Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00027

 

Г.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, хариуцагч Б.Батбаатар, хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 494 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Батбаатарт холбогдох

Автомашины моторын үнэ 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Батбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1146 маркийн Daewoo авто машины моторыг манай сэлбэгийн дэлгүүрээс 6,500,000 төгрөгийн үнэтэй моторыг худалдаж авсан. Мотор авахдаа 1,500,000 төгрөгийг нь одоо бэлнээр өгье, үлдсэн 2,000,000 төгрөгөө 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр үлдсэн 3,000,000 төгрөгийг тус тус өгч төлж барагдуулахаар тохиролцож нотариатад очиж 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Бид Батбаатарыг сайн танихгүй өөрөө би найдвартай өгнө манай ах нар Мөрөнд зочид буудал ажиллуулдаг гэх мэтээр өөрөө болон хүнээр яриулаад байхлаар нь итгээд мотороо өгч явуулсан боловч сүүлдээ утсаа авахгүй ба торх өгнө, ээж нохойд уруулсан боломжгүй байна гээд 1,000,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөхгүй болохоор нь Улаанбаатар хотод Нарантуул зах дээр тааралдаад машины түлхүүрийг нь авсан байхад, түлхүүрийг минь өгчих машины бичиг баримтыг авч бай гэхлээр нь авч үлдсэн. Намайг өчигдөр УБ хотод байхад манай дүүтэй утсаар яриад намайг шүүх хуралдаанд ирээд яахав Ланд 80 машин өгье зөрүү өг гэхлээр нь тэгвэл үзье гээд машин үзүүлэх хүнээ хүртэл УБ хотоос аваад ирэхэд өнөөдөр шүүх хуралдаа болон утсаа ч авахгүй алга болсон ба тухайн үед хүн чанар гаргаад тусалж байхад харин мөнгөө өгөхгүй худлаа яриад алга болсонд гомдолтой байна. Бид шүүхэд үлдэгдэл 4 сая төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэл гаргасан тул уг нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа болон гэрээнд зааснаар алданги авах ёстой байтал бид Батбаатарыг бодоод алданги нэхээгүйг ойлгох хэрэгтэй байх.

Иймд моторын үлдэгдэл төлбөр болох 4,000,000 төгрөгийг Б.Батбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 494 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Батбаатараас моторын үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунсүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаатараас 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунсүрэнд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Батбаатар давж заалдах гомдолдоо: Г.Оюунсүрэн бид хоёрын хооронд авто машины мотор худалдах, худалдан авах тохиролцоо үүссэн юм. Гэвч авто машины моторын үнэ төлөх явцад надад санхүүгийн бэрхшээл учирч бэлэн мөнгөөр төлж чадахгүй болсон тул моторын үнийн оронд дүнзэн торх өгөх саналаа Г.Оюунсүрэнд тавихад тэрээр зөвшөөрсөн юм. Торх нь 7,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд зөрүү 3,000,000 төгрөгийг Г.Оюунсүрэн надад өгөх талаар ярилцаж тохиролцсон юм. Гэтэл анхан шатны шүүх намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г.Оюунсүрэн бид хоёрын хооронд шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгагдсанаас өөр тохиролцоо байсан тул харилцан ойлголцож эд хөрөнгийнхөө маргааныг шийдвэрлүүлэх боломжтой байхад шүүх энэ боломжийг хязгаарласанд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Г.Оюунсүрэн нь хариуцагч Б.Батбатаараас моторын үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Батбаатар нь Г.Оюунсүрэнгээс Daewoo 1146 маркийн авта машины моторыг худалдан авч, тэдний хооронд хийгдсэн “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр Daewoo 1146 маркийн авто машины моторын үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 2,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үлдсэн 3,000,000 төгрөгийг тус тус өгч төлж барагдуулахаар тохиролцсон байна. /ХХ-ийн 6, 25/

Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр “зээлээр худалдах- худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзэхээр байна. Учир нь: Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийхээс гадна бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа зэрэг нөхцлүүдийг заавал тусгахаар заасан байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж зээлийн гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 25 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан “...анхан шатны шүүх намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г.Оюунсүрэн бид хоёрын хооронд шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгагдсанаас өөр тохиролцоо байсан тул харилцан ойлголцож эд хөрөнгийнхөө маргааныг шийдвэрлүүлэх боломжтой байхад шүүх энэ боломжийг хязгаарласанд гомдолтой байна...” гэх гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Б.Батбаатарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                   ШҮҮГЧИД                            Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                   Т.ГАНБАТ