Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 17

 

“Хөрх булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, гуравдагч этгээд С.Дэжид, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 679 дүгээр магадлалтай, “Хөрх булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 46 дугаар зүйлийн 46.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хөрх булаг” ХХК-ийн захирал Н.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/391 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 679 дүгээр магадлалаар Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.  

Гуравдагч этгээд С.Дэжид хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийн материалд байгаа нотлох баримтанд тулгуурлан асуудлыг тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Гол маргаан бүхий авто машины зогсоолын зориулалттай 1786 м.кв-ийг “Бөхт” ХХК болон иргэн Саранцэцэг нарын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд тусгагдсан 7949 м.кв газарт багтаж байгаа гэж буруу дүгнэлт гаргажээ. Гэрээний үндэслэл болсон 018 тоот газар эзэмших гэрчилгээний дагуу гэрээ хийгдсэн. Уг гэрчилгээ 1999 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бичигдэж 5424 м.кв гэж ямар ч хүнд ойлгогдохоор тодорхой заасан.

Гэрчилгээний ар дээрх өөрчлөлтийн тухай тэмдэглэлд 2525 м.кв гэж тоогоор нарийвчлан зааж тусгасан бөгөөд энэ гэрчилгээг үндэслэж хоёр тал гэрээ хийсэн, дээрх 018 тоот гэрчилгээний тэмдэглэлд бичигдсэн 2525 м.кв газар нь маш тодорхой байдаг. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 139, 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 86 тоот захирамжаар баталгаажсан газрыг тэмдэглэсэн. Гэрчилгээн дээрх 5424 м.кв газар нь 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бичигдсэн зэргээс харахад 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Дундговь аймгийн Засаг даргын 157 тоот захирамжаар олгосон 1786 м.кв газар нь 2 талын гэрээ байгуулагдсан 7949 м.кв газарт цаг хугацааны хувьд хэмжээний хувьд огт хамааралгүй байхад шүүх алдаатай дүгнэлт гаргасан.

Мөн Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт байгаа газрын хувийн хэргийг шүүгч танилцаж үзэхэд “Бөхт” ХХК-ийн газар шилжүүлэх тухай хүсэлт байгаагүй нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасан заалт зөрчигдсөн байгааг анхаарч үзсэнгүй. Мөн Газрын албаны хувийн хэргийн зураглалд байгаа газрыг хүсэлт гаргаж электрон багажаар хэмжихэд 5355 м.кв болж байна. Энэ нь 1999 онд гэрчилгээ олгохдоо гараар хэмжсэн хэмжээнд ойрхон байгаа юм.

Дээрх хэмжсэн 5355 м.кв газарт аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар олгосон зам талбайн газар ороогүй талаар мэргэжилтэн Б.Туул, Д.Болорчимэг, Т.Саранзул нар шинжээчийн дүгнэлт гаргасан. 1999 оны 018 тоот гэрчилгээг үйлдэхдээ 2005 онд газар нэмж өгнө гэж 6 жилийн өмнөхийг урьдчилан тааж бичээгүй гэдгийг анхаарсангүй. Энэ дүгнэлтийг аль ч тал няцаагаагүй байхад шүүх бүрэлдүүн үнэлээгүй орхисон ингэж анхны газрын эзэмшигч “Бөхт” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөнийг анхаараагүй.

Аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А|391 тоот захирамж Газрын албанд байгаа хувийн хэргийн материалд үндэслэн зөв гарсан байсныг буруутгажээ. “Бөхт” ХХК болон иргэн Ц.Саранцэцэг нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь 7949+1786 буюу 9735 м.кв газар байсан бол маргаангүй байлаа. Харин иргэний хэргүүдээр шат шатны шүүх хоёр тал гарын үсэг зурж баталгаажсан тул гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн бөгөөд газрын тухай маргаан нь захиргааны хэргийн асуудал Засаг даргын захирамжийн талаарх маргаан иргэний хэргийн асуудал биш болохыг зааж өгсөн.

Иймд, бодит байдалд дүгнэлт өгч чадаагүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүйд тооцож хэргийг анхан шатны шүүхэд буцааж бодит байдлыг үнэлүүлж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.3-т заасантай нийцээгүй  байна.

Нэхэмжлэгч “Хөрх булаг” ХХК-ийн захирал Н.Батбаяр нь “Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага” гаргаж, 2008 оны “газар эзэмших эрх шилжүүлэх” тухай 281 дүгээр захирамжийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр, өргөдөлд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа эсэхийг нягтлаагүй, ижил шатны Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, газрын зориулалтыг өөрчлөн нийтийн эзэмшилд шилжүүлсэн зэрэг нь Газрын тухай холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн” гэж маргажээ.

Хариуцагч нь “018 тоот гэрчилгээнд ямар газрууд багтаж байгааг тооцолгүй алдаа гаргасан байсныг залруулсан шийдвэр гаргасан, цаашид маргаан үүсгээд байгаа 1786 м.кв газар болон 20, 40 айлын орон сууцны барилгын 4180 м.кв газрыг иргэд, оршин суугчдын эрх ашгийн үүднээс зориулалтын дагуу нийтийн эзэмшилд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж, гуравдагч этгээдээс “гэрээгээр шилжүүлсэн 7949 газарт ““Бөхт” компанийн хөрөнгөөр тохижуулсан автомашины зориулалтаар олгогдсон 1786 м.кв газар ороогүй, энэ газрыг шилжүүлэх талаар Газрын тухай хуулийн 38.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй” гэсэн тайлбарууд гаргасан байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй “шилжүүлсэн газарт автомашины зогсоолын зориулалттай 1786 м.кв газар орсон, ороогүй” талаар дүгнэхдээ зөвхөн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г авч үзэж, улмаар уг гэрээг хүчин төгөлдөр болохыг шүүх тогтоосон учир “7949 м.кв газарт автомашины тохижуулсан талбайн 1786 м.кв газар ороогүй” гэх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй, шинжээчдийн дүгнэлтийн хавсралт схем зургаар тодорхойлогдсон 5355 м.кв газар нь “Бөхт” компанид анх 1999 оны 018 дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлсэн 5424 м.кв газар болох нь тогтоогоогүй, иймээс 5355 м.кв газарт “зам талбайн газар ороогүй болно гэсэн дүгнэлтийг үнэлэхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хэргийн баримтуудаас үзэхэд, 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр гуравдагч этгээд “Бөхт” компани нь нэхэмжлэгч “Хөрх булаг” компанид газар эзэмших эрхийн 018 дугаар гэрчилгээ мөн “машины зогсоолын тохижуулсан талбай”-г оролцуулан 7949 м.кв газар шилжүүлэхээр тохиролцсон, уг гэрээг 3 шатны шүүх хянаж, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж үзсэн, харин Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “газар эзэмших гэрчилгээ шилжүүлэх тухай” 281 дүгээр захирамжаар “үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180 м.кв, автомашины зогсоолын 1780 м.кв 2 нэгж талбар газрыг “Хөрх булаг” компанид шилжүүлсэн, 1999 оны 018 дугаар “газар эзэмших гэрчилгээ”-гээр баталгаажсан “Бөхт” компанийн 5424 м.кв газар нь үндсэн барилга, граж, склад хашааны 4218 м.кв, тохижуулсан талбайн 1296 м.кв газар болох нь тогтоогдсон, Дундговь аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “газар эзэмших гэрээг шинэчилж, гэрчилгээ олгох тухай” 157 дугаар захирамжийн 12-т “...“Бөхт” компанид өөрийн хөрөнгөөр тохижуулсан талбайг машины зогсоолын зориулалтаар 1786 м.кв газар” гэж заасан, 018 дугаартай гэрчилгээнд заасан “5424 м.кв” газар болон гэрээнд заасан “7949 м.кв” газарт “автомашины зогсоолын зориулалттай 1786 м.кв газар орсон эсэх”, мөн 1999 онд эзэмшүүлсэн “тохижуулсан талбай” гэх 1296 м.кв газар нь 2005 оны 157 дугаар захирамжийн “автомашины зогсоол”-ын 1786 м.кв газартай ямар хамааралтай болох, “Хөрх булаг” ХХК-ийн  эзэмшиж буй газрын байршил, хэмжээг тогтоолгох зэрэг асуудлаар нийт 6 удаа шинжээч томилж, 5 дүгнэлт гаргуулсан байна.

Гэвч, анхан шатны шүүх зөвхөн “гэрээ”-нд  дүгнэлт хийж, улмаар уг “гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг шүүх тогтоосон учир “7949 м.кв газарт автомашины тохижуулсан 1786 м.кв газар орсон” болох үйл баримт тогтоогдсон гэж үзсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 281 дүгээр захирамж, шилжүүлэхийг хүссэн 1999 оны 018 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ” зэргийг үнэлээгүй, шинжээчийн гаргасан 2 дүгнэлтийг “нотлох баримтаас хасуулах” гэсэн гуравдагч этгээдийн хүсэлтийг хэлэлцэж, нэг дүгнэлтийнх нь хувьд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчтэй мэтгэлцсэн учраас “хасахгүй” гэж, нөгөө дүгнэлтийнх нь хувьд “шүүхээс тавьсан асуултад гүйцэд хариулаагүй учир “хасч шийдвэрлэв” гэсэн нь ямар баримтыг хэргийн нотлох баримтаас хасах талаарх хуулийн зохицуулалтыг анхаараагүй, “хассан” гэх дүгнэлтээ үнэлсэн, “үнэлсэн” атлаа “үнэлээгүй” гэж зөрүүтэй бичсэн, хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох баримтуудыг хэлэлцээгүй, үнэлээгүй зэрэг алдаа гаргажээ.

Үүнээс үзвэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг болон 106 дугаар зүйлийн 106.4-т заасан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрийг гаргах тухай заалтыг зөрчсөн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасантай нийцэхгүй болсон байна.

Иймд, “хэргийн бодит байдалд дүгнэлт өгөөгүй, нотлох баримт үнэлээгүй” гэсэн гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 679 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ        

ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ