Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01020

 

 

2017 оны 4 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01020

 

 

 

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 170 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Намсрайжавын Одхүү /РД:ХЙ65110714/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон, Москвагийн гудамж, 45б байр, 86 тоот хаягт оршин суух, Урианхай овогт Аюурзанын Баясгалан /РД:ПЮ71090402/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үлдэгдэл төлбөр болон алдангид 7.808.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Баясгалан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлээр бараа бөөнөөр худалдах, худалдан авахаар тохиролцон нийт 7.500.000 төгрөгийн үнийн дүнтэй Солонгос улсад үйлдвэрлэгдсэн хүүхдийн хувцас хүлээн авсан ба гэрээний дагуу төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохирсон. Мөн төлбөрийн үлдэгдэл 6.008.000 төгрөгийг төлөхөөр 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцон баримт үйлдэж нотариатаар батлуулсан. Иймд хариуцагчаас нийт 7.808.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш А.Баясгалан нь 3 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг дансаар төлсөн бөгөөд алдангид 3.000.000 төгрөг тооцохгүйгээр хариуцагчаас 4.147.900 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 500.000 төгрөг, 6 дугаар сард 500.000 төгрөг, 7 дугаар сард 1.000.000 төгрөг, 8 дугаар сард 1.000.000 төгрөг, 9 дүгээр сард 1.147.900 төгрөгөөр тус тус авахаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Түмэнбаяр, А.Баясгалан нарын хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээ нь миний хүсэл зоригийн дагуу байгуулагдсан тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Одхүү нь хариуцагч А.Баясгалангаас 7.808.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Баясгалан нь 3 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг дансаар төлсөн бөгөөд нэхэмжлэгч алдангид 3.000.000 төгрөг тооцохгүйгээр хариуцагчаас 4.147.900 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 500.000 төгрөг, 6 дугаар сард 500.000 төгрөг, 7 дугаар сард 1.000.000 төгрөг, 8 дугаар сард 1.000.000 төгрөг, 9 дүгээр сард 1.147.900 төгрөгөөр тус тус авахаар харилцан тохирч эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.900 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, зохигчийн эвлэрсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н.Одхүүгийн нэхэмжлэлтэй А.Баясгаланд холбогдох 7.808.000 төгрөг тухай иргэний хэрэгт хариуцагчаас 3 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч нь алдангийн 3.000.000 төгрөгөө багасгаж, үлдэх 4.147.900 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 5 дугаар сард 500.000 төгрөг, 6 дугаар сард 500.000 төгрөг, 7 дугаар сард 1.000.000 төгрөг, 8 дугаар сард 1.000.000 төгрөг, 9 дүгээр сард 1.147.900 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.900 төгрөгийн 50 хувь болох 69.950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч А.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 48.658 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ