| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00828/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01197 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01197
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01197
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Ю Би Платинум төв, 702 тоот хаягт байрлах, Нью энержи стар ХХК /РД: 5030749/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Ажилчдын гудамж 131/4, өөрийн байранд байрлах Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК /РД: 5440904/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31.401.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нью энержи стар ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нью энержи стар ХХК болон Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдсан талаар талуудын хооронд маргаан байхгүй байна. Гэрээний дагуу Хүрэн шанд, Баруунцанхи төслийн уурхай дээр зөөврийн шатахуун түгээх станцыг үндсэн өртгөөр барих бөгөөд өмчлөлийг хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон ба бид гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Манай компанийн зүгээс хариуцагч талд шатахуун түгээгүүрийн савны төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Хариуцагч компанийн уг эс үйлдэхгүй нь манай компанийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол үүсгэсэн. Иймээс Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-иас 31.401.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шатахуун түгээгүүрийн сав байгуулах ажил нь Өсөх зоос ХХК-тай байгуулсан гэрээнд заагдсан ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой байсан. Нью энержи стар ХХК-тай байгуулсан гэрээний 5.2 дахь заалтад Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах төслийн талбай дээр түлшний сав байрлуулах үүрэгтэй бөгөөд зардлыг худалдагч тал хариуцна гэсэн байдаг буюу шатахуун худалдаж авч байгаа нөхцөлд үнэ төлбөргүй байрлуулж өгөхөөр тохирсон. Энэ гэрээг сүүлд 2 жилийн дараа нөхөж хийсэн. Гэрээг байгуулах үед тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдөж хийсэн гэж үзэж байна. Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс нь өмнө нь ямар тохиролцлоо байсан гэдгийг сайн ойлгоогүй хийсэн гэж үзэж байна. Нэгэнт манайх шатахуун түгээгүүрийн савыг ашиглахгүй байгаа бөгөөд өмнө нь ажиллаж байсан байранд нь үлдээгээд явсан. Тиймээс шатахуун түгээгүүрийн савны үнийг төлөх боломжгүй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нью энержи стар ХХК нь хариуцагч Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31.401.200 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээг сэдэлтийн хувьд төөрөгдөлд орж байгуулсан учир хариуцахгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Нью стар энержи ХХК нь Уул Уурхайн Үндэсний олборлогч ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь Уул Уурхайн Үндэсний олборлогч ХХК-ийн Хүрэншанд, Баруунцанхи төсөлд өөрийн хөрөнгөөр суурилуулсан 50 м.кубын зөөврийн шатахуун түгээх станцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ өмнөх гэрээгээр үнэгүй суурилуулах үүрэг хүлээсэн байхад гэрээ байгуулах сэдлийн талаар төөрөгдөлд орж байгуулсан гэж тайлбарласан боловч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, төөрөгдөлд орсон байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй болно. Түүнчлэн зохигчдын хооронд 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б-14-09 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь төслийн талбайд өөрийн хөрөнгөөр зөөврийн шатахуун түгээх станц суурилуулах үүрэгтэй байсан ч хариуцагчийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээгээгүй байх ба 2 жилийн дараа уг суурилуулсан зөөврийн шатахуун түгээх станцыг худалдахаар хариуцагчтай тохиролцож, улмаар хариуцагч нь гэрээний зүйлийг цааш дамжуулан худалдсан байдлаас түүнийг гэрээ байгуулах сэдлийн талаар төөрөгдөлд орсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэлээ.
Гэрээгээр нэхэмжлэгч нь Уул Уурхайн Үндэсний олборлогч ХХК-ийн Хүрэншанд, Баруунцанхи төсөлд өөрийн хөрөнгөөр суурилуулсан 50 м.кубын зөөврийн шатахуун түгээх станцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь өөрийн ашиглалтад байгаа шатахуун түгээх станцыг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид зөөврийн шатахуун түгээх станцыг хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хариуцагчийн хариу тайлбартаа хавсарган өгсөн Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-ийн Өсөх зоос ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зөөврийн шатахуун түгээх станцыг Өсөх зоос ХХК-д шилжүүлэн өгөх тухай MNO-2016/79-1 тоот худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх ба нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-иас гэрээний үүрэг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад нийцжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 1.2 дахь хэсэгт суурилуулсан шатахуун түгээх станцын төсөвт нийт өртөг нь 31.401.200 төгрөг байхаар, гэрээний хавсралт 1-д төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 15-нд 10.000.000 төгрөгөөр, 2016 оны 3 дугаар сарын 15-нд 10.000.000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 15-нд 11.401.200 төгрөгөөр тус тус хувааж төлөхөөр хуваарь гаргасан байх тул худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 31.401.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 314.960 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-иас 31.401.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нью энержи стар ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 314.960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нью энержи стар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ