Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

            иргэдийн төлөөлөгч Б.Дэлгэрмэнд,

улсын яллагч Ж.Энх-Амгалан /томилолтоор/,

шүүгдэгч Н.Алтантүлхүүр, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /ҮД:0-234/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөхцагаан овогт Нямдоржийн Алтантүлхүүрт холбогдох 201626010686 дугаартай, 188/2016/0033/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо Баянголын 15-06 тоотод оршин суух,

1. 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 403 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан,

2. 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөн шүүхийн 432 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

3. 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 414 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,

4. 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөн шүүхийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

5. 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 259 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Бөхцагаан овогт Нямдоржийн Алтантүлхүүр /РД:ЧЙ82073011/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н.Алтантүлхүүр нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтайд тооцогдох хугацаандаа 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед Х.Гантөмөрийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 2-48 дугаар байрны орц руу орж явахад нь самсунг нөт2 загварын 255,000 төгрөгийн үнэтэй гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Алтантүлхүүрийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 2-48 дугаар байрны тэр хавьд би Гантөмөр болон танихгүй хэдэн хүмүүстэй хамт архи уусан юм. Тэгээд бид нар миний утсыг дэлгүүрт тавиад архи авч уугаад тэгээд салцгаая гэсэн бөгөөд өдөр 15 цагийн үед бид нар архиа ууж дуусаад гэр гэртээ харицгаах гээд явсан. Гантөмөр гэрлүүгээ орох гээд явж байхад нь би орц руу араас нь ороод өмднийх нь баруун урд халаасанд ил харагдаж байсан гар утсыг нь булааж аваад зугтаасан. Би утсыг нь аваад хаана зарснаа тодорхой сайн санахгүй байна. Би нилээн согтуу байсан учраас ямар ч байсан аваад зугтааснаа л санаж байна. Тэгээд нэг мэдэхэд гэртээ сэрсэн. Би замдаа явуулын хүнд архины мөнгөөр зарсан байх гэж бодож байна. Би Гантөмөртэй урьд нь 1 шил архи уусан. Гантөмөр манай хажуу талын байрны залуу байгаа юм. Зүгээр л зүс мэддэг. …Би согтуу үедээ архи уух гэж л булааж авсан. Би тэр хүнд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэн айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Шууд булаагаад зугтсан. …Хохирол бэлэн 250,000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан. …Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 х/

 

            Хохирогч Х.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 2-48 дугаар байранд гэртээ орох гээд орц руугаа орж байхад араас Алтантүлхүүр орж иээд миний баруун гартаа барьж байсан самсунг нөт-2 маркийн гар утсыг миний гарыг мушгиад аваад зугтсан. Би араас нь хөөгөөд алдсан. Алтантүлхүүр надад ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй. …Гар утасны мөнгө 250,000 төгрөг авчихвал гомдол санал байхгүй.

...Тухайн үед би согтсон байсан боловч Алтүлхүүрийг таних болон биеэ авч явах чадвартай байсан. Тухайн өдөр би өөр хүмүүстэй архи ууж байгаад гэрлүүгээ орох гээд орц руугаа ороод 2 давхарт явж байхад Алтантүлхүүр араас орж ирээд миний гартаа барисан байсан гар утсыг ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд булаагаад аваад зугтаачихсан. Би араас нь гарч хөөгөөгүй угаасаа Алтантүлхүүр байна гэж таничихаад тэгээд хаясан. Намайг зодож цохиж хүч хэрэглэсэн зүйл байхгүй, надтай нэг ч үг солиогүй. …Би Алтантүлхүүртэй тэр өдөр архи уугаагүй, өдөр нь би Чулуунбаатар, Энүка /бүтэн нэр утасны дугаарыг нь мэдэхгүй/ зэрэг хүмүүстэй байсан. Тэгэхэд Алтантүлхүүр бид нарын хажуугаар эхнэртэйгээ явж байсан. …Одоо гомдол санал гэх зүйл байхгүй, хохирлын мөнгө болох 250,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын эхээр бэлнээр Мягмарнаран гэж байцаагчаар дамжуулж өгсөн. …Намайг гэрлүүгээ орох гээд явж байхад Алтантүлхүүр эхнэрийнхээ хамт манай байрны хойд талд байдаг дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Алтантүлхүүр архи уусан эсэхийг мэдэхгүй байна, эрүүл байсан бол надаас утас булааж чадахгүй. …Алтантүлхүүр бид хоёр бие биенээ зүс мэднэ. Махын 19-р хороонд хуучин манайхыг байхад 60-н айл гэдэг газар байсан, тэгээд мэддэг болсон. Өр авлага, өш хонзонгийн сэдэлтэй асуудал байхгүй. Урьд нь муудалцаж, зодоон хийсэн болон нэгэндээ архи авч, өгч байгаагүй. …Тухайн үед хэн ч байгаагүй, гадна гэгээ тасраагүй байсан болохоор би хараад л танисан. Манай орцны гэрэлнүүд байнгын асаалттай байдаг. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 74-75 х/

 

Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Алтантүлхүүрийн эхнэр нь байгаа юм. Бид хоёрт албан ёсны гэрлэлтийн гэрчилгээ байхгүй, гэр бүл болоогүй ч хамтран амьдраад 9 жил гаруй болж байна. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй, хоёулаа байрны подволын 00 түрээслэж амьдарч байгаа. Манай хүний төрсөн ээж, аав нь нас барсан гэсэн, би аавыг нь нэг л удаа харж байсан. Төрсөн хоёр ах, хоёр эгч, ээжийнх нь дүү нар гэх хүмүүс хотод амьдардаг. … Алтантүлхүүр цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу, бага зэрэг түргэн зантай боловч уур нь дороо гардаг. Архи ууна гэхдээ яахаа алдаад яваад байдаггүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй, би урьд нь ял шийтгэлтэй шорон оронгоор явж байсныг нь мэддэг боловч цайлган сайхан сэтгэлтэй хүн болохоор одоог хүртэл хамтран амьдарч байгаа. …Би утас булаагаад авч байхад нь байгаагүй. Тэр өдөр Алтантүлхүүр бид хоёр эмнэлэг рүү явж байсан, замдаа байрны гадна талын сааданд Гантөмөр өөр бас танихгүй хүмүүсийн хамт сууж байсан. Алтантүлхүүрийг ганц юм аваад өгчих гэсэн чинь Алтантүлхүүр намайг, чи эмнэлэг рүүгээ явчихаад хүрээд ир, би эндээ байж байя гээд 1 шил архи аваад тэндээ үлдсэн. Тэгээд би буцаад 15 цаг өнгөрч байхад тэнд байхгүй болохоор нь хүлээж байгаад орой 21 цагийн үед тэнд нилээн согтуу явж байхаар нь аваад харисан. …Би утас булааж зугтаасныг нь мэдээгүй, маргааш нь мэдсэн. Намайг орой хүлээж байгаад хамт явахад биед нь ямар нэгэн утас байгаагүй. .…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 х/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

            Н.Алтантүлхүүрийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 х/

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59 х/

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-61 х/

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-63 х/

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-67 х/

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-70 х/ зэргээс дүгнэлт хийхэд Н.Алтантүлхүүр нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 259 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас 01 жил 02 сар 12 хоногийн өмнө тэнсэн суллагдсан.

            2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3. “Хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу дээрх хугацаа өршөөлд хамрагдсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь 2015 оны  ... өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5. “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй ...” гэж заасан болно.

            Н.Алтантүлхүүрийн хорих газраас тэнсэн суллагдсан хугацаа өршөөлд хамрагдсан, түүний ялтай байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4-т заасны дагуу хорих газраас тэнсэн суллагдсан буюу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс тоологдож эхэлсэн бөгөөд мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар дээрмийн гэмт хэрэгт ялтайд тооцогдох хугацаанд булаалтын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар зүйлчлэгдэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Н.Алтантүлхүүрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

 Н.Алтантүлхүүр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Х.Ганхөлөгт 250,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Бөхцагаан овогт Нямдоржийн Алтантүлхүүрийг Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар Н.Алтантүлхүүрийг 05 /таван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Н.Алтантүлхүүрт оногдуулсан 5 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Н.Алтантүлхүүрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Н.Алтантүлхүүрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Алтантүлхүүрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ

 

 

                                           ШҮҮГЧИД                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                                                                Г.ГАНБААТАР