| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01680/И |
| Дугаар | 102/ШШ2017/01789 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/01789
| 2017 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/01789 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт дамдинбазар гудамж, 60 дугаар байр, 100 тоотод оршин суух, Бэгзийн Төмөрбаатар /РД:ча60112571/-т холбогдох 1,147,755 төгрөг гаргуулахыг хүссэн “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Юнител” ХХК, Б.Төмөрбаатар нар харилцан тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 89051125 дугаарт S6 EDGE /color-black/ маркийн гар утсыг /IMEI code:359521063234266/ 12 сарын хугацаатай /2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар/ хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 11 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд 89051125 дугаар сарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 765,170 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 382,585 төгрөг, нийт 1,147,755 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Юнител” ХХК-иас Б.Төмөрбаатарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч үндсэн төлбөр болох 765,170 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр барагдуулсан тул “Юнител” ХХК алданги болох 382,585 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь Б.Төмөрбаатарт холбогдуулж 1,147,755 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Төмөрбаатар “Юнител” ХХК-д 765,170 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний тооцооны хуудсаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс алданги буюу үлдэх 382,585 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Юнител” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,147,755 төгрөгийн 382,585 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан ба хариуцагч Б.Төмөрбаатар үлдэх 765,170 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,096 төгрөгөөс 11,457 төгрөгийг Улаанбаатар хотын банкин дахь Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 11,457 төгрөгийг хариуцагч Б.Төмөрбаатараас гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ