Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00029

 

Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Н.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 558 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нарт холбогдох

8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Алтанцэцэг нь 2016 оны 12 дугаар сарын 08-нд Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нарт мөнгө хэрэгтэй байна 10 хоногийн хугацаатай мөнгө олоод зээлээд өгөөч гэж гуйхаар нь ах П.Жамбалдоржоос 8,000,000 төгрөг зээлж Б.Цогзолмаагийн ХААН банкны 5914061120 тоот данснаас Д.Өсөхбаяр нь ХААН банкны Энх-Оргил гэгч хүний 5174034263 дугаарын тоот данс руу шилжүүлсэн. Одоо 2 сар гаран болоход нэг ч төгрөг өгөөгүй байгаа тул Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нараас 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Батжаргал, Өсөхбаяр нарыг таньдаггүй, манай нөхрийн дүү Алтанцэцэг нь 8 сая төгрөг олоод өгөөч гэхлээр нь Батжаргалтай ярьж түүний өгсөн Энх-Оргил гэх хүний данс руу 8 сая төгрөгөө хийсэн тухай үед Батжаргал нь бид эрсдэлээ тооцоод 10 хоногт л мөнгийг чинь өгнө гэж хэлээд авсан. Өнөөдөр хүртэл ярьсандаа хүрэхгүй мөнгө өгөхгүй өдий хүрсэн тул манай хадам дүү Н.Алтанцэцэг нь Ю.Батжаргал, Д.Өсөхбаяр нарт зээлсэн 8 сая төгрөгөө гаргуулахаар шүүхэд өгсөн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Би хадам дүү Алтанцэцэг, Батжаргал түүний нөхөр Өсөхбаяр нар чулуун дээр хамтран ажиллаж хэн хэдэн төгрөг нийлүүлсэн асуудлыг сайн мэдэхгүй. Ямарч л байсан чулуу ачаад Зүүн хараад очиж тээрэмдүүлэхэд нь би хамт байсан нь үнэн, би мөнгөө авах гэж очсон байхдаа гарсан алтаа зараад олсон 2 сая гаран төгрөгийг би тэнд ажиллаж байсан хүмүүст тарааж өгсөн юм.

Иймд хариуцагч Ю.Батжаргал, Д.Өсөхбаяр нарт зээлдүүлсэн 8 сая төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.Батжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Алтанцэцэг түүний нөхөр Мөнгөнхуяг нартай харилцан тохиролцож 20 сая төгрөгөөр чулуу худалдаж авахаар болж би 12 сая төгрөг гаргаж, Алтанцэцэг Мөнгөнхуяг нар нь 8 сая төгрөг ах эгчээсээ зээл авч нийлүүлсэн ба тухайн үед ах эгчээсээ мөнгө авч байгаа тул олсон ашгаасаа ах, эгчдээ өгөхөөр болоод 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд Б.Цогзолмаа, түүний дүү гэх Давааням, Алтанцэцэг түүний нөхөр Мөнгөнхуяг нар ирж чулуугаа өөрсдөө үзээд авсан. Ингээд чулууг Баттулга гэдэг залуугаас худалдан авч мөнгийг нь Энх-Оргил гэдэг хүний данс руу бид нар мөнгө төгрөгөө шилжүүлсэн. Ачааны том машинаар ачаад Зүүнхараагийн бор толгой гэх газарт очиж тээрэмдсэн.

 Нийт 4,080,000 төгрөгийн алт гарснаас 2 сая төгрөгөнд алт тооцож тээрмийн хөлсөнд өгсөн. Үлдсэн 2 сая төгрөгийн алт гарсныг нь Алтанцэцэгийн нөхөр Мөнгөнхуяг зарахаар авч яваад 2,080,000 төгрөг болгож ирснийг нь хоол унд, бензин болон бусад зардлаа хасаад тэнд ажиллаж байсан хүмүүст Цогзолмаа өөрөө 100,000 төгрөг тарааж өгсөн. Уул нь зардлаа дараад ашигтай байх байтал бид нар бүгд шатсан ба чулуу зарсан Баттулга гэдэг залуутай эргэж уулзаж чиний зарсан чулуунаас 4 сая төгрөгийн л алт гарсан гэхэд тэгвэл дараа чулуу өгье гэж хэлж байсан.

Тухайн үед чулуу ачиж байхад болон чулуугаа бутлаад тээрэмдэж угааж байхад одоо энэ нэхэмжлэгчийн төлөөлөгч хадам эгч гэх Цогзолмаа хүртэл хамт байсан ба нэгэнт чулуу худалдаж аваад алдагдалд орсныг мэдэж байсан шүү дээ. Хамт байсан байж одоо яагаад түүний нөхрийн дүү Алтанцэцэг мөнгө төгрөг нэхээд байгааг сайн ойлгохгүй байна. Алтанцэцэг, Мөнгөнхуяг нараас мөнгө зээлж аваагүй чулуун дээр хамтран ажиллахаар болж мөнгө төгрөгөө тал талаасаа нийлүүлсэн. Иймд бид өөрсдөө чулуу худалдаж аваад хэн хэн нь алдагдалд орсон би 12 сая төгрөгөөр шатсан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Д.Өсөхбаярын өмнөөс мөн шүүх хуралдаанд оролцож байгаа тул дээрх ярьсантай адил учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нарт холбогдох 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бодитойгоор тал бүрээс нь үнэлэлгүй хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгон нэг талыг барьж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч Батжаргал нар нь Цогзолмаа болон манай нөхөр Мөнгөнхуяг биднийг алттай чулуу гаргаж байсан газар очсон явдлыг хамтран ажиллаж байсан мэтээр өөрсдөд ашигтайгаар тайлбар гаргасан. Хариуцагч Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нар нь уг алтыг худалдан авахдаа барьцаанд тавьсан 2 ширхэг металл хайгчийг чулууг худалдсан Баттулга гэгчээс буцаан авсан учир энэ хүмүүсийг алт бүхий чулууг худалдаж авахад хөрөнгө оруулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Анх 8,000,000 төгрөгийг зээлж авахдаа ямар ч тохиолдолд буцаан төлнө гэдгээ илэрхийлж байсан.

Иймд хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг зээл 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй,  бид алт хайж хамтран ажиллахаар тохиролцож чулуу худалдаж авсан боловч ашиг гаргаж чадаагүй гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж хариуцагч Ю.Батжаргал, Д.Өсөхбаяр нараас зээл 8,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасантай нийцсэн байна.

Талууд хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болохоор хуульд зохицуулсан ба нэхэмжлэгч нь хамтран ажиллах үүргийн дагуу 8,000,000 төгрөг бэлэн бусаар  шилжүүлсэн байх тул  зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм.     

Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь 8,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн, тэдний хэлсэн дансанд мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч чулуу худалдаж авах, ашиг олох зорилгоор мөнгө шилжүүлсэн нь зохигчийн тайлбараар нотлогдсон, нэхэмжлэгч 8 сая төгрөг зээлснээ баримтаар нотлоогүй байна.   

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нар ашиг олох зорилгоор чулуу худалдаж авахад нэхэмжлэгч Н.Алтанцэцэг 8,000,000 төгрөг, хариуцагч нар 4,600,000 төгрөг тус тус гаргасан болох нь зохигчдын тайлбар, гэрч Мөрөнгийн  мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй  шүүх бүрэлдэхүүн үзлээ.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 558 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    Т.ГАНБАТ