Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01777

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01777

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 28 дугаар байр, 15 тоотод оршин суух, Баяд овогт Даваалхүмбийн Оюунханд /РД:ую89112502/-ын нэхэмжлэлтэй,

   

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Баянцагаан 9-34 тоотод оршин суух, Боржигин овогт Дашцэрэнгийн Дэлгэрцогт /РД:чд83071632/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.             

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оюунханд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Даваалхүмбэ овогтой Оюунханд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нөхөр болох Д.Дэлгэрцогтод хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж хүндэтгэх шалтгааны улмаас хүүхдийн тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэлийг татан авсан. Энэ явдлаас хойш 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр болох Д.Дэлгэрцогт миний биед хүнд гэмтэл учруулж биед халдсан. Би бие эрхтэн, сэтгэл санааны маш том хохирол амсаж цаашид хамт амьдрах ямар ч нөхцөл бололцоо боломж байхгүй болсон учир хүүхдэд минь тэтгэлэг гаргуулж өгч туслана уу гэжээ.

 

Хариуцагч Д.Дэлгэрцогт шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай. Д.Оюунханд шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хандсан. Д.Бархасбадь нь миний хүү болохыг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөхийг зөвшөөрч байна. Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй учир шүүх хуралдааныг миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Оюунханд нь хариуцагч Д.Дэлгэрцогтод холбогдуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Оюунханд болон хариуцагч Д.Дэлгэрцогт нар гэрлэлтийн баталгаагүй бөгөөд талуудын хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тэдний дундаас хүү Д.Бархасбадь төрсөн болох нь хэрэгт авагдсан №1107003595 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгчийн “...Д.Дэлгэрцогт нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр намайг зодож миний биед гэмтэл учруулсан, цаашид хамтран амьдрах боломжгүй” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй ба талууд тусдаа амьдрах болсон үеэс хүү Д.Бархасбадь нь эх Д.Оюунхандын асрамжид өсөж байгаа, мөн хүүхдийн насны онцлого зэргийг харгалзан цаашид хүүхдийн амьдарч дассан орчинг өөрчлөх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр, хариуцагч хүүхдийн асрамжийн тал дээр маргаан гаргаагүй болно.

 

Иймд хүү Д.Бархасбадийг эх Д.Оюунхандын асрамжид үлдээж, эцэг Д.Дэлгэрцогтоос хуульд заагдсан хугацаа, хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдэд олгуулах нь хууль болон хүүхдийн эрх ашигт нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Дэлгэрцогтын Бархасбадь /РД:уш14273075/-ийг эх Д.Оюунхандын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Дэлгэрцогтын Бархасбадь /РД:уш14273075/-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Д.Дэлгэрцогтоос гаргуулан олгосугай.   

     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 25,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ХАНГАЛ