| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00330/И |
| Дугаар | 130/ШШ2017/00452 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2017/00452
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 130/ШШ2017/00452 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Хера Индустриал парк хаягт байрлах Эвэрласт ХХК /ерөнхий захирал С.С/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бүркит корпораци ХХК /ерөнхийлөгч У.Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч Бүркит корпораци ХХК-ийн ерөнхийлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний урдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25000000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Эвэрласт ХХК-ийн ерөнхий захирал С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эвэрласт" ХХК нь "Бүркит корпораци" ХХК-тай 2015 оны 08 сарын 15-ны "Хамтран ажиллах гэрээ"-г харилцан тохиролцож байгуулсан. Талууд гэрээний дагуу "Булган гол дахь ордны төсөл"-д хамтран ажиллахаар тохиролцож "Эвэрласт" ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг бэлэн байдалд байлгах, тэдгээрийг ажиллуулах оператор механикийн мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлэх, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийг гаргах, "Бүркит корпораци" ХХК нь төсөл хэрэгжүүлэх газрын тусгай зөвшөөрлийн холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлэх, энэхүү ажлыг удирдан зохион байгуулах үүргийг тус тус хүлээсэн. Улмаар "Эвэрласт" ХХК нь "Хамтран ажиллах гэрээ"-ний 2 дугаар зүйлд заасан дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болгон нийт 25000000 /Хорин таван сая/ төгрөгийг 2015 оны 08 сарын 20-ны өдөр "Бүркит корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Замирагийн Хаан банк дахь 5007667459 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч бид энэхүү талбайд хамтран ажиллаж төсөл, гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул энэ тухайгаа 2016 оны 01 сарын 21-ний өдөр 3/06 тоот албан бичгээр урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдсэн. Манай компанийн санхүүгийн болон хуулийн ажилчид энэхүү төлбөрийг барагдуулах талаар удаа дараа "Бүркит корпораци" ХХК-тай холбогдон шаардаж, албан бичиг илгээж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд "Бүркит корпораци" ХХК-аас 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ"-ний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25000000 /Хорин таван сая/ төгрөгийг гаргуулж "Эвэрласт" ХХК-ийг хохиролгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Бүркит корпораци ХХК-ийн ерөнхийлөгч У.Х шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын "Би би эм Майнинг" ХХК бидэнд хамтран ажиллах сонирхлыг хэлж ярилцан тохиролцож, тэд манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий /А13904, А6242, Х13898, Х12590/ Булган сум дахь алтны шороон ордод ажил явуулахаар болсон ба гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байх үед Улаанбаатар хотын "Эвэрласт" ХХК-ийн хүмүүс биднийг олж мөн адилхан хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Тэдний санал нь урьд ярилцаж буй компанийн саналаас илүү ашигтай мөн удаан хугацаагаар ажиллах найдвар төрүүлсэн билээ. Хамгийн гол нь "Эвэрласт" ХХК нь мэргэжлийн геологичтой, машин техник нь өндөр бүтээмжтэй, хөрөнгө оруулагчийн буруугаас болж учирсан хохирлыг хариуцна, мөн хайгуулын талбайд мөнгө хаяж ажиллана гэсэн тул бид хамтран ажиллахыг зөвшөөрч мөн олны 8 дугаар сарын 15-нд гэрээ байгуулсан юм. Тэд 8,9 саруудад ажил явуулж, алт олборлож биднийг удахгүй мөнгөтэй болгоно гэсний дагуу өөртөө ноогдох хувиас суутган тооцуулахаар урьдчилгаа өгч туслахыг хүссэн тул тэд 75 сая төгрөг өгөхөөр тохирч, урьдчилан 25 сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг ойрын хугацаанд өгөхөөр болсон боловч хүлээлгэсээр байгаад өгөөгүй бөгөөд ажил хийлгүй тэр жилийн алт олборлох хугацаа дууссан. Бид тус компанид ажил явуулаагүй шалтгаанаа тодорхой бичиж ирүүлж, дараа жил хэдийд ажлаа эхлэхийг шаардсан ба тэд утсаар "Бид дараа жил эрт ажиллана" гэснээс өөр юм хэлээгүй. Манай тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад 1953-56 онд ЗХУ-ын геологичдын хийсэн эрлийн ажлын таамаг нөөц нь шороон ордод 9 тн, үндсэн ордод 9664 кг алттай гэж тогтоосон. Хэрвээ тэд 8 дугаар сард ирж ажил явуулсан бол хамгийн багадаа /өдөртөө 300 гр алт авна гэж тооцоход/ 10 кг алт авах ба бид үүнээс 2.5-3 кг алт авч тухайн үеийн ханшаар 200-240.0 сая төгрөг олох байлаа.
Уг нь тэд өөрсдийн үүргийн тухай гэрээнд заахдаа:
> Хийгдэх бүх ажлын санхүүжүүлнэ.
> Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж ашиглана.
> Өндөр түвшний хайгуулын ажлыг бүх талбайд хийнэ.
> Хариуцлагатай, түргэн шуурхай байж, өөрсдийн зүгээс учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж бичсэн.
Эдгээр үүргийг тэд биелүүлээгүйгээр үл барам ажил хийх гэсэн гуравдагч этгээдийг элдвээр муулж, тэдний ажлыг хааж, үүнээс болж бид хийсэн ажилгүй, олсон мөнгөгүй хохирсныг юугаар тайлбарлах вэ? гэдгийг асуусан юм. Тэд бид ажиллах боломжгүй болсон, мөнгийг буцааж өг гэснээс өөр зүйл яриагүй. Бид тэдэнд хэлэхдээ: Та нар хуурамч гэрээ хийж, биднийг болон өрсөлдөгч компаниа /Би Би Майнинг ХХК/ ажилгүй болгож алдагдалд оруулсан. Гэрээ ёсоор бид хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Харин танайх үүргээ 100% биелүүлээгүй. Гэрээний дагуу ажил хийж олборлосон алтнаас бидний олох мөнгийг яаж төлж өгөхөө тодорхой бичиж ирүүлээрэй гэсэн. Тэд энэ шаардлагад хариу өгөөгүй ба бусдыг хуурч, бие сэтгэлийн болон эдийн засгийн дарамтад оруулж хохироосноо жам ёсны зүйл гэж боддог юм шиг байна. Ийнхүү хуурамч гэрээ байгуулж, өрсөлдөгчөө хууль бус замаар замаасаа зайлуулснаас гадна ямар ч харилцаа байгаагүй, мөрөөрөө явсан манай компанийг хохироож байгаад харамсаж байна. Иймд өөрөө гуйж царайчилж гэрээ байгуулчхаад ямар ч ажил хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй "Эвэрласт" ХХК-иас хохирлоо барагдуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргах болно. Харин амласан 75 сая төгрөгөөс бидэнд өгсөн 25 сая төгрөгийг буцаах боломжгүй гэжээ.
Хариуцагч Бүркит корпораци ХХК-ийн ерөнхийлөгч У.Х шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Бүркит корпораци ХХК анх Эвэрласт" ХХК-тай гэрээ байгуулаагүй байсан. Бид нар BB maind гэх компанитай гэрээ байгуулах гэж байхад "Эвэрласт" ХХК манай хүмүүсийг ашигт малтмал олборлолтын газраас олж ирсэн байна. Тэгэхэд би бид нар өөр компанитай гэрээ байгуулах гэж байгаа гэхэд бид нар энэ компанийг мэднэ, энэ компани ажил хийж чаддаггүй, энэ компанид мөнгө байхгүй, бид нар Солонгос улсаас тоног төхөөрөмж оруулж ирдэг том компани учир бид нартай гэрээ байгуулаарай гэж санал хэлсэн. "Эвэрласт" ХХК Хера гээд алдартай том компанийн охин компани. Гэтэл энэ компани нь Солонгос улсыг хуурч мөнгийг нь авчихсан, шүүх цагдаад шалгагдаж байсан байна. "Эвэрласт" ХХК бид нарт урьдчилгаа мөнгө амласан, 4 улиралд ажиллана, хайгуул хийж өгье, ашигт малтмалын олборлолт хийж өгье, та нар зүгээр сууж байгаад 30 хувийг авна гээд 700 грамм алт амласан учир бид нар "Эвэрласт" ХХК-тай гэрээ байгуулсан. Хамгийн гол нь бид нарт 4 улиралд ажиллана, удаан хугацаагаар ажиллана гэсэн тул саналыг нь зөвшөөрсөн. Энэ компанийн захирал Сэржээхүү биш Гантөгс гэдэг хүн байсан. Би тэр Гантөгс гэдэг хүнтэй нүүр тулж уулзаж та Өсөхбаяр гэдэг хүний компанитай гэрээ байгуулаагүй, чи ажлаа хийж чадах уу гэхэд тийм асуудал байхгүй, бид нар 5-6 жил ажиллана гэж хэлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2-р зүйлийн хамгийн сүүлд А тал Б талд учруулсан санхүүгийн хохирлыг бүрэн хариуцна гэж заасан. А тал гэдэг нь Эвэрласт ХХК, Б тал гэдэг нь Бүркит корпораци ХХК байгаа. Улмаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулаад манай компанид 25000000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Бид нарт мөнгөө шилжүүлсний дараа 7 хоногийн дараа ажлаа эхлүүлнэ гэсэн боловч бид нар 1 сар хүлээсэн. Тэгээд бид нар "Эвэрласт" ХХК-нд та нар ажлаа хийхгүй юм уу 7 хоног биш 1 сарын хугацаа боллоо, удахгүй намар боллоо шүү дээ гэж хэлсэн. Хамгийн багадаа бодоход өдөрт 300 грамм алт олборлоно, сард 9 кг алт олборлоход 900 сая төгрөг, тэрнээс бид нарт оногдох 30 хувийг тооцож үзэхэд 270 сая төгрөг байна гэдгийг хэлсэн. Тэр жилийн өвөл гэхэд ажлаа дуусгаагүй. Тэгээд би 1 дүгээр сард дахиж залгаад хэзээ ирэх юм бэ гэж хэлэхэд сарын сүүлээр та нар бид нарын мөнгийг буцааж өг бид нар ажиллахгүй гэж хэлсэн. Би тухайн компанид нэгэнт гэрээ байгуулсан, та нар байхгүй байсан бол өөр компанитай гэрээ байгуулах байсан, яагаад бид нарыг хуурч байгаа вэ гэхэд тийм асуудал байхгүй, бид нарт мөнгө ч байхгүй, геологи ч байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд би Улаанбаатар хотын шүүхэд нэхэмжлэл гаргаад олох ёстой байсан ашгаа олж авна гэж хэлсэн. Болсон явдал ийм л байгаа. Би энэ мөнгийг төлөхгүй. "Эвэрласт" ХХК гэрээнд бүх зүйлийг бичсэн. Өөрөөр хэлбэл Б талд учирсан санхүүгийн хохирлыг А тал бүрэн хариуцна гэж зааж өгсөн. Тийм учраас шүүхэд сөрөг нэхэмжлэл өгөөд олох ёстой байсан ашгаа олж авна гэж хэлэхэд энэ асуудлыг шүүх шийдвэрлэнэ та бид хоёр маргаж яах юм бэ, бид нар ажиллах боломж байгаагүй, та мөнгөө буцаагаад өгчих гэж хэлсэн. Би үүнийг зөвшөөрөөгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Эвэрласт ХХК нь Бүркит корпораци ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25000000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Ардчиллын ордон хаягт байрлах, Монгол улсын хуулийн дагуу бүртгүүлэн 9011114119 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, 5169844 тоот регистрийн дугаартайгаар ажиллагаа явуулж буй Эвэрласт ХХК / цаашид А тал/ нөгөө талаас Баян-Өлгий аймаг, Өлгий сум, Хөх толгой баг хаягт байрлах, Монгол улсын хуулийн дагуу бүртгүүлэн 0211002053 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2003732 тоот регистрийн дугаартайгаар үйл ажиллагаа явуулж буй Бүркит корпораци ХХК /цаашид Б тал/ нар нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, хоёр тал харилцан тохиролцож, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Талууд гэрээний дагуу Булган гол дахь ордны төсөлд хамтран ажиллахаар тохиролцож, Эвэрласт ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг бэлэн байдалд байлгах, тэдгээрийг ажиллуулах оператор механикийн мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлэх, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийг гаргах, Бүркит корпораци ХХК нь төсөл хэрэгжүүлэх газрын тусгай зөвшөөрлийн холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлэх, энэхүү ажлыг удирдан зохион байгуулах үүргийг тус тус хүлээж, талууд төслийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 /гурван/ жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, гэрээг жил бүрийн эцсээр дүгнэхээр болсон байна.
Нэхэмжлэгч Эвэрласт ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч Бүркит корпораци ХХК-ийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар үнэлэн Эвэрласт ХХК болон Бүркит корпораци ХХК нарын хооронд Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1-д заасан ... тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн байна гэж үзлээ.
Хариуцагч Бүркит корпораци ХХК-ийн захирал нь 2015 оны 6 сард Улаанбаатар хотын БИ БИ ЭМ Майнинг ХХК бидэнд хамтран ажиллах сонирхолтойг хэлж ярилцан тохиролцож, тэд манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий Булган сум дахь алтны шороон ордод ажил явуулахаар болсон, гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байх үед Улаанбаатар хотын Эвэрласт ХХК-ийн хүмүүс адилхан хамтран ажиллах санал дэвшүүлсэн, урьд ярилцаж буй компанийн саналаас илүү ашигтай, мөн удаан хугацаагаар ажиллах найдвар төрүүлсэн учир хамтран ажиллахыг зөвшөөрч гэрээ байгуулсан, өөртөө ноогдох хувиас суутган тооцуулахаар урьдчилгаа өгч туслахыг хүссэн тул тэд 75 сая төгрөг өгөхөөр тохирч, урьдчилан 25 сая төгрөг өгсөн, бидэнд өгсөн 25 сая төгрөгийг буцаан өгөх боломжгүй, хуурамч гэрээ байгуулсан, хуурч мэхэлсэн, манай компанийг хохироосон гэж тайлбарлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй учир хариуцагчийн тайлбар нь бүрэн нотлогдохгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Эвэрласт ХХК нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 25 сая төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Бүркит корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Замирагийн ХААН банк нь дахь 5007667459 дугаартай данс руу шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны орлогын мэдүүлгээр, мөн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд хэлсэн миний эхнэрийн ХААН банк нь дахь дансанд 25 сая төгрөг орж ирсэн, авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх тайлбараар бүрэн нотлогдож байна.
Гэрээний 6 дугаар зүйлд зааснаар Эвэрласт ХХК нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ хариуцагч талд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/06 дугаартай, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/10 дугаартай, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/26 дугаартай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлж байсан байна.
Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээний нэг тал болох Эвэрласт ХХК нь гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талдаа мэдэгдсэн байна гэж үзлээ.
Талууд гэрээний дагуу Булган гол дахь ордны төсөлд хамтран ажиллахаар тохиролцсон боловч тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй, тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бүркит корпораци ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн 25000000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан Эвэрласт ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Эвэрласт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэрт шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр /баримт №3/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Бүркит корпораци ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн 25000000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан Эвэрласт ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Эвэрласт ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Бүркит корпораци ХХК-ийн санхүүгээс 282950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эвэрласт ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН