Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

 

 

 

        

   2022        03           15                                      2022/ШЦТ/88

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 2238000290081 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Н.

Шүүгдэгч Э.Н- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг ... тоотод байрлах байрлах Анар кузов засварын газарт 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.М-тэй танхайн сэдэлтээр маргалдан барьж байсан хайчаар зүүн гарын булчин тус газарт хатгаж улмаар зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Н- нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод байрлах байрлах “Анар” кузов засварын газарт М.М-тэй танхайн сэдэлтээр маргалдан барьж байсан хайчаараа түүний зүүн гарын булчинд хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалганд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
  • Хар өнгийн бариул бүхий төмөр хайч 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
  • Хохирогч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ...багажаа аваад тэнд ашиглаж байсан зүлгүүрийн машин, батарей дрилл, тайрагч, машин буддаг буу зэргийг авах гэхэд А- ах чи намайг яагаад байгаа юм гэж хэлснээ нэг хайч барьж ангайлгаж баруун гартаа атгаж байгаад миний зүүн гарын булчин руу нэг удаа бүлсэн. Тухайн үед нь миний зүүн гарын куртикний ханцуй урагдсан байсан. Куртик урагдчихлаа гэж А-д ахад хэлэхэд дахиад хайч далайсан. Тэгэхэд нь би А- ахыг урдаас нь мөрнөөс татаж эргүүлээд ар талд байсан машин руу шахсан. Тухайн үед грашид байсан нэг ах барьж байсан хайчийг булааж авсан. Би тэндээс зүлгүүрийн машин, батарей дрилл хоёроо аваад гэр рүүгээ явж байхад зүүн гарын булчин хавиар гар янгинаад байсан. Гэр ойрхон байсан тул гэртээ ороход нөгөө хайч нь миний зүүн гарын булчинг зүсчихсэн байсан. Тэгээд энэ талаар А- ахад буцаж очиж хэлээд ажил дээр нь очоод та яагаад байгаа юм намайг ийм болгосон байна, хүмүүст гаргасан уураа яагаад надад гаргаад байгаа гэж гэж хэлэхэд ажил дотроосоо автерк гартаа атгасан гарж ирээд нүдийг чинь сох шаана шүү гэхэд хажуугаас нь нэг ах гарч ирээд автеркийг нь булааж авсан. Тэнд байсан хүмүүстэйгээ хэрэлдээд буцаад ажил руугаа орсон. Намайг тэнд байхад манай хадам аав ирж намайг аваад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Надаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24 дүгээр хуудас/,
  • Гэрч О.Тэнүүнзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...А- гэж дууддаг Э.Н- ах руу өөрөө залгаад холбогдчих гэж хэлээд явуулсан. Тухайн үед цаг 17 цаг болж байсан байх. ...М.М- нөгөө засварын газар руу яваад 20-30 минутын дараа гэртээ ирээд өмсөж явсан куртикээ тайлахад нь зүүн гарын булчин хэсэгт өмсөж явсан куртик, цамц нь цоороод булчингийн хэсэг нь тэр чигтээ цус болсон байсан. Тухайн үед манай нөхөр М.М- сандарсан байдалтай багажаа авах гэсэн чинь Э.Н- ах өдөөд байгаа юм уу гээд барьж байсан хайчаараа зүссэн гэж хэлсэн. Тэгээд М.М- нөгөө газар руугаа буцаад явсан, намайг цагдаа дуудаарай гэж хэлсэн, би цагдаа дуудаад аав руу залгаад М.М- дээр очоорой гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”... 2021 оны 12 сарын 15-ны өглөө М.М- ажил дээрээ ирэхгүй байсан. ...Тэгээд би ажил дээрээ байж байтал машины эздүүд ирээд “засвар яагаад хийгээгүй байгаа юм бэ” гэх мэтээр маргалдаж, хэрүүл маргаан хийсэн. ...харин Э.Н- ах купер наадаг тор хайчлаад сууж байсан юм. Тэгсэн чинь гаднаас М.М- орж ирсэн. М.М-ийг орж ирэхэд нь Э.Н- ах “чи яах гээд ажпаа хийхгүй алга болоод байгаа юм, чамаас болоод энд хэрүүл маргаан гараад байна” гэж уурлаж загнасан. Тэгсэн чинь М.М- “би энд ажиллахгүй, ийм хэрүүлтэй газар ажиллахгүй, багажаа аваад явлаа" гэж хэлээд өөрийнхөө тасдагч, зүлгүүрийн машин хоёроо аваад дээрээс нь нэмээд Э.Н- ахын будгийн бууг аваад гарах гэтэл Э.Н- ах гүйж очоод М.М-ийг барьж авснаа “чи яагаад миний будгийн бууг авдаг юм” гэж уурласан. Тэгээд М.М-, Э.Н- хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. ...М.М-ийг өөрийнх нь будгийн бууг аваад гарч явааг харангуутаа уурлаад гартаа хайч барьсан тэр чигтээ гүйж очоод М.М-ийг тэврээд авсан. Тэгэхэд нь М.М-ийн куртикний зүүн гарын булчин хэсэг нь урагдсан байгаа харагдсан. ...М.М-ийг очоод барьж аваад зууралдах үед нь гражид байсан машины эздүүд салгаж, болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...Би 2021 оны 12 сарын 15-ны өдөр ... Э.Н- ах М.М- хоёр хоорондоо маргалдаад байсан. М.М- болохоор Э.Н- ахын багажийг нь аваад явах гэж байсан, тэгэхэд нь Э.Н- ах юм хийж байснаа өөрийнхөө багажийг авах гэж очоод тэр хоёр хоорондоо зууралдсан. Тзгээд М.М- гараад явсан, би араас нь гараад юу болчих воо гэхэд М.М- надад “гар ийм болчихлоо” гэж хэлээд куртикээ тайлаад надад зүүн гарын булчин хэсгээ харуулсан, харахад тэр хэсэгт нь шалбарсан байсан Э.Н- ах багажаа авах гэж байхдаа гартаа хайч барьсан юм шиг байсан. Ийм зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Гэрч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2021 оны 12 сарын 15-ны өдөр ...манай охины Тэнүүнзаяа утсаар яриад М.М-ийг хамт ажилладаг хүн нь хайчаар бүлсэн байна гэхээр нь Би Мөрөнд байдаг гэртээ очиход М.М- гэрт цустай цэнхэр өнгийн куртикээ тайлж тавиад багажаа очиж авчрах гээд ажиллаж байсан газар руугаа явсан байсан. Тэгээд би араас нь ажил дээр нь буюу 11-5-01 тоотод байх “Анар” гэдэг авто завсар дээр очиход ажлынхаа хаалган дээр багажаа ч авсан юмгүй айсан зогсож байсан. Би юу болсон талаар асуухад “манай ажлын ах намайг хайчаар зүүн гарын булчин руу бүлчихээд одоо багажаа авах гэхэд чамайг орж ирвэл автеркаар нүдийг чинь цөм чичнэ шүү” гээд өгөхгүй байна гэж хэлсэн. Би наадахаа боль гээд шууд суулгаад цагдаагийн газарт очиж бүртгүүлээд эмнэлэг рүү авч 2 оёдол тавиулаад гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
  • Гэрч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”... Тэгээд манай машиныг засахгүй удаад байхаар нь би хүүгийнхээ хамт 2021 оны 12 сарын 15-ны өдөр Мөрөн сумын 11-р хороонд байрлах “Анар” засварын газарт ...очтол засварын газрын ажилчид харагдахгүй байхаар нь тэнд байсан үл таних залуугаас “энэ засварын ажилчид хааччихсан юм бэ” гэхэд нэг махлаг бор залуу надад “энд зодоон боллоо, энэ засварын Э.Н- гэх залуу хамт ажилладаг залуугаа хайчаар чиччихлээ, харсаар байж хүнийг алуулалтай нь биш гээд салгалаа” гэх зүйлсийг ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2021 оны 12 сарын 15-ны өдөр М.М- гэх 21 настай, эрэгтэй ирсэн. Тэр залуугийн зүүн гарын булчин тус газартаа өнгөц ил шархтай ирсэн. Би М.М- гэх хүнд шарх цэгцлэлт боолт хийж, зөвлөгөө өгч буцаасан. М.М- гэх залуу юу хэлж байсныг сайн санахгүй байна, гэхдээ манай яаралтай хуудсан дээр “хайчаар цохиулсан” гэж тэмдэглүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...би 2021 оны 12 сарын 15-ны өдөр ээжийнхээ хамт очтол тэнд дан машинаа авах гэсэн хүмүүс цугларчихсан байсан. ...Удалгүй тэр засварын газрын Э.Н- гэх залуу ирсэн юм. ...Тэдний граж их хүйтэн байсан тул би гадаа гараад тамхи татчихаад буцаад граж руу нь ороход Э.Н- гэх залуу гартаа хайч ангайлгачихсан “чамайг алчихсан ч яадаг юм, би нэгэнт өнгөрсөн хүн” гээд хашхираад М.М- гэх залуу руу дайрч байгаа шинжтэй байсан, тэр хоёрын голоор нь нэг үл таних бүдүүн ах салгачихсан зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 21 дугаартай: ”1. М.М-ийн биед зүүн бугалганд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. М.М-ийн биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,
  • Шинжээч эмч Г.Алтайн: ”...М.М-ийн биед үүссэн уг шархны шинж байдлаас үзэхэд шархны эргэн тойронд зурагдал үүсээгүй, мөн шархны чиглэлээс үзэхэд 1 удаагийн үйлдлээр чиглүүлж, тодорхой хүчээр хатгахад үүсгэгдсэн шарх байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний будгийн бууг М.М- тухайн үед аваад гарч байхыг нь хараад би буугаа авах гээд М.М- рүү гүйж очоод маргалдаж, юм хийж байхдаа гартаа барьчихсан байсан хайчаараа хатгасан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-70 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, уур бухимдлаа тэвчиж чаддаггүй байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Н- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Н-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт хохирогч М.М-ийн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 86х/, прокуророос сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай төмөр хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Н-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай төмөр хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР