| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00883/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01195 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01195
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01195
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж, 61 дүгээр байр, 34 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ЖЬ61121775, 55 настай, эрэгтэй, Бичээч овогт Энхээгийн Энхболдын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985-2005 онд Дорнод аймагт, Улсын шүүх эмнэлгийн төвд шинжээч эмчээр ажиллаж байсан. Улсын архивт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Шүүх эмнэлэгт шинжээч эмчээр ажиллаж байсан тушаалууд олдохгүй байна. Иймд намайг 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шүүх Эмнэлгийн Магадлах Товчоонд шинжээч эмчээр, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн төвд шинжээч эмчээр, 2003 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвд шинжээч эмчээр, 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд шинжээч эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхболд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд амьдардаг болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолтоор нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан тушаал бүрэн биш байгаа нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч Э.Энхболд нь 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шүүх Эмнэлгийн Магадлах Товчоонд шинжээч эмчээр, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн төвд шинжээч эмчээр, 2003 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвд шинжээч эмчээр, 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд шинжээч эмчээр ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Анагаах Ухааны Дээд сургуулиас 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр олгосон 025969 тоот нийгмийн даатгалын дэвтэр, түүний үргэлжлэл, Шүүх Эмнэлгийн Магадлах Товчооны даргын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13 тоот Ажил дүгнэж шагнах, тасгийн эрхлэгчид томилох, хавсруулан ажиллах, ажлын хөлсний тухай тушаал, Шүүх Эмнэлгийн Магадлах Товчооны даргын 1995 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот Шинжээчийн зэргийн нэмэгдэл тогтоох, цалинг нэмэх тухай тушаал, Шүүх Эмнэлгийн Магадлах Товчооны даргын 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот Ажилчдын ээлжийн амралт батлах, комисс томилох тухай тушаал, Шүүх Эмнэлгийн Магадлах Товчооны даргын 1995 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 10 тоот Улирлын урамшуулалт цалинг олгох тухай тушаал, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн төвийн захирлын 2001 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 52 тоот Цалингийн сүлжээний зэрэглэлийг шинээр тогтоох ба 2 дугаар хагас жилд амрах ажилчдын хуваарийг батлах тухай тушаал, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн төвийн захирлын 2002 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 тоот Мөнгө хасах тухай тушаал, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн төвийн захирлын 2002 оны 8 дугаар сарын 06-н өдрийн 69 тоот Зарим хүмүүст арга хэмжээ авах тухай тушаал, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн төвийн захирлын 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 104 тоот Тасгийн эрхлэгч томилох тухай тушаал, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн төвийн захирлын 2001 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот Зарим хүмүүст арга хэмжээ авах тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот Захиргааны зөвлөлийн гишүүд болон тасгийн эрхлэгч нарыг томилох тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09 тоот Хариуцлагатай эргүүл томилох тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот Журам тогтоох тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот Комисс байгуулах тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 29 тоот Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 30а тоот Амьсгалын цочмог хам шинж өвчин гарсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 33 тоот Арга хэмжээ авах тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 44 тоот Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 50 тоот Орлогын мөнгө хуваарилах тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 67 тоот Арга хэмжээ авах тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 77 тоот Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2004 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 тоот Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2004 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17 тоот Үнэлгээний дагуу цалин олгох тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2004 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 34 тоот Арга хэмжээ авах тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2004 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 47 тоот Арга хэмжээ авах тухай тушаал, Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвийн даргын 2005 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот Мэргэжлийн зэргийн нэмэгдэл болон хавсран ажилласны мөнгө олгох тухай тушаал, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвийн захирлын 2005 оны 9 дүгээр сарын 13-н өдрийн 54 тоот Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах, буцалтгүй тусламж олгох, тэтгэвэрт гаргах тухай тушаал, гэрч П.Энхболдын Би 1987 онд Шүүх эмнэлэгт ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа. Э.Энхболд 1994 онд Шүүх эмнэлэгт шинжээч эмчээр ажилд орсон. Бид шүүх эмнэлэгт 10 гаруй жил хамт ажилласан гэсэн мэдүүлэг, гэрч У.Сарангэрэлийн Би Шүүх эмнэлэгт 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бичээчээр ажилд орсон. Э.Энхболд 1994 онд шинжээч эмчээр ажилд орсон. Би одоог хүртэл Шүүх эмнэлэгт ажилладаг бөгөөд Э.Энхболдыг ажлаас гарах хүртэл хамт ажилласан гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан талаарх баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Э.Энхболдыг 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шүүх Эмнэлгийн Магадлах Товчоонд, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн төвд, 2003 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвд, 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд тус тус шинжээч эмчээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Бичээч овогт Энхээгийн Энхболд /РД:ЖЬ61121775/-ыг 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шүүх Эмнэлгийн Магадлах Товчоонд шинжээч эмчээр, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн төвд шинжээч эмчээр, 2003 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Улсын Шүүх эмнэлгийн Магадлах төвд шинжээч эмчээр, 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд шинжээч эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ.