбөрөөс 1 756 466 80 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, актын 126 000 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ гэсэн нь Төв аймаг дахь Төрийн аудитын газрын төлбөрийн актын дугаар биш тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.4. Мал эмнэлгийн газрын дарга Б.Б, нягтлан бодогч Ц.О нар төлбөрийн актыг барагдуулахаар хүлээн зөвшөөрч бүртгэл хяналтын хуудсанд гарын үсэг зуран баталгаажуулан ирүүлсэн, төлбөрийн актад П.Б-тай холбоотой нэр дурдаагүй байхад П.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх үндэслэлээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Х, аудитор Д.Б нарын 2023 оны 02 дугаар сарын 25-ны 07-А1970400-ТӨА-2023/07/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/76 тоот тушаалаар нэмэгдэл цалин, 2022 оны 12 дугаар сарын 01-ний Б/72 тоот тушаалаар Солонгос улсад ажиллахаар явсан Захиргаа, санхүү албаны даргад 2 сарын цалинтай чөлөө олгоход нийт 2 067 358.0 төгрөг олгосон нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэн цалинд зарцуулсан 2 067 358.0 төгрөгийг холбогдох хүмүүсээр төлүүлэн Төрийн сангийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, актын биелэлтийг Мал эмнэлгийн газрын дарга Б.Б, нягтлан бодогч Ц.О нарт хариуцуулжээ.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч “... 2020 оны 09 дүгээр сараас хойш миний нойр булчирхай өвдөж, хоолны дэглэм барьж, эм ууж байна, Би 2022 оны 11 сард даргад биеэ үзүүлж, эмчлүүлэхээр 2 сарын цалинтай чөлөө хүссэн өргөдөл гаргасан, ... 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар Солонгос улсад ажиллахаар явсан” гэж утга агуулгын илэрхий алдаатай дүгнэсэн, ...солонгос улсад биеэ үзүүлэхээр очсон шууд үзүүлэх боломжгүй байсан. Төлбөр нь Монгол мөнгөөр 3 000 000 гаруй төгрөг байсан. 3 000 000 төгрөг эмнэлэгт тушаагаад үзүүлэх боломж байгаагүй. Би явахдаа зардал мөнгөө цуглуулж, машин тэргээ зараад зардлаа хийж явсан, 2 сарын цалинтай чөлөө олгосон, би ажил дээрээ ирж ажлаа хийж, 4 дүгээр улирлын ажлын тайлангаа гаргаж даргад өгөөд дарга тайланг үнэлээд урамшуулал олгосон, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би явсан, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 сарыг нь цалингүй чөлөө болгосон, тэгээд буцаж ирэхийн тулд зардал мөнгө хайж ганц нэг ажил хийсэн, тэгж зардлаа хийж буцаж ирсэн” гэж тайлбарлан Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ц.Х, аудитор Д.Б нарын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан байна.

2.3. Анхан шатны шүүх “...Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар П.Б-д 2 сарын чөлөө олгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчөөгүй, ... Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллахаар явсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн П.Б-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөө олгосон байх хугацаанд түүнийг тухайн сарын ажлын өдрүүдэд ажилдаа ирж ажилласан гэх байдлаар хоолны хөнгөлөлтийн зориулалтаар 126 000 төгрөгийг олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/04 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11.2.12-т заасныг зөрчсөн гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/НА-СТА-ТШЗ дугаартай актын П.Б-д холбогдох 1 882 466.80 төгрөгөөс 1 756 446.80 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болж, актын 126 000 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.4. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.1-д “шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хэлбэрээс нь үл хамааран шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр гаргуулах, хуулбарлаж авах” эрхээ бүрэн гүйцэт хэрэгжүүлэхгүй, түүнийг БНСУ-д аялсан эсхүл ажил хийсэн гэдгийг хангалттай баримтаар тогтоож чадаагүй атлаа нэхэмжлэгчийг зайлшгүй гадаад улсад эмчилгээ хийлгэх өвчний онош байхгүй, гадаад улсад эмчлүүлэх шаардлага болон зорилготой явсан гэж харагдах боломжгүй, харин тус улсад аялах болон ажил хийх зорилгоор явсан гэж төлбөр барагдуулах акт тогтоосныг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохиорсон шийдвэр гэж үзэх боломжгүй байна.

2.5. Нөгөөтээгүүр, захиргааны шийдвэрийн үйлчлэл нь шууд бус буюу нэхэмжлэгчид шууд нэрлэн зааж хаяглагдаагүй боловч үр дагавар нь нөлөөлөх нь тодорхой байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэх бөгөөд захиргааны актын эрх зүйн үр дагаврыг зөвхөн хаяглагдсан этгээдээр хязгаарлахгүй тул хариуцагчийн “...төлбөрийн актад П.Б-тай холбоотой нэр дурдагдаагүй байхад П.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх гомдлыг хүлээн авах нь үндэслэлгүй.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдэд маргаан бүхий актын дугаарыг “07-А-1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ” гэж буруу бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ШТЗ” гэснийг “07-А1970400-ТӨА-2023/07/НА-СТА-ТШЗ” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН