| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01543/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01244 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01244
| 2017 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01244
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Наркологийн эмнэлгийн урд, өөрийн байранд байрлах, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Тэмүүлэл хотхон, 101 дүгээр байр, 114 тоот хаягт оршин суух, 36 настай, эрэгтэй, Еншөбү овогт Жамбалын Оюунболд /РД: ЧВ80072916/,
Нэхэмжлэлийн шаардлага: Э.Оюунболдыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийг төлөөлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн 5 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэбилэг, гуравдагч этгээд Э.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 10 дугаар сард Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 5 дугаар хорооны хэсгийн байцаагчийн ажлыг хүлээн авсан. Ажил хүлээлцэхэд өмнөх хэсгийн байцаагч нь тухайлан Тэмүүлэл хотхоны 104 дүгээр байрны 114 тоотод оршин суух Еншөбү овгийн Жамбал овогтой Оюунболд /РД: ЧЮ80072916/ нь архинд донтох өвчтэй, архаг архичин, 10 дугаар хорооллын архичдыг цуглуулж архидан согтуурдаг болохыг онцгойлон захисан. Оршин суугчдаас нь байнга гомдол санал гаргадаг. Гэрийнх нь хаалга цоожгүй, үргэлж онгорхой байдаг. 10 дугаар хорооллын архичдыг цуглуулж, архидан согтуурдаг. Энэ байранд 2 удаа хүн амины хэрэг гарсан. Цугларсан архичид нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж, шаардлага тавьсан иргэдийг айлган сүрдүүлдэг, орцонд нь бааж, шээж, бөөлжиж, айл хөршийнх нь хаалгыг цохиж нүдэн өшиглөж танхайрдаг. Ж.Оюунболдын төрсөн эгч Ж.Туяа манайд өргөдөл гаргасан. Эргүүлийн цагдаагаас байнга танай нөгөө Ж.Оюунболд архичид цуглуулан архидан согтуурч байна гэсэн мэдээлэл ирүүлдэг. Архинд донтох эмгэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журам байнга зөрчдөг, эмчилгээнд явахаас татгалзсан тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 1 сард архины албадан эмчилгээнд яваад 2016 оны 4 сард ирсэн. Ирээд нэг л удаа уугаад таталт өгөөд дахиж архи уугаагүй. Манайд найзууд маань цугларч архиддаг. Би хөөгөөд явуулж чадахгүй, хаалга эвдчих гээд байдаг болохоор нь цоожилдоггүй юм. Найзууд маань цуглаад уугаад дуулж барихаар ойр орчмынхон намайг архи уулаа гэдэг. Би эмчилгээнээс хойш архи уугаагүй. Архины эмчилгээнд явах хүсэлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс нь гуравдагч этгээд Ж.Оюунболдыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заасан нөхцөл байдал бий болсон нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээд Ж.Оюунболдыг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Учир нь гуравдагч этгээд Ж.Оюунболд нь архинд донтох эмгэгтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нарын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байх хэдий ч 2016 оны 1 дүгээр сард эмчлүүлсний дараа согтууруулах ундаа дахин хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг зөрчсөн гэх байдал баримтаар тогтоогдохгүй, гуравдагч этгээдийн эмчилгээний дараа дахин согтууруулах ундаа хэрэглээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж чадахгүй байна.
Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан гурван нөхцөл бүрэн бүрдээгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Еншөбү овогт Жамбалын Оюунболдыг /РД: ЧВ80072916/-ыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд шийдвэр гарсан, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ