Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Сумъяа, 

Шүүгдэгч Ц.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Ууганбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130001340151 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,  Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг, “Эрдэнэчулуун” гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. РД:ЛК72093010 Бадгар овогт Цэгмидийн Ууганбаяр.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  Ц.Ууганбаяр нь жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ухаагийн ар” гэх газар улсын чанартай А2001 дугаартай авто зам дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, хул өнгийн Даюун маркийн мотоциклыг жолоодон хохирогч Т.Хүрэлбаатарын жолоодож явсан улсын дугааргүй цэнхэр өнгийн Ying Yang маркийн мотоциклыг чирч явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 22.6 дахь хэсэгт зааснаар “хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг чирэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Хүрэлбаатарын унаж явсан мотоцикл онхолдож, авто осол гарсны улмаас амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт  холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ц.Ууганбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр намайг гэртээ байхад “миний мотоцикл эвдэрчхээд байна хүрээд ирээч” гэж дуудсан. Бид хоёр гэр бүлийн найзууд учраас очсон. Тэгээд би “чи мотоциклоо үлдээчих гэсэн чинь орхихгүй, мотоциклын юм алга болчихно” гээд байсан. Шороон замаар чирээд явъя гэхэд засмал замаар чирээд явчих гэж хэлсэн. Мотоциклыг нь чирч явсан нь миний буруу. Хийсэн хэрэгтээ харамсаж байна... гэв.

           

2130001340151 дугаартай хавтаст хэргээс:

 

  • Шүүгдэгч Ц.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг  “Эрдэнэчулуун” гэх газар хөдөө гэртээ байж байтал 16 цагийн  орчимд манайхантай саахалт байдаг ойр айлын хүн болох Т.Хүрэлбаатар 80211378 дугаарын миний утас руу залгаж “Мөнххаанаас гэр рүүгээ буцаж байгаад мотоцикл эвдэрчихлээ. 10 гаран километр засмал зам дээр чи хүрээд ирээч” гээд хэд хэдэн удаа залгаад гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, хул өнгийн Даюун маркийн мотоциклтой ганцаараа яваад очтол Т.Хүрэлбаатар өөрийн эхнэр Балжиннямын хамт “Ухаагийн ар” гэх газар засмал замын хажууд мотоцикл нь асахгүй  байж байсан бөгөөд Т.Хүрэлбаатар архи уусан бололтой халамцуу байсан. Гэтэл Т.Хүрэлбаатар шуудайн дотроос нэг шил 0.75 граммын “Ерөөл” архи гаргаж ирж задлаад надад шилээр нь өгсөн. Би уугаагүй, сэржим өргөөд буцаагаад өгөхөд өөрөө тэр архинаас шилээр нь нэг удаа уусан. Би Хүрэлбаатарыг чи одоо болно, хамаагүй ууж болохгүй, согтоно гээд болиулсан. Тэгээд би Хүрэлбаатарт “Чи наад мотоциклоо энд орхичих, гурвуулаа сундлаад явъя” гэхэд “мотоцикл орхиж болохгүй хамаг юм алга болно, чи намайг чирээд явчих ямар ч асуудал байхгүй” гээд байхаар нь Хүрэлбаатарын эхнэр Балжинням миний ард сундлаад Хүрэлбаатарын мотоциклыг чирээд засмал замаар зүүн тийшээ 4-5 километр зам туулаад явж байтал Т.Хүрэлбаатар гэнэт миний зүүн гар талаар хажуугаар гүйцэж түрүүлээд замын ирмэг дээр онхолдож унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Балжиннямын “... 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчимд хөдөө гэрээсээ Мөнххаан сумын төв рүү нөхөр Т.Хүрэлбаатарын хамт “Ying Yang”  маркийн мотоциклтой ирсэн. Манайх сумын төвөөс 50 км орчимд “Эрдэнэчулуун” гэх газарт байдаг. Тэгээд 16 цагийн үед ажлаа амжуулаад Т.Хүрэлбаатарын “Ying Yang”  маркийн мотоциклтой буцаж явсан. Тэр үед манай нөхөр Т.Хүрэлбаатар нь ганцаараа 2 ширхэг 2.5 литрийн пиво эгч Зайнаагийн гэрт уусан. Т.Хүрэлбаатарыг явахад эгч Зайнаа нь нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч өгч явуулсан. Тэгээд сумын төвөөс зүүн тийш 40 гаруй километрт явж байтал мотоцикл гэнэт унтрахад шууд л утсаараа Ц.Ууганбаярыг дуудсан. Анх удаа дуудахад нь Ц.Ууганбаяр нь ирэхгүй гээд байсан. Тэгээд 5-6 удаа залгаж байгаад дуудсан. Ц.Ууганбаяр нь хүрч ирэхэд манай нөхөр Т.Хүрэлбаатар “манай мотоциклыг чирээд өг” гэсэн. Тэгээд би Ц.Ууганбаярын ард суугаад Т.Хүрэлбаатар өөрийнхөө мотоциклыг жолоодож уяагаар чирээд засмал зам дагуу зүүн тийшээ гэр лүүгээ явсан. Тэндээс хөдлөөд 1-2 км явж байсан чинь манай нөхөр мотоциклтойгоо хажуугаар гүйцэж түрүүлээд зүүн гар талаар ороод ирсэн. Тэгэхэд чирч явсан уяа нь тайлагдаагүй байсан тул мотоцикл нь татагдаад Т.Хүрэлбаатар урагшаа годройтоод унасан. Унахаар нь очиж харахад 2 чихнээс цус гарсан ухаангүй байсан. Тэгээд эмнэлэг дуудсан... Манай нөхөр Т.Хүрэлбаатар нь Мөнххаан сумын эмнэлэг дээр очоод 8-9 хоносон. Тухайн үед биеийн байдал нь их муу байж байгаад нас барсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар  хуудас/,
  •  
  • Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч Э.Бат-Үйлсийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “... Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Цэгмид овогтой Ууганбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “22.6 хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг чирэхийг хориглоно”, “3.1а Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, “3.4в Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчих тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...Жолооч Ц.Ууганбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 22.6 дахь хэсэгт зааснаар хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг чирэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай “...Т.Хүрэлбаатарын биед тархины няцрал хүнд хэлбэр, гавал доторх цусан хураа, тархи дарагдалт, тархины ком бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэл хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай “...1. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины орой зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, болон зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун шанаа, хамар, зүүн хацарт болон баруун шуу, сарвуу, зүүн мөр, зүүн шуу, сарвуу, зүүн хөлийн шилбэнд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон байна. 2. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Талийгаач нь гавлын зүүн чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины орой зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх болон зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтаар нас барсан байна. 4. Талийгаач шууд үхэлд хүргэсэн өвчин байхгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-37 дугаар хуудас/,

 

  • Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч Ц.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч Ц.Ууганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч Ц.Ууганбаярын жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

  • Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ухаагийн ар” гэх газар улсын чанартай А2001 дугаартай авто зам дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, хул өнгийн “Даюун” маркийн мотоциклыг жолоодон хохирогч Т.Хүрэлбаатарын жолоодож явсан улсын дугааргүй цэнхэр өнгийн Ying Yang маркийн мотоциклыг чирч явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 22.6 дахь хэсэгт зааснаар “хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг чирэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Хүрэлбаатарын унаж явсан мотоцикл онхолдож, авто осол гарсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Ууганбаярын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Балжиннямын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн магадлагаа, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай,  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ.

 

Хэргийн баримт болох мөрдөгчийн магадалгаагаар “... Цэгмид овогтой Ууганбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “22.6 хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг чирэхийг хориглоно”, “3.1а Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, “3.4в Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчих тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна... Жолооч Ц.Ууганбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 22.6 дахь хэсэгт зааснаар хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг чирэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримтад үндэслэгдсэн хийгээд авто тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ууганбаяр  дээрх журмыг зөрчсөн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Ууганбаярын хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хүний амь насыг хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч Ц.Ууганбаярын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.6 дахь хэсэгт зааснаар “хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг чирэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж чирч явсан мотоциклыг онхолдуулсны улмаас талийгаач Т.Хүрэлбаатарын амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ууганбаярыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Т.Хүрэлбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ц.Ууганбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ.

 

Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовуурь шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал бөгөөд энэ тохиолдолд шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой юм.

 

Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, үүнийг нөхөн сэргээх, хор уршгийг арилгах боломжгүй боловч амь хохирогч Т.Хүрэлбаатар нь шүүгдэгч Ц.Ууганбаяртай гэр бүлийн найзууд бөгөөд амь хохирогчийн эхнэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Балжинням нь “хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэснийг үндэслэвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжилсэн зүйлгүй ба шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

 

Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай” ба уг гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Ууганбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар “ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжихээр хуульчилсан байна.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ууганбаярт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг уг хуульд хамруулж өршөөн хасах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичгийн баримт болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шүүгдэгчид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч …………..Ууганбаярыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ууганбаярын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ууганбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар “ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ууганбаярыг тогтоосон хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Ц.Ууганбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ууганбаярт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Балжинням гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР