Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Ц.Роза,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 20 оны .. дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сүхбаатар аймгийн ******* сумын *******ийн дугаар дамжааны оюутан, ам бүл , эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын …. дугаар багийн “*******” гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******, *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах Сүхбаатарын талбайд хохирогч ын гээгдүүлсэн “Samsung A-10” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 380,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  • Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сүхбаатарын талбай дээрээс гар утас олсон. Утсыг эзэнд нь буцааж өгсөн...гэв.

 

  • Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах спорт заалны хажуу талд “Корона” вирусийн шинжилгээ өгөөд Сүхбаатарын талбайгаар явж байхад Сүхбаатарын хөшөөний зүүн хойд талын сандал дээр бор хүрэн өнгөтэй зүйл байхыг харсан. Тэгээд очоод үзэхэд гар утас байсан. Эзэн нь ойр хавьд байж магадгүй гээд харахад байхгүй байхаар нь аваад халаасандаа хийгээд гэртээ очсон. Бор хүрэн өнгийн гэртэй, хар өнгөтэй, шилэн наалттай, “Samsung А-10” загварын гар утас байсан...” гэх,

 

  • Хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг 20 минутын орчимд ******* сумын төвд байрлах Сүхбаатарын талбайн хөшөөний зүүн хойд талын сандал дээр өөрийн цүнхнээсээ охин д мөнгө авч өгөх гээд цүнх нь доторх  эд зүйлсээ гаргаад сандал дээр гарахдаа өөрийн эзэмшлийн “Samsung А-10” загварын гар утсаа гаргаж тавиад мартаж явсан. Гэр рүүгээ явж байхдаа гэнэт гар утсаа байхгүй байгааг санаад буцаад Сүхбаатарын талбайн сандал руу очиход миний гар утас байхгүй байсан. Тэгээд өөрийн гар утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Би цагдаагийн байгууллагад тухайн гар утасныхаа имай кодыг шалгуулах хүсэлтэй байгаа юм. Миний гар утас хүрэн бор хавтсан гэртэй, “Samsung А-10” загварын, хар өнгөтэй, шилэн наалттай, дэлгэц ажиллагаа хэвийн ямар нэгэн сэв зураас байхгүй...” гэх мэдүүлгүүд,

 

  • Үүрэн холбооны “Мобиком Корпораци” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4/5731 дугаартай албан бичгээр ирүүлсэн 355682113791954 кодтой утсанд ашигласан дугаар эзэмшигчийн мэдээлэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаартай “Эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /хх 6 дугаар хуудас/

 

  • Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 8-10 дугаар хуудас/

 

  • Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11 дүгээр хуудас/

 

  • Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2103295 дугаартай “...Samsung A-10” маркийн гар утас, кэйс, юнителийн сим карт 380,200 төгрөг....” гэх шинжээчийн дүгнэлт /хх 25-36 дугаар хуудас/,

 

  • Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 58 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын насыг тоолсон тэмдэглэл /хх 59 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 56 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 53-54 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******ын Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 55 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны “******* нь тус сургуулийн автомашин засварын мэргэжлийн 2-р ангид шинээр элсэн суралцаж байгаа” гэх  тодорхойлолт /хх 57 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******т хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл, түүний хүсэлт /хх 60 дугаар хуудас/

 

  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаартай тогтоол, 101 дугаартай санал /хх 66-69 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах Сүхбаатарын талбайн сандал дээр хохирогч ын гээгдүүлсэн “Samsung A-10” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 380,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Сүхбаатарын талбайгаар явж байхад Сүхбаатарын хөшөөний зүүн хойд талын сандал дээр бор хүрэн өнгөтэй зүйл байхыг харсан. Очоод үзэхэд гар утас байсан. Эзэн нь ойр хавьд байж магадгүй гээд харахад байхгүй байхаар нь аваад халаасандаа хийгээд гэртээ очсон. Бор хүрэн өнгийн гэртэй, хар өнгөтэй, шилэн наалттай, “Samsung А-10” загварын гар утас байсан...” гэх,

хохирогч ын “...Гэр рүүгээ явж байхдаа гэнэт гар утсаа байхгүй байгааг санаад буцаад Сүхбаатарын талбайн сандал руу очиход миний гар утас байхгүй байсан. Тэгээд өөрийн гар утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Миний гар утас хүрэн бор хавтсан гэртэй, “Samsung А-10” загварын, хар өнгөтэй, шилэн наалттай, дэлгэц ажиллагаа хэвийн ямар нэгэн сэв зураас байхгүй...” гэх мэдүүлгүүд,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг,  Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2103295 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

“Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.

 

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

Шүүгдэгч *******ын бусдын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр байж авсан үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний дээр дурдсан шинжийг бүхэлд нь агуулах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн гээгдүүлсэн гар утсыг авч өмчлөгчийн өмчлөх эрхэд санаатай хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч *******ын хохирогч ын 380,200 төгрөгийн үнэлгээтэй “Samsung A-10” маркийн гар утсыг завшсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ын хохирогчийн гудамжинд гээгдүүлж, хаягдсан гар утсыг санамсаргүй байдлаар олж авсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд *******т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******т хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон байна.

Тухайлбал, шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай ба түүний бусдын гээгдэл гар утсыг авч завшсан үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, завшсан гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгч хохирлыг бүрэн барагдуулсан хийгээд түүний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Сүхбаатар аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн авто засварын ангийн 2 дугаар курст суралцдаг, цалин орлогогүй нөхцөл байдлыг үндэслэн ялаас чөлөөлсөн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байгааг дурдъя.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ………….. *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НАСАНБУЯН