Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2017/00453

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2017/00453

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Жадик овогт Ш.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, Шыбарайгыр овогт К.Б, Шыбарайгыр овогт А.К нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэн болон бэлэн бусаар авсан мөнгө болох 9700000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр К.Бтай харилцан тохиролцож Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай хувийн эзэмшлийн газрыг ( 53*33=1750 м2) худалдаж авахаар тохиролцсон юм.

Гэвч К.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 10-нд 6000000 төгрөгийг авсан ба тус газрын гэрчилгээг зээлийн барьцаанд байгаа талаар огт яриагүй буюу 6000000 төгрөгийг авсан баримт өгөөгүй юм. Би тухайн үед К.Бтай бид хоёр баз учраас К.Бы хэлсэн ярьсан бүхэнд итгэж байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр К.Бд газрын гэрчилгээг нэр дээр шилжүүлье гэж утсаар ярихад худалдаж авах тус газрын гэрчилгээ Голомт банкны зээлийн барьцаанд байгааг хэлж дахин 8000000 сая төгрөгийг Ханбүргэд ХХК-ны дансанд хийж байж зээл төлөгдсөн тохиолдолд гэрчилгээг чөлөөлж аваад чиний нэр дээр саадгүй шилжүүлж өгнө гэсэн юм.

Ингээд би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ханбүргэд ХХК-ны дансанд 8000000 төгрөгийг хийж нийт 14000000 төгрөг өгсөн болно. Гэтэл К.Бд удаа дараа залгаж мессеж бичиж газрын гэрчилгээг нэр дээр шилжүүлэх талаар уулзаж ярилцах гэсэн боловч надаас зугтаж мессежээр янз бүрийн тайлбар хэлж, газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй залилсан байна. Би тухайн үед аргагүйн эрхэнд аав С.Шаяхметээр дамжиж Голомт банкны захирал М.Мейрамхантай яриулахад Ханбүргэд ХХК-ны газрын гэрчилгээ зээлийн барьцаанд байгаа, та нар байтугай хэн ч ирсэн ч өгөхгүй. А.К зээлээ төлөхгүй байгаа тул бид шүүхэд хандаж байна гэсэн хариу өгсөн юм.

Ингээд би А.К, К.Б нартай уулзаж ярилцахад чамд зарах гэсэн газрыг Зархумын хүү Онгар авах гэж байгаа тул 2017 оны 2 дугаар сарын 13-ны хүртэл шүүхэд өгөхгүй байх талаар гуйсан юм. Миний бие баз К.Бы болон түүний эцэг болох А.К нарын нэр хүндийг бодож өдий хүртэл шүүхэд хандалгүй тэсэж явлаа.

Гэвч харамсалтай нь эцэг хүү хоёр миний цайлган сэтгэлийг ашиглан залилж явсан байна. Иймд аргагүйн эрхэнд шүүхийн байгууллагад хандахад хүрлээ. Миний бие 6000000 төгрөгийг мөнгөний ченж болох А.Баас түр зээлж авч дараа нь миний эхнэр болох А.Жанботагаар цалингийн зээл гаргуулан авч барагдуулсан ба 8000000 төгрөгийг ээж Ш.Динагаас авч өгсөн юм.

А.К нь аймгийн анхан шатны шүүхэд гомдол гаргана гэхэд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 300000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4000000 төгрөг тус тус өгсөн болно.

Иймд бэлэн болон бэлэн бусаар авсан 9700000 төгрөгийг А.К, К.Б нараар барагдуулж өгөхийг хүсэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч А.К шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү К.Бтай газар худалдаж авахаар харилцан тохирч наймаа хийсэн нь үнэн боловч зарим зүйлийг буруу ташаа мэдээлсэн байна.

Нэгдүгээрт ямар ч залилан болоогүй. Хоёрдугаарт 4300000 төгрөг өгсөн гэж бичсэн байна. Би дансанд 4000000 төгрөгийг хийж өгсөн ба 300000 төгрөг илүү бичигдсэн байна. Гуравдугаарт наймаанаас өөрсдөө буцсан. Дөрөвдүгээрт би өгсөн мөнгийг боломжоороо төлж байгаа. Үлдсэн мөнгийг тэтгэврээ тогтоолгоод тэтгэврийн зээл авч төлж өгөх бодолтой байна хүүгийн хамт.

Миний бие манай компани нэр дээр орж ирсэн 8000000 төгрөгийн үлдсэн 4000000 төгрөгийг л төлж өгнө, бусад асуудлыг би хариуцахгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан хүсэлтэд; Миний бие хариуцагч нараас нэхэмжилсэн мөнгө болох 9700000 төгрөгийг зөвхөн А.Кээс л гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч А.К шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ш.Ад бүгд 9700000 төгрөгийг тохиролцож хэлэлцсэний дагуу 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж өгөхөөр болов. Үүнд хүү К.Б хамааралгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Аын нэхэмжлэлтэй, К.Б, А.К нарт холбогдох бэлэн болон бэлэн бусаар авсан мөнгө болох 9700000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.К нь нэхэмжлэгч Ш.Аын нэхэмжилсэн 9700000 төгрөгийг нь төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч А.К нь нэхэмжлэгч Ш.Ад 9700000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, К.Бд холбогдох хэсгийн хамт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170150 төгрөгийн тал нь болох 85075 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сангийн 0000100102000941 дугаартай данснаас 85075 төгрөг, мөн хариуцагч А.Кээс 85075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч А.К нь нэхэмжлэгч Ш.Ад 9700000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, К.Бд холбогдох хэсгийн хамт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170150 төгрөгийн тал нь болох 85075 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сангийн 0000100102000941 дугаартай данснаас 85075 төгрөг, мөн хариуцагч А.Кээс 85075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.К нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК