Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

 

 

 

        

   2022        03           09                                      2022/ШЦТ/83

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Д-ид холбогдох эрүүгийн 2238000000062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Д.

Шүүгдэгч О.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс 5 дугаар багт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Х.Б-г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, зүүн хацарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      Шүүгдэгч О.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс 5 дугаар багт хохирогч Х.Б-г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн хацарт сорви” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...айлд очиж унтах санаатай явж байгаад миний хоёр хөл явж болохгүй унах гээд байхаар нь төв дэлгүүрийн хойно байрлах “Мөнгөн бэлтэс” гэх дэлгүүрийн баруун талд хашаа налаад сууж байсан чинь хоёр явган хүн ирэхээр нь харсан чинь нэг нь манай нутгийн О.Д- ах нэг танихгүй хүнтэй байсан. Тэгээд О.Д- ах намайг бос пизда минь гэхээр нь би босоод явж чадахгүй байна гэж хэлээд сууж байтал О.Д- ах миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би бариад авах санаатай босоод хальт барьж аваад буцаад газарт унасан. Тэгээд О.Д- ах дахиад намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Гэхдээ миний нүүрнээс өөр газар хүрээгүй. ...О.Д- ахтай таарахаас өмнө Ш-, Э- гэх хоёр найзтайгаа архи ууж байгаад Ш-гийн эхнэр ирээд бид гурав салсан. Өөр хүнтэй таарч архи ууж маргалдсан зүйл байхгүй. ...Би аймгийн эмнэлгээр явж 300.000 төгрөг зарцуулсан. Надад О.Д- ахаас эмчилгээнд 125.000 төгрөгийг Баянзүрх суманд байхад өгсөн. Мөрөн суманд байхад мөн 100.000 төгрөг өгсөн. Одоо 200.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 17, 20 дугаар хуудас/,
  • Гэрч П.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...багцаагаар 12 цаг өнгөрч байхад Баянзүрх сумын төв дэлгүүрийн хажуугаар хойшоо гудамж өгсөөд явж байхад “Мөнгөн бэлтэс” дэлгүүрийн хашааны баруун талд хашаа түшээд хар өнгийн куртиктэй ганцаараа явж байхад нь эхлээд танихгүй хажуугаар нь гарахад миний нэрийг дуудаад байхаар нь би хэн байна гэж бодоод очоод үзтэл Х.Б- зодуулсан байдалтай явж байсан. Би яасан, юу болсон гэж асуухад хүнд зодуулчихлаа гэж байсан. Тэгэхээр нь би гарнаас нь түшиж цааш нь авч яваад сумын хойно байрлалтай айлд хүргэж өгсөн. Тэр айлыг би сайн танихгүй хашааны үүдэнд хүргэж өгөөд гэр рүүгээ явсан. Анх намайг тааралдахад Х.Б- хөл дээрээ явж чадахгүй муу байсан. Өмсөж явсан хар өнгийн күртик нь ханцуй болон энгэр хэсгээрээ цус болсон байсан. Өөрт нь их зовиуртай байх шиг байсан. Нүүр нь хавдаж хөхөрсөн, хамар болон нүүрний хэсгийн шалбарсан хэсгийн цус нь тогтсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байх би Алтраг талаас төв дэлгүүрийн чиглэлд явж байхад “Мөнгөн бэлтэс” дэлгүүрийн баруун талд Х.Б- ганцаараа хашааны хажууд завилсан сууж байсан. Тэгээд би очоод хартал Х.Б-гийн хамар болон нүдний доор шалбарсан хэсгээс цус гарч байсан. Би хүнээс алчуур аваад нүүрийг нь цэвэрлэж өгөөд эртхэн харьж амар гэж хэлээд цаашаа явсан. ...би Х.Б-гээс хэнд зодуулсан юм гэж асуухад хэнд зодуулсан талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нямбаяр гэх айлд очоод иргэн Х.Б-г үзтэл ...нүүр хэсэг болон хоёр нүд нь хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаартай: “...Х.Б-гийн биед зүүн хацарт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Х.Б-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...би согтуу гэрээсээ гараад Баянзүрх сумын төв орж ирээд Х.Б-тэй “Мөнгөн бэлтэс“ дэлгүүрийн гадаа тааралдаад маргалдсан.. Тэр үед яагаад Х.Б-д гар хүрсэн талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн

судлав. Үүнд:

  • Шүүгдэгч О.Д-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх-ийн 50, 52 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Д-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.Б-, шүүгдэгч О.Д- нар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 54х/ байгуулж, “...эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эм тарианы зардалд 125.000 төгрөг төлсөн. ...бид хоёр хоорондоо эвлэрч, эе эвийн эрхэмлэн энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч О.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч О.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 63х/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ид оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Д-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР