Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01810

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01810

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 5 дугаар гудамж, 55Б тоотод оршин суух, Боржигин овогт Даваадоржийн Ганцэцэг /РД:те72081067/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, хасбаатар гудамж, 20 дугаар байр, 132 тоотод оршин суух, Хөндлөн овогт Ёндоншаравын Чимгээ /РД:цд61092507/-т холбогдох,

 

7,936,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч Ё.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даваадорж овогтой Ганцэцэг миний бие нь Ёндоншаравын Чимгээд 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1,500 швейцар франк буюу 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай, мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 500 швейцар франк буюу 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай нийт 2,000 швейцар франк буюу 4,000,000 төгрөгийг зээлсэн. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эхний зээл буюу 3,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2 дахь зээл буюу 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүгийн хамт төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэтэл Ё.Чимгээ нь өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө 2,000 швейцар франк буюу төгрөгийг, хүүний 1,600,000 төгрөг 2 сарын хүү буюу 600,000 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээл 2,000 швейцар франк буюу 4,936,000 төгрөгийг түүний хүү 1,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөгийг нийт 7,936,000 төгрөгийг Ё.Чимгээгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ё.Чимгээ шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ё.Чимгээ миний бие нь Д.Ганцэцэгээс 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 27-ны өдөр нийт 2,000 еврог 4 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн болно. Нэхэмжлэлийн шаардлага тавьж байгаа учир хүү болох 600,000 төгрөг төлсөн. Иймд 6,782,000 төгрөг төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Ёндоншарав овогтой Чимгээ миний бие нь Даваадорж овогтой Ганцэцэгээс 2,000 швейцар франкыг  2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр болон 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,500 болон 500 швейцар франкаар авч хүүг 10 хувиар бодож 4 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтэрсэн хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болно. Зээлийн гэрээг бичгээр хийсэн. Нэхэмжлэгч Д.Ганцэцэгийн нэхэмжилж байгаа 7,936,000 төгрөг буюу 3,215 Швейцар франкыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны дотор төлж барагдуулна гэжээ.  

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганцэцэг нь хариуцагч Ё.Чимгээд холбогдуулж 7,936,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7,936,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээ болон тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ё.Чимгээ нь нэхэмжлэгч Д.Ганцэцэгийн 7,936,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Чимгээгээс 141,926  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ХАНГАЛ