| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01060/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00936 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00936
| 2017 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/00936
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамж, 13 дугаар байр, 12 тоот хаягт оршин суух, Их хойд овогт Тавхайгийн Баатар /РД:ЧЛ35031571/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Боржигон овогт Намсрайгийн Цолмон /РД: СП73061108/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Цолмонд холбогдуулан 172.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Н.Цолмон нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54-29 тоот хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Н.Цолмонгийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Н.Цолмонг эрэн сурвалжлах шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Баатар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Н.Тайванбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 8 дугаар хороонд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03518 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон гэж дүгнэн Т.Баатарын нэхэмжлэлтэй Н.Цолмонд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 172.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Н.Цолмон нь дээрх шүүгчийн захирамжаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.
Иймд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, 29 тоот хаягт оршин сууж байсан Боржигон овогт Намсрайн Цолмон /РД:СП73061108/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, 29 тоот хаягт оршин сууж байсан Боржигон овогт Намсрайн Цолмон /РД:СП73061108/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Н.Цолмонг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч Т.Баатар /утас:88750339/-т мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ