Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

 

 

 

   2022          03          17                                     2022/ШЦТ/213

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Ч.Батбаатар,

Хохирогч: Д.Э-,

Шүүгдэгч: А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000500083 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Б- нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд замд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын орчим “Тоёота акуа” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б- шүүх хуралдаанд: “...Би 12 дугаар сарын 31-ний өдөр хадам ээжийнхээ машиныг унаад торт, дарс авчхаад буцаад ажилдаа явах гээд яаруу явж байсан. Нэгдүгээр эгнээний зам мөстсөн, гулгаатай байсан. Хажуу талын машин огцом тоормослоход цаанаас нь хүн гарч ирээд машин гулгаад санамсар болгоомжгүй осол гаргаж мөргөсөн. Тэгээд мөргөсний дараа гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Хамт Батбаатар гэх хүн явж байсан бөгөөд гэмтлийн эмнэлгийн гадаа очоод “мөнгө өгчих, тэгээд явчих” гэж хэлсэн. Энхбаатар ах миний хөл эвгүй байна гэхээр нь рентген зураг авахуулж, эмчид үзүүлж байх хооронд эмнэлгийн гадаа Батбаатар гэх хүнтэй уулзахад 500.000 төгрөг өгчих гэсэн бөгөөд надад бэлэн байсан 440.000 төгрөгийг өгсөн бөгөөд би төрсөн ах нь байгаа юм одоо гомдол саналгүй гэж хэлсэн. Энхбаатар ахад ор хөнжлийн даавуу зэргийг авч эмнэлэгт хэвтүүлчхээд явсан. Маргааш нь ар гэрээс нь дуудаж очиж уулзахад Батбаатар гэх хүн ямар ч хамааралгүй, хамт архи ууж байсан хүн гэж хэлсэн. Хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлыг төлж байсан. Сүүл дахиад эмнэлэгт хэвтсэн төлбөрийг мөн төлсөн” гэв.

Хохирогч Д.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний орой гэрээсээ гараад Барс худалдааны төв рүү Батбаяр гэх хамт ажилладаг хүнтэй явж байгаад машинд мөргүүлсэн. Тухайн үед ухаан алдаж унасан байхад жолооч Б- нь гэмтлийн эмнэлэг рүү авч явсан байсан. Тухайн үед ухаан санаа муу байсан. Батбаяртай мөнгө төгрөг өгч авалцсан талаар мэдээгүй. Ослын улмаас дунд чөмөг толгойгоороо хугарсан. Очсон өдрөө хагалгаанд орж, хадуулсан. Эмнэлгээс гараад идээлээд нийт 3 удаа хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэгт 2 сар хэвтсэн. Тэгээд хувийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Одоо хөл бүрэн эдгэрээгүй, идээлээд байгаа. Эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэмтлийн эмнэлгийн 180.000 төгрөг төлөгдөөгүй гэж над руу залгаж байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Хөдөлмөрийн чадвар алдсан төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийн хэмжээг хэлж мэдэхгүй байна. Хөлөө бүрэн эдгээж авмаар байна” гэв.

Хохирогч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Барс зах орох зорилгоор найз Батбаярын хамт Барс захын хойд талын явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд зам гарч байсан. ...зам бүрэн гарч дуусаж байтал баруун талаас цайвар өнгийн автомашин ирж мөргөөд би газарт унасан. Машин зогсоод жолооч нь бууж ирээд намайг сугадаад машиндаа оруулаад гэмтэл хүргэж өгсөн. ...Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна, би ажлаа хийгээд 450.000-500.000 төгрөгийн цалин авдаг. ...Би цаашид удаан хугацаанд хэвтэрт байх бөгөөд 3 жил орчим болох учир 3 жилийн цалин болох 15.000.000 төгрөг болон эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний орой манай хүргэн Б- гарчихаад ирье гээд миний эзэмшлийн ... улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Тэгээд гарсаны дараа Барс захын харалдаа явж байгаад хүн мөргөчихлөө гэсэн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирогчийг эмнэлэгт хэвтсэнээс хойш авчир гэсэн юмыг нь бүгдийг нь авч өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 25, 28/,

Шинжээчийн 1332 тоот дүгнэлтэд: “...Д.Э-ын биед зүүн дунд чөмөгний доод 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 43-45/,

Мөрдөгчийн 125 дугаар магадалгаанд: “...Жолооч А.Б- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Э- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хх-н 57/,

Яллагдагчаар А.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...гэнэт хурдаа хасаад огцом зогсох үед урдуур нь зорчих хэсгийн хойд талаас явган хүний гарцаар 2 эрэгтэй хүн гуйваад алхаад ороод ирсэн. Би хараад тоормос гишгэсэн боловч зам халтиргаатай байсан учир урд талд нь явж байсан хүнийг мөргөөд цааш яваад зогссон” гэсэн мэдүүлэг /хх-н 74/,  

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-11/, хохирлын баримтууд /хх-н 20-21/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37, 61-67/, техникийн шинжээчийн 7131785 дугаар дүгнэлт /хх-н 50-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч А.Б- нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд замд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын орчим “Тоёота акуа” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Э-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Б-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч А.Б-ий үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Б- нь хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.Б- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул иргэний хариуцагч Ц.О нь хохирол, хор уршгийг арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал болон эмнэлэгт хэвтсэн төлбөрүүдийг төлсөн харин хохирогчийн тэргэнцэр, таяг авсан гэх 420.000 төгрөгийг төлөөгүй тул шүүгдэгч болон иргэний хариуцагч Ц.Оаас  420.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-ад олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Д.Э- нь ажилгүй байсан хугацааны мөнгө болон цаашид эмчилгээ хийлгэх төлбөрөө шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй хавтаст хэрэгт хохирлын талаар баримт авагдаагүй. Мөн хохирогч нь ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилсэн ба нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх нь тогтоогдохгүй байх тул хохирогч Д.Э- нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч А.Б-ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-, иргэний хариуцагч Ц.О нараас  420.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-ад олгосугай.
  6. Хохирогч Д.Э- нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР