Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01845

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01845

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Гал унтраах 14 дүгээр ангийн урд өөрийн байранд оршин байх, “Яармаг хөнгөн бетон” ХХК /РД:5135435/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, ХХҮСТ 90 айлын орон сууцанд оршин байх, “Хар үжин” ХХК /РД:5376157/-д холбогдох,

 

33,829,762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Хар Үжин” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “бараа худалдах-худалдан” авах гэрээ байгуулсан ба бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 180.3м3 хөнгөн блокыг тус компанид нийлүүлсэн болно. “Хар Үжин” ХХК энэ хугацаанд нь огт төлөлт хийгээгүй тул бид гэрээний дагуу хөнгөн блок нийлүүлэлтээ зогсоож нийт 21,276,580 төгрөгийг нэхэмжилсэн ч төлбөрөө төлөөгүй. Бид тохиролцсон ёсоор дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дугаар заалтын дагуу 10,638,290 төгрөгийн алданги тооцсон болно. Түүнчлэн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дугаарт хуулийн байгууллагаар шийдвэрлүүлсэн тохиолдолд худалдан авагч талын хариуцах зардлуудыг тусгасан бөгөөд өмгөөллийн хөлсөнд “хууль зүйн туслалцаа үзүүлэх” тухай гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 6 хувь буюу 1,914,892 төгрөг нэхэмжилж байна. Иймд гэрээний үүргийг хангуулж тус компаниас үндсэн төлбөр, алданги, хохиролд нийт 33,829,762 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яармаг хөнгөн бетон” ХХК нь “Хар Үжин” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “бараа худалдах-худалдан” авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 180.3 м3 хөнгөн блок буюу 1 м3 блокийг 118,000 төгрөг, нийт 21,276,580 төгрөгийн блок тус компанид нийлүүлсэн. Мөн талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу алданги 10,638,290 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1,914,892 төгрөг, нийт 33,829,726 төгрөгийг хариуцагч “Хар үжин” ХХК-иас  нэхэмжилж байна гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, тайлбараа гарган оролцох болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Хулан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 100 м3 блокийг 1 м3 блокийг 118,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээ байгуулсан, үнийн дүн дээр хариуцагч тал маргахгүй байна. Гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор заасан. Нэхэмжлэгч тал шүүхэд хандсантай холбоотой зардал 1,914,892 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-д заасан заалтыг  үндэслэсэн  гэдэг боловч тийм заалт гэрээнд байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал өмгөөлөгч авах эсэх нь тэдний эрхийн асуудал юм. Заавал өмгөөлөгч авах үүрэгтэй гэсэн зохицуулалт байхгүй учраас өмгөөллийн хөлсийг хариуцагч тал хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгч тал алдангид 10,648,290 төгрөгийн шаардсан байдаг. Энэ алдангийн зарим хэсгийг шаардах үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр эхлээд 100 м3 буюу 11,800,000 төгрөгийн бетон авсан. Үлдэх 80.3 м3 бетоныг талууд амаар тохиролцож авсан. Гэрээнд зааснаар 100 м3 бетон нь 11,800,000 төгрөг ба үүнээс 10 хувийн НӨАТ-ыг хасахад 10,620,000 төгрөг болно. 10,620,000 төгрөгөөс алдангийг тооцоход 5,310,000 төгрөг болно. Уг мөнгийг гэрээний үндсэн төлбөр 21,276,580 төгрөгийн хамт буюу нийт 26,586,580 төгрөгийг төлөх боломжтой гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Яармаг хөнгөн бетон” ХХК нь хариуцагч “Хар үжин” ХХК-д холбогдуулж 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №160728 тоот “Бараа худалдах-худалдан авах гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэлд 21,276,580 төгрөг, алданги 10,638,290 төгрөг, өмгөөллийн хөлс 1,914,892 төгрөг буюу нийт 33,829,762 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан. 

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Яармаг хөнгөн бетон” ХХК нь хариуцагч “Хар үжин” ХХК-иуд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр №160728 тоот “Бараа худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр “Яармаг хөнгөн бетон” ХХК нь нэг м.куб нь 118,000 төгрөгийн үнэ бүхий 100 м.куб хэмжээтэй, стандартын шаардлага хангасан хөнгөн блокыг “Хар үжин” ХХК-д нийлүүлэх үүргийг хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. 

 

Зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан болон уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөн гэрээний дагуу 100 м.куб хөнгөн блок дээр нэмж 80.3 м.куб хөнгөн блокыг хариуцагч “Хар үжин” ХХК нь нэхэмжлэгч талаас хүлээн авч хэрэглэсэн боловч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөөгүй талаар маргаагүй.   

 

Түүнчлэн, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс нийлүүлсэн бараа буюу хөнгөн блок нь ямар нэг доголдолтой байсан эсэх талаар маргаагүй.    

 

Хариуцагч талаас “...бид бичгээр байгуулсан гэрээний дагуу 100 м.куб хөнгөн блок авсан учир 11,800,000 төгрөгөөс алдангийг төлөх ёстой, харин ингэж төлөхдөө гэрээний 2.1-д заасны дагуу НӨАТ-ыг хассан үнээс төлнө”, “...мөн өмгөөллийн хөлсийг бид хариуцахгүй, бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгч талын эрхийн асуудал, тэгээд ч талуудын байгуулсан гэрээнд гэрээний үүргээ зөрчсөн тал өмгөөллийн хөлс төлөх зохицуулалт байхгүй” гэж маргаж байна. 

  

Шүүх дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1/ Хариуцагч “Хар үжин” ХХК нь нэхэмжлэгчээс авсан нийт 180.3 м.куб хөнгөн блокын үнийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №160728 тоот “Бараа худалдах-худалдан авах гэрээ”-ний 2.6-д “худалдан авагч тал гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд үнийн төлөөгүй дүнгийн хоногийн алдангийг 0.5 хувиар тооцно” гэж заасан байх тул гэрээний хариуцлага болох тодорхой хэмжээний алдангийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцнэ.

 

Харин алдангийн хэмжээг багасгаж тооцох нь зүйтэй байна. Учир нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ.

 

Дээр дурдсанчлан 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №160728 тоот “Бараа худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нэг м.куб нь 118,000 төгрөгийн үнэ бүхий 100 м.куб хэмжээтэй, стандартын шаардлага хангасан хөнгөн блокыг “Хар үжин” ХХК-д нийлүүлсэн ба уг үнэд НӨАТ орохыг харилцан тохирсон. 

 

Иймд 100 м.куб хөнгөн блокын үнээс НӨАТ-ыг хасч үлдэх 10,620,000 төгрөгөөс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу тооцоход 5,310,000 төгрөг болно. Уг мөнгийг нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн нийт 180.3 м.куб хөнгөн блокын үнэ 21,275,400 төгрөг болж байх боловч хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний үндсэн төлбөрийг “21,276,580” гэж тодорхойлсон үнийг өөрсдийн тайлбараар зөвшөөрсөн, маргаагүй учир хариуцагч “Хар үжин” ХХК-иас нийт 26,586,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

2/ Зохигчдын хооронд гэрээний талаар маргаан үүсч, маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг буруутай тал төлөхийг бид гэрээний 5.3 дахь заалтаар тохирсон гэж 1,914,892 төгрөгийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талын 1,914,892 төгрөгийн шаардлага нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлоо гаргуулах агуулгатай байна. 

Шүүхээс уг шаардлагыг хангах боломжгүй гэж үзсэн. Учир нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №160728 тоот “Бараа худалдах-худалдан авах гэрээ”-нд 5.3 гэсэн заалт байхгүй, гэрээний талууд үүргээ зөрчсөн тохиолдолд бусдаас хууль, эрх зүйн туслалцаа авсны төлбөрийг буруутай тал хариуцах талаар харилцан тохирсон байдал тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар, иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бусдаас хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигчийн эдлэх эрх буюу боломж учир уг эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг гэрээний үүргээс учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Хар үжин” ХХК-иас 26,586,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Яармаг хөнгөн бетон” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,243,182 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хар үжин” ХХК-иас 290,883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ХАНГАЛ