Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/MA2016/0435

 

Д.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 277 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, Д.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй, Тагнуулын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Энх-Амгалан нь Тагнуулын ерөнхий газарт 2007 оноос эхлэн ажиллаж 2009 онд Үндэсний тагнуулын Академийн тэнхимийн эрхлэгч, хурандаа цолтой ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/804 тоот тушаалаар ажлаас халагдсан. Тушаалд “Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн зөрчил гаргасан нөхцөл байдал, учирч болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан Тагнуулын байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шийтгэлийн аль нэгийг ногдуулах” гэсэн үндэслэлийг дурдсан боловч Тагнуулын байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халсныг бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь хичээл сургалтын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 379 дүгээр захирамжаар баталсан Цэргийн сахилгын дүрмийн 4 дэх болон 7 дахь заалтын дагуу үүргээ гүйцэтгэсэн болно. Д.Энхбат нь сургуулилтын үед архи, согтууруулах ундаа уусан гэж үндэслэлгүйгээр дүгнэлт гаргасан ба энэ үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Тагнуулын Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/804 тоот “Ажлаас халах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү"  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын 016 дугаар бригадын дарга нарын 2015 оны 9 дүгээр сард хамтран баталсан "Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр"-ийн дагуу Тагнуулын ерөнхий газрын зарим албан хаагчид 016 дугаар бригадад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдах явцад буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цагийн орчимд Д.Энх-Амгалан нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн танхимын хичээлд сууж байсан 95 хүнийг гадаа гарган жагсааж, дээрх төлөвлөгөө, удирдамжид тусгаагүй дасгал хийлгэж, 2 хуваан дээш харуулан газарт хэвтүүлж, хүйс хамаарахгүйгээр 40-45 хүнийг тойргоор бие биенийхээ гэдсэн дээр гишгэж гүйхийг тушаасан. Үүний улмаас эмэгтэй албан хаагчид болох Ч.Баясгалан баруун хөхөн дээрээ гишгүүлэн цээжинд нь цус хурж, хөхөрч, тухайн шөнө өндөр хэмд хүрч халуурсан, П.Туул давсаг дээрээ гишгүүлсний улмаас тухайн үед өмдөндөө шээсэн байна. Мөн сургалтад хамрагдаж байсан албан хаагчдын мэдүүлснээр Д.Энх-Амгалан нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдсон. Д.Энх-Амгалан нь "Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр"-т дур мэдэн өөрчлөлт оруулж, эрх мэдлээ хэтрүүлэн Тагнуулын ерөнхий газрын даргын тушаал зөрчиж, намаг туулах аргачлал дасгалыг сургалтад хамрагдсан албан хаагчдаар хийлгэсний улмаас нэр бүхий 2 эмэгтэй албан хаагчийн эрүүл мэндэд гэм хор учирсан, түүнчлэн цэргийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн, бусадтай зүй бусаар харьцсан нь цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Дээрх үйлдлийг ёс зүйн зөрчил буюу сахилгын ноцтой зөрчилд тооцох тул Тагнуулын байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн 5.7.4-т заасны дагуу хурандаа Д.Энх-Амгаланд "тагнуулын албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, цэргийн хурандаа цолыг хураан авах" нь зүйтэй гэж ёс зүйн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дүгнэжээ. Д.Энх-Амгалангийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд чиглэл өгч, Маргаан шалгах, комиссыг томилсон бөгөөд тус комиссын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтэд Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн 3.1.6, 3.1.12, 4.1.2, 5.7.1, Тагнуулын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2.6, 3.1.10, 3.1.18-ыг тус тус зөрчсөн гэжээ. "Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр"-т намаг туулах буюу хэвтэж буй албан хаагчийн гэдсэн дээгүүр гүйх, айдас даван туулах буюу 5 км/ц-ийн хурдтай явж буй танк доогуур мөлхүүлэх зэрэг дасгал ороогүй. Д.Энх-Амгалан нь гаргасан тайлбартаа хөтөлбөр зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн байдаг.  Д.Энх-Амгаланг суралцагчдын ахлагчаар томилсон атал Цэргийн сахилгын дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар Бригадын захирагчийн эрхийг эдэлж, бие бүрэлдэхүүнд тушаал өгөх, хөтөлбөрийг өөрчлөх, сургалт гардан зохион байгуулах шийдвэр гаргах эрхтэй мэтээр ойлгож, уг тушаалыг зөрчсөн. Д.Энх-Амгалан нь 2015 оны 10 дугаар сарын 20-нд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар ротын нийт албан хаагчдын дунд яриа гарсан, мөн автомашинаар хамт Төв аймгийн эмнэлэг явсан Ч.Баясгалан, П.Туул болон Б.Есүхэй, Д.Батмандах зэрэг бусад албан хаагчид түүнээс архи маш их үнэртэж байсан тухай мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар баталсан "Цэргийн цол олгох журам"-ын 4.4-т зааснаар Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4-т "цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсан”, 5-д “гэмт хэрэг үйлдэж, хорих ял  “шийтгүүлсэн" үндэслэлээр цэргийн цолыг хураадаг. Д.Энх-Амгалан нь цэргийн дүрэм сахилгыг удаа дараа зөрчиж, Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар 2009 онд "сануулах", 2013 онд, "сануулах" сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байна. Иймд Д.Энх-Амгалан нь тагнуулын ажилтны өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйлийг зөрчсөн нь тогтоогдож байгаа бөгөөд Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны Б/804 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 277 дугаар шийдвэрээр: Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.5-д заасныг баримтлан Тагнуулын ерөнхий газрын даргын “Албанаас халах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/804 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий Д.Энх-Амгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх намайг 7 үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй байна. Сургалтын хөтөлбөрт дур мэдэн өөрчлөлт, оруулсан гэх зүйлс нь үндэслэлгүй бөгөөд “Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр”-т хичээлийн стандартын 3-т хичээлээр олгох мэдлэг, ур чадвар, дадал дэд сэдэвт цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, жагсаалтын үндсэн арга, техникүүдийг гүйцэтгэх арга, байгалийн болон тактикийн саадыг туулах, цэргийн зэвсэглэл, хамгаалалтын тусгай хэрэгсэл ашиглах, төрөл бүрийн нормативуудыг гүйцэтгэх, дадлага чадвар олгоход чиглэгдэнэ. Мөн 5 дахь заалтад цэргийн ерөнхий бэлтгэл, сургалтыг зохион байгуулах ажиллагааны ерөнхий дараалалд Байгалийн болон тактикийн саад туулах гэсэн хичээл нь уг дасгал сургуулилтад жил бүрийн хөтөлбөрт ордог болохыг баталж байхад шүүх харж үзээгүй. Сургалтын хичээлд хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүн нь өмнө нь цэргийн анхан шатны сургалт, цэргийн хэргийн мэдлэг хичээл сургалтад хамрагдсан цэргийн болон тагнуулын ажилтны тангараг өргөсөн 2-10 жил ажилласан, 18-35 насны цэргийн ахмадаас дээш цолтой жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит түвшин тогтоох бие бялдрын сорил шалгалтад хамрагдаж байсан албан хаагчид юм. Дээрх 2 цэргийн албан хаагчид болох Ч.Баясгалан, П.Туул нь өөрсдөө эхний ээлжинд дасгалыг боловсруулж, дараагийн хүн боловсруулах явцад өөрсдийн хайхрамжгүй байдлаас бэртэл авсан болно. ...Би согтууруулах ундаа огт хэрэглээгүй бөгөөд намайг согтууруулах ундаа хэрэглээгүй гэж баталж байгаа Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын танкийн батальоны захирагч, дэд хурандаа Б.Баяраа, сургалт бэлтгэл хариуцсан ахмад Ц.Батбилэг, дотрын их эмч дэслэгч Г.Ариунболд, сургалтад хамрагдсан а/а Д.Наранцэцэг, а/х С.Мөнхсайхан, д/ч Э.Ганпүрэв, Ц.Нарантуяа а/а Б.Хишигсайхан, д/ч Д.Бадрал, П.Туул, а/х Б.Санчир нарын тодорхойлолт болон хяналтын аппарат дирабир нь 0 заалттай гарсан нь архи уугаагүйг шууд нотолж байхад баримтыг дутуу үнэлсэн, хэргийн материалыг үгүйсгэсэн зэрэг болно. Архи уусан гэх нь нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Байгалийн болон тактикийн саад туулах дасгалыг мөн цэргийн анхан шатны сургалтад хамрагдаж байгаа сонсогчид 2009 оноос хойш хийж гүйцэтгэж ирсэн дасгал юм. ...Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн 5.11 дэх заалт “Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно”, мөн Тагнуулын ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №Б/206 тоот Цэргийн цол олгох тухай тушаалаар хугацаанаасаа өмнө хурандаа цолоор шагнагдсан зэргээс үзэхэд өмнө авагдсан сахилгын шийтгэл хүчингүйд тооцох хугацаа болсон байна. Тагнуулын байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлд зааснаар зөрчсөн үйлдэл байхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож намайг ажил албанд минь эгүүлэн тогтоож өгнө үү. Би тухайн үед архи уугаагүй жагсаал сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу хийлгэсэн болно. Миний бие 2-14 насны хоёр хүүхэдтэй, өөрийн гэсэн орон сууцгүй хөлсний байранд амьдарч, цэргийн албанд 27 жил алба хааж бүх амьдралаа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж тагнуулын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, ажил мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнчээр явж байгаад ажил амьдралаараа бүр мөсөн хохирлоо.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Д.Энх-Амгалан нь “Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/804 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Д.Энх-Амгалан нь цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдсан алба хаагчдад хөтөлбөрт хамрагдаагүй дасгал, сургуулилт хийлгэсний улмаас эмэгтэй албан хаагчдын бие эрхтэн, сэтгэл санаанд хохирол учруулсан, тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, бусадтай зүй бусаар харьцсан зэрэг нь  ёс зүйн ноцтой зөрчилд тооцогдсон” гэж тайлбарлан, маргаж байна.

Шүүх нэхэмжлэгч Д.Энх-Амгаланг дээрх зөрчлүүдэд гэм буруутай эсэхийг  хангалттай шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал,

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын 016 дугаар бригадын захирагч нарын хамтран баталсан “Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр”-ийн Нэг. Хичээлийн стандарт хэсгийн 3-т “байгалийн болон тактикийн саадыг туулах” гэж, Тав. Цэргийн ерөнхий бэлтгэл, сургалтыг зохион байгуулах ажиллагааны ерөнхий дараалал хэсэгт Гуравдугаар шат “Байгалийн болон тактикийн саадыг туулах” гэж тусгагдсан байх ба энэхүү “Байгалийн болон тактикийн саадыг туулах” гэсэн хичээлд ямар, ямар дасгал сургуулилт ордог эсэх, өмнөх жилүүдийн “Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр”-т “намаг туулах аргачлал” гэх дасгал орж байсан эсэх, уг дасгалд эмэгтэй албан хаагчдыг хамруулдаг эсэх зэргийг шүүх шалгаж тогтоолгүйгээр зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн “сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан, хөтөлбөрт “намаг туулах аргачлал” дасгал орж батлагдаагүй, хүнд элемент бүхий дасгал сургуулилт хийлгэхдээ учирч болох эрсдэлийг тооцоолоогүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь учир дутагдалтай байна.

Мөн нэхэмжлэгчийг бусадтай зүй бусаар харьцсан, албаны дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчлийг тогтоолгүй, гагцхүү дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн гэх хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн, Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газарт гаргасан П.Туул, Ч.Баясгалан, Д.Батмандах, Б.Есүхэй нарын тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан бөгөөд дээрх хүмүүсийн тайлбарт хэргийн оролцогч болох хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан нь мөн зүйлийн 44.4-т заасан шаардлага хангагдсан гэж үзэх боломжгүй.

Зүй нь Д.Энх-Амгалан дээрх зөрчлүүдийг гаргасан эсэхийг гэрчийн мэдүүлгээр тогтоох шаардлагатай байсан бөгөөд хавтаст хэрэгт Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчийн орлогч Д.Туулын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар албан бичгээр Д.Энх-Амгаланг согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг танкийн батальоны захирагч дэд хурандаа Б.Баяраа, сургалт төлөвлөлтийн офицер ахмад Т.Батбилэг, дотрын их эмч дэслэгч Г.Ариунболд нар батлаж байгаа тухай мэдэгдсэн байхад зөрүүтэй тайлбар, баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.

Хэдийгээр Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн 5.7.4-т Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан тохиолдолд тагнуулын албанаас халахаар зохицуулсан байх боловч нэхэмжлэгч Д.Энх-Амгаланг ажлаас халах үндэслэл болсон Тагнуулын ерөнхий газрын Ёс зүйн хорооны дүгнэлт холбогдох хууль болон Тагнуулын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэмд нийцсэн, ёс зүйн зөрчил гарсан нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг шалган тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго болно.

Түүнчлэн, хариуцагчаас Д.Энх-Амгалан нь цэргийн дүрэм сахилгыг удаа дараа зөрчиж, Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар 2009 онд "сануулах", 2013 онд, "сануулах" сахилгын шийтгэл тус тус хүлээсэн тул цэргийн хурандаа цолыг хураасан гэж тайлбарлаж байхад эдгээр баримтыг цуглуулаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар баталсан "Цэргийн цол олгох журам"-ын 4.4-т заасан цэргийн хурандаа цолыг хасах үндэслэл бүрдсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН  

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ  

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН