| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00533/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00987 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00987
2017 оны 4 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2017/00987 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, Уулзвар төв, 304 тоот хаягт байрлах, Зеродефект ХХК /РД:5222109/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 55.684.374 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, хариуцагчийн төлөөлөгч С.Очирбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зеродефект ХХК нь Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 6 дугаар сарын шимтгэлийн төлөлтийн тайлангаар 37.122.916 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 10 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцон, итгэлцлийн журмаар ажилласан боловч тохирсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 37.122.916 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 18.561.458 төгрөг, нийт 55.684.347 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 18.561.458 төгрөгийг 15.561.458 төгрөгөөр багасгаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37.122.916 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алдангид 3.000.000 төгрөг, нийт 40.122.916 төгрөгийг хариуцагч Зеродефект ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Зеродефект ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 37.122.916 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 18.561.458 төгрөг, нийт 55.684.347 төгрөг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алдангиас 15.561.458 төгрөгийг багасгаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37.122.916 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алдангид 3.000.000 төгрөг, нийт 40.122.916 төгрөгийг хариуцагч Зеродефект ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулийн дагуу чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Зеродефект ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 358.565 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Зеродефект ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг 15.561.458 төгрөгөөр багасгаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37.122.916 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 3.000.000 төгрөг, нийт 40.122.916 төгрөгийг хариуцагч Зеродефект ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 358.565 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ