Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

        

   2022        03           11                                      2022/ШЦТ/86

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Г-од холбогдох эрүүгийн 2238000000095 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Г.

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р баг ... тоотод Ч.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг сандлаар духан тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод Ч.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг сандлаар духан тус газар цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ч.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хадам ээжийндээ байж байтал 16 цагийн үед гаднаас хадам ах Э.Г- ганцаараа согтуу орж ирсэн. Гэр дотор Э.Г- болон хадам ээж бид гурав байсан. Манай нөхөр гэрийн гадаа байсан. Гэтэл Э.Г- ах намайг “худалч, хулхиддаг, хүн дандаа зальдсан юм хийж явдаг, өөдлөхгүй” гэх мэтээр доромжилж байсан. Тэгэхээр нь би “та яагаад худлаа хэлээд хүн доромжлоод байгаа юм бэ? Би мөрөөрөө явж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь Э.Г- ах намайг “эндээс зайл пизда минь. Хэн чамайг энд ир гэсэн юм” гээд орилсон. Би хариуд нь “машин эвдрээд нөхөр бид хоёр буцаад ирлээ, та яагаад уурлаад доромжлоод байгаа юм бэ” гэж хэлэхэд “хуцаад бай чи муу, чи ийм муухайдаа нөхөргүй олон жил явсан хүн” гэж хэлэнгүүтээ сандал бариад миний өөдөөс далайгаад ирсэн. Би арай ч цохичихгүй байлгүй дээ гэж бодоод урдаас нь босоод зогсоход З.Э.Г- ах миний дух руу сандлаараа нэг удаа цохисон. Миний духнаас цус урсаад тогтохгүй байсан. Нөхөр маань гаднаас орж ирээд миний духан дээр нойлын цаас тавиад, газарт дуссан цусыг цэвэрлээд бид хоёр эмнэлэг рүү явсан. Би эмнэлэг дээр очоод духандаа хоёр оёдол тавиулсан. ...Э.Г- ах надад 350.000 төгрөг өгсөн. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 17 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 146 дугаартай: “1. Ч.Д-гийн биед духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Духны шарх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 4. Ч.Д-гийн биед үүссэн духны шарх нь шинэ гэмтэл ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Прокурорын тогтоолын зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би Ч.Д- дүүд эмчилгээний зардал, ойр зуурын эм тариа, толгойгоо бариулахдаа хэрэглээрэй гээд нийт 350.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Г-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Э.Г-, хохирогч Ч.Д- нарын хооронд байгуулсан “...Ч.Д- би цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 44-45х/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 50х/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-од оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн хуванцар сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-од оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Г-од оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн хуванцар сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР