| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/00176/э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2021-11-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
шүүгдэгч О.Баатархүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Баатархүүд холбогдох эрүүгийн 2130002300196 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19… оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, … настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл …, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Баянмөнхийн 1-12 тоотод оршин суух хаягтай, одоогоор Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг, “Цайдам” гэх газарт айлын мал маллан амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:ЛД87072410, Халх овогт Орогдолын Баатархүү
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч О.Баатархүү нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Х.Цогтсайханы бор шаргал зүсмийн 1 тооны гүү, хээр зүсмийн 1 тооны унага нийт 2 тооны адуу буюу олон тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.Цогтсайханд 2,033,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шарга гүүг авч хүнд өгсөн нь үнэн. Тухайн унагатай гүүг П.Бүнчин гэх залуу ирээд авсан. Хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсан. Хохирогч хохиролгүй гэсэн ...гэв.
Эрүүгийн 2130002300196 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч О.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сард Мөнххаан сумын малчин П.Бүнчин гэдэг хүнээс 50 боодол өвс, бага гарын чулуун хөөрөг 600,000 төгрөгт бодож авсан байсан юм. П.Бүнчин бид хоёр нэг нутгийн багаасаа бие биеэ мэдэх хүмүүс болохоор өртөг, хөлсийг нь аажимдаа өгчихье гэж тохирсон юм. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр П.Бүнчинтэй сумын төв дээр таараад Бүнчин “нөгөө хөөрөг, өвснийхөө өртөг яг одоо авмаар байна” гэхээр нь сумаас хойш 13 км орчимд “Баруун булаг” гэдэг газар байх өөрийн гэртээ дагуулж ирээд, манай гэрээс баруун урд зүгт 4-5 км зайтай “Агтана худаг” гэх газар уулын орой дээр байсан шаргал азаргатай арваад тооны адууг өөрийнхөө улаан өнгийн, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклоор гэрээсээ баруун тийш 3-4 км зайтай байх Тогоонсүрэн гэх айлын эзгүй өвөлжөөнд хөөж авчран, чулуун хороонд нь хашиж байгаад адуун дотроос зөв талын гар талын гуянд босоо зуузай тамгатай шарга гүү, түүний унага болох охин хээр унагыг би өөрөө бугуйлдаж бариад Бүнчинд ачиж өгч явуулсан...” гэх /хх 78-79 дүгээр хуудас/,
- Хохирогч Х.Цогтсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг “Ар хадат” гэх газар нутагладаг. 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Мөнххаан сумын нутаг “Агтана худаг” гэх газраас унагатай гүү алдаад одоо хүртэл хайгаад олохгүй байна. Тийм учраас цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бор шаргал гүү нь 9-н настай, охин хээр унагатайгаа цуг алдсан. Бор шаргал гүү нь босоо зуузай тамгатай унага нь тамгагүй байгаа. Би алдсан адуугаа олж авмаар байна. Эрж хайхад бензин тосны мөнгөнд 500,000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөө бас гаргуулмаар байна. Миний хувьд гомдолтой байна...” гэх /хх 15 дугаар хуудас/,
“...Би алдсан унагатай гүүгээ Мөнххаан сумын 3-р багийн иргэн П.Бүнчин гэх хүнээ адуунаас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр очиж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх 16 дугаар хуудас/
- Гэрч Б.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Мөнххаан сумын төвд хүнсээ цуглуулахаар төвд орж ирсэн. Тэгээд П.Бүнчинтэй таарахад “би танай руу явах гэж байна, чи надтай явах уу” гэхээр нь би “тэгье” гээд машинд суугаад сумаас хойш яваад Мөнххаан уулын ард Тогоосүрэн ахын хашаанд очсон. Төд удалгүй О.Баатархүү урд талаасаа нь цөөн тооны адуу тууж ирээд чулуун хашаанд хашаад адуу барьж П.Бүнчинд өгсөн. Би барьсан адууг ямар адуу байсныг мэдэхгүй, би малын зүс сайн мэдэхгүй. Тэндээс Баатархүү бид хоёр гэр лүүгээ явж байх замдаа би О.Баатархүүгээс “юун адуу тууж ирээд адуу бариад өгч байгаа юм, чи хулгай хийгээд байгаа юм уу” гэхэд “юу гэж хулгай хийдэг юм, би Бүнчинд өртэй байсан юм. Энэ адуу Цогтсайханы адуу. Би Цогтсайханд хэлсэн. Намайг нэг унагатай гүү ав гэсэн. Тэрийгээ би П.Бүнчинд өгч байна” гэж надад хэлсэн...” гэх /хх 22-23 дугаар хуудас/,
- Гэрч П.Бүнчингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Баатархүүд би хөөрөг нэг адуугаар зарсан. 04 дүгээр сард надаас 50 боодол өвс 600,000 төгрөгөөр авсан. Тэгээд нийлүүлээд надад нэг гүү өгөөрөө гэж хэлж байсан. Би 08 дугаар сарын 08-ны өдөр О.Баатархүүгээс “адуугаа авъя” гээд очиход мотоциклтой хөдлөөд шарга азаргатай адуу тууж ирсэн. Тэгээд Мөнххаан уулын ард Тогоосүрэн гуайн хашаанд хашиж байгаад охин хээр унагатай бор шарга гүүг надад барьж өгсөн. О.Баатархүү нь надад хэлэхдээ энэ миний адуу гэж хэлж байсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй...” гэх /хх 26-27 дугаар хуудас/ мэдүүлгүүд
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2103179 дугаартай шинжээчийн “унагатай гүү 2,033,000 төгрөг” гэх дүгнэлт /хх 41-50 дугаар хуудас/
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103253 дугаартай шинжээчийн “2019 онд үйлдвэрлэгдсэн “Даюун” маркийн мотоцикл 520,000 төгрөг” гэх дүгнэлт /хх 58-67 дугаар хуудас/
- Шүүгдэгч О.Баатархүүгийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 82 дугаар хуудас/
- Шүүгдэгч О.Баатархүүгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 83 дугаар хуудас/
- Шүүгдэгч О.Баатархүүгийн өмчлөлийн Г-1817007186 дугаартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 84 дүгээр хуудас/
- Шүүгдэгч О.Баатархүүгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 89-91 дүгээр хуудас/
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Баатархүү нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Х.Цогтсайханы бор шаргал зүсмийн 1 тооны гүү, хээр зүсмийн 1 тооны унага нийт 2 тооны адуу буюу олон тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.Цогтсайханд 2,033,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Баатархүүгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “... “Агтана худаг” гэх газар уулын орой дээр байсан шаргал азаргатай арваад тооны адууг өөрийнхөө улаан өнгийн, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклоор гэрээсээ баруун тийш 3-4 км зайтай байх Тогоонсүрэн гэх айлын эзгүй өвөлжөөнд хөөж авчран, чулуун хороонд нь хашиж байгаад адуун дотроос зөв талын гар талын гуянд босоо зуузай тамгатай шарга гүү, түүний унага болох охин хээр унагыг би өөрөө бугуйлдаж бариад Бүнчинд ачиж өгч явуулсан...” гэх
хохирогч Х.Цогтсайханы “...Бор шаргал гүү нь 9-н настай, охин хээр унагатайгаа цуг алдсан. Бор шаргал гүү нь босоо зуузай тамгатай унага нь тамгагүй байгаа. Би алдсан адуугаа олж авмаар байна. Эрж хайхад бензин тосны мөнгөнд 500,000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөө бас гаргуулмаар байна...” гэх
гэрч Б.Дэлгэрийн “...О.Баатархүү урд талаасаа нь цөөн тооны адуу тууж ирээд чулуун хашаанд хашаад адуу барьж П.Бүнчинд өгсөн...” гэх
гэрч П.Бүнчингийн “...Мөнххаан уулын ард Тогоосүрэн гуайн хашаанд хашиж байгаад охин хээр унагатай бор шарга гүүг надад барьж өгсөн. О.Баатархүү нь надад хэлэхдээ энэ миний адуу гэж хэлж байсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй...” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2103179 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мал хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, санаатай үйлдлээр хэрэгждэг ба хэргийн дээрх баримтаар шүүгдэгч О.Баатархүү нь бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах буюу өөрийн хэрэгцээг хангах зорилгоор иргэн Х.Цогтсайханы бэлчээрт байсан адуунаас нэг унагатай гүүг хууль бусаар авч бусдад өгсөн үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогджээ.
О.Баатархүүг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Тэрээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын унагатай гүүг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Мал хулгайлах гэмт хэргийн хувьд уналга ашигласан болохыг тогтоохдоо мал авах санаа зорилгоор биеэр шууд явж очих, авч явах боломжгүй эд хөрөнгөд хүрэх, хөөж, туух зорилгоор уналга урьдчилсан бэлдэж ашигласан идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч О.Баатархүүгийн нь хувьд хохирогч Х.Цогтсайханы өмчлөлийн адууг өөрийн өмчлөлийн улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклоор бэлчээрээс нь тууж авчирсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ уналга ашигласан гэж прокуророос үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч О.Баатархүүгийн бусдын унагатай гүүг авсан нь “олон тооны мал ”-д хамаарах болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл “ Мал хулгайлах “ гэмт хэргийн “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэх тайлбараар тодорхойлогдоно.
Иймд шүүгдэгч О.Баатархүүгийн, хохирогч Х.Цогтсайханы 2 тооны адууг хулгайлсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 “машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.Баатархүүг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хохирлын талаар:
О.Баатархүүгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно”, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.
“Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Цогтсайханы унагатай гүүг 2,033,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
Харин шүүгдэгч О.Баатархүү нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Цогтсайханы унагатай гүүг биет байдлаар нөхөн төлж хохирлыг арилгасан болох нь хохирогчийн “...би алдсан гүйгээ 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр очиж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх 16/ мэдүүлэг, “... би алдсан адуугаа буцааж авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэх шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч О.Баатархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бага ял оногдуулж өгнө үү” гэсэн хууль зүйн дүгнэлтүүд гаргав.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх зохицуулалттай.
О.Баатархүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн О.Баатархүүгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч О.Баатархүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан эдийн хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна.
Иймд шүүх энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн санал, дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Баатархүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно ” гэж заажээ.
О.Баатархүү нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг ашигласан байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэх зохицуулалтад нийцэх юм.
Иймд О.Баатархүүгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоолоо.
“Линзийн өгөөж ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103253 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.Баатархүүгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2019 онд үйлдвэрлэгдсэн “Даюун” маркийн мотоциклийг 520,000 төгрөгөөр үнэлжээ. /хх 58-67/
Шүүх шүүгдэгч Н.Баянмөнхийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг мотоциклийг битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр тогтоов.
О.Баатархүү энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгч О.Баатархүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоолоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ………..Баатархүүг “олон тооны малыг, машин механизм ашиглаж ” хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Баатархүүг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баатархүүд оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Баатархүүд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч О.Баатархүү энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч Х.Цогтсайханд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баатархүүгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 520,000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, улаан өнгийн Даюун загварын мотоциклыг хурааж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баатархүүгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх мотоциклийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг мотоциклийг битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН