Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01243

 

 

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01243

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Наркологийн эмнэлгийн урд, өөрийн байранд байрлах, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Голден парк хотхон, 106 дугаар байр, 81 тоот хаягт оршин суух, 46 настай, эрэгтэй, Жаа овогт Дашбазарын Ганболд /РД: ФЖ71031511/,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Ганболдыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийг төлөөлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн 4 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч Ш.Цолмонбаатар, гуравдагч этгээд Д.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ш.Цолмонбаатар би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Паркийн 106 дугаар байрны 81 тоотод оршин суух Дашбазар овогтой Ганболд нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, ар гэрээс нь хүсэлт ирүүлсэн байх тул архины албадан эмчилгээнд явуулахаар хүсэлт гаргасан. Удаа дараа саатуулах байранд хүргэгдэж байсан, ар гэрээс нь архины эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй нь тогтоогдож байх тул манай хорооны оршин суугч Д.Ганболдыг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 сард бараг бүтэн архи уусан. Архинаас гаръя гэж бодож байгаа. Архи уухаараа эхнэр, хүүхэдтэйгээ муудалцаад байдаг болсон. Намайг архины албадан эмчилгээнд явуулах тал дээр зөвшөөрч байна. Би гарч ирээд ТББ-ын шугамаар сэтгэл засал эмчилгээ бас хийлгэх гээд очиж үзсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс нь гуравдагч этгээд Д.Ганболдыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд Д.Ганболд нь байнга архидан согтуурдаг, архинд донтох эмгэгтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нарын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байна.

Гуравдагч этгээд нь архи байнга хэрэглэдэг, архидан согтуурсан үедээ зөрчил гаргасан, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан нь түүний эхнэр П.Эрдэнэчимэгийн болон өөрийн тайлбар, цагдаагийн байгууллагын АСАП сангийн бүртгэл, зөрчлийн лавлагаагаар 2014 онд 2 удаа, 2016 онд 4 удаа, 2017 онд 1 удаа эрүүлжүүлэгдсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Иймд Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн  шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэсэн нөхцөл байдал бий болсон байх тул гуравдагч этгээд Д.Ганболдыг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 134 дүгээр зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жаа овогт Дашбазарын Ганболд /РД: ФЖ71031511/-ыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлэхээр тогтоосугай.

2. Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Д.Ганболдыг архины албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Гуравдагч этгээд Д.Ганболдын албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд шийдвэр гарсан, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ