| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0183/э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Ханджав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19… оны … дүгээр сарын …-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, … настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., нөхөр, … хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, РД:*******, *******,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн Худалдааны гудамжинд хохирогч *******ийн гээгдүүлсэн “Hyuwei Y6” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж, бага хэмжээнээс дээш буюу 333,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр мэдүүлэг өгөхгүй гэв.
- *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: Би 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр машин угаалгын газар ажиллаж байхдаа грашийн ард талаас шар өнгийн гадаргүй “Huawei” маркийн гар утас олсон. Тухайн үед би ганцаараа байсан. Тэр утсыг аваад гэртээ ороод кодыг нь 1-6 гээд хийхэд код нь тайлагдсан. Гар утсыг гэртээ байлгаж байхад манай урд талын айлын гэх манай охин ийн ангийн хүүхэд орж ирээд надаас “гар утсаа өгч байгаа ч, утсаар ярих гэсэн юм” гэхээр нь би “надад илүү утас байгаа, чи энэ утсыг аваад барьчих” гээд охинд олсон шаргал өнгийн “Huawei” маркийн гар утсыг өгсөн. Тэгээд дараа нь руу цагдаагаас ярьсан гэж байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод утсыг нь аваад цагдаад аваачиж өгсөн...” /хх 55-56 дугаар хуудас/ гэх,
- Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2021 оны 07 дугаар сарын 29-ний шөнийн 23 цагийн үед ******* сумын иргэн гэх айлд очиж архи уугаад унтсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед сэрэхэд миний унтаж байсан орны хажууд миний утас цэнэглэгчид залгаатай байсан. Тэндээ 2 савтай 2.5 литрийн пиво уугаад халсан байсан. Тэгээд унтаад сэрэхэд намайг манай гэрт , , нар хүргэж өгсөн байсан. Гэртээ сэрэхэд миний утас байгаагүй. 2019 онд худалдаж авсан. Huawei Y6 маркийн шаргал өнгийн, арын таг нь савхин материалтай, улбар шар өнгийн хавтсан кейстэй, ямар ч сэв зураасгүй утас байсан... /хх 19 дүгээр хуудас/ гэх,
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн Худалдааны гудамжинд хохирогч *******ийн гээгдүүлсэн “Hyuwei Y6” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж бага хэмжээнээс дээш буюу 333,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...машин угаалгын газар ажиллаж байхад грашийн ард талаас шар өнгийн гадаргүй “Huawei” маркийн гар утас олсон. Тэр утсыг аваад гэртээ ороод кодыг нь 1-6 гээд хийхэд код нь тайлагдсан. Манай урд талын айлын гэх манай охин ийн ангийн хүүхэд орж ирээд надаас “гар утсаа өгч байгаа ч, утсаар ярих гэсэн юм” гэхээр нь би “надад илүү утас байгаа, чи энэ утсыг аваад барьчих” гээд гэх охинд хэлж, олсон шаргал өнгийн “Huawei” маркийн гар утсыг өгсөн...” гэх,
хохирогч *******ийн “...Гэртээ сэрэхэд миний утас байгаагүй. 2019 онд худалдаж авсан. Huawei Y6 маркийн шаргал өнгийн арын таг нь савхин материалтай улбар шар өнгийн хавтсан кейстэй, ямар ч сэв зураасгүй утас байсан...” гэх,
насанд хүрээгүй гэрч гийн “уг утсыг надад манай ангийн гэдэг хүүхдийн ээж ******* гэдэг хүн өгсөн. Намайг тэр утсыг авахад дотор нь ямар ч файл байгаагүй. Тэгээд би шинэ утас юм болов уу гэж бодсон” гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 2103227 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
“Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.
Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.
Шүүгдэгч *******ийн бусдын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр байж авч, бусдад дамжуулсан үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний дээр дурдсан шинжийг бүхэлд нь агуулах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын хаягдаж гээгдүүлсэн гар утсыг авч өмчлөгчийн өмчлөх эрхэд санаатай хохирол учруулсан байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч *******ийн 333,000 төгрөгийн үнэлгээтэй “Huawei Y-6” маркийн гар утсыг завшсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Хохирогч *******ийн “Hyuwei Y6” маркийн гар утсыг хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” 2103192 дугаартай дүгнэлтээр 330,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч *******т учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч *******ийн “...Цагдаагийн байгууллагаас миний гар утсыг олж тогтоон 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надад хүлээлгэж өгсөн. Миний гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан” /хх 22/ гэх мэдүүлэг, шүүхэд “надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэх утсаар мэдэгдэх хуудас зэргээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн хохирогчийн гудамжинд гээгдүүлж, хаягдсан гар утсыг санамсаргүй байдлаар олж авсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч ******* гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд *******т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” ,
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******т хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон байна.
Тухайлбал, шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай ба түүний бусдын гээгдэл гар утсыг авч завшсан үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, завшсан гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгч хохирлыг бүрэн барагдуулсан хийгээд түүний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тогтмол ажил эрхэлдэггүй, цалин орлогогүй нөхцөл байдлыг үндэслэн ялаас чөлөөлсөн нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарах, нийцэж байгааг дурдъя.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч …………..*******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч *******т учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН