| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00318/И |
| Дугаар | 130/ШШ2017/00454 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2017/00454
| 2017 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 130/ШШ2017/00454 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Жантекей көбек овогт С.Тын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Найман овогт Б.Хт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, түүний өмгөөлөгч Т.Бахыт, хариуцагч Б.Х, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Эхнэр Б.Хаас гэрлэлтээ цуцлуулж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охинТ.Ныг өөрийн асрамжид авахыг хүсжээ.
Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Т миний бие Б.Хтай 2009 онд гэр бүл болсон ба энэ хугацаанд 2010 оны 3 дугаар сарын 22-нд охин Жансел, 2015 оны 5 дугаар сарын 01-нд охин Нурайым нар төрсөн. Бид хоёр гэрлэснээс хойших хугацаанд байнга таарамж муутай амьдарч ирсэн юм. Урьд дээрх байдлаас болж олон удаа салж, эргээд нийлж явсан. Энэ нь хүүхдүүдийн цаашдын хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Урьд анх 2010 онд шүүхэд гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахад 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 562 дугаар захирамжаар бид хоёрыг эвлэрүүлэх арга хэмжээ авсан. Тэгээд 2013 онд ямар ч шалтгаангүйгээр гэрээс зугтаж яваад өгсөн. Тэгээд ирэхгүй болохоор нь би шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хэлэлцээд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай шийдвэрийн дагуу бид хоёрын гэрлэлтийг цуцалсан юм. Түүний дараа бид хоёр 2014 оноос эхлэн хамтран амьдарч байх явцад 2015 оны 5 дугаар сард хүүхэдтэй болсон тул хүүхдээ бодоод гэрлэлтээ дахин сэргээж, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандаж гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Гэтэл түүнээс хойших хугацаанд гэр бүлийн харилцааны таарамжгүй байдал үргэлжилсээр байсан тул 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсаны дагуу хүлээн авч хэлэлцэхэд эвлэрэх боломжгүй болсон тул эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа амжилтгүй болсон юм. Мөн эхнэр Б.Х нь хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны үеэр ямар ч шалтгаангүй хоёр хүүхдээ миний аав ээж хоёрт орхиод яваад өгсөн, өнгөрсөн хугацаанд дахин ирээгүй, ямар нэгэн байдлаар холбоо бариагүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй салгаад байна. Миний бие өөрийн эцэг эх, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг ба одоо хоёр хүүхдээ аав, ээж бид гурав асран хамгаалж байна. Том охин Т.Жансел нь 1 дүгээр ангид сурч байгаа ба бага охин болохТ.Н нь одоо 2 настай, түүнийг хөхнөөс нь салгаж миний ээж дээр орхиод явсан, ээж сүүгээр асарч байна. Иймд Б.Х бид хоёрын гэрлэлтийг цуцалж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охинТ.Ныг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б.Х бид хоёр 2009 онд гэр бүл болсон. Бид хоёр хоорондоо таарч тохироогүй учир 2013 онд гэр бүл цуцлуулж байсан. 2015 онд охин Нурайым төрсөн учир дахиж гэрлэлтээ сэргээсэн. Бид хоёр дахиж таарч тохироогүй учир гэрлэлт цуцлуулахыг хүсэж байна. Б.Х намайг байнга хардаж сэрддэг, мөн эцэг, эхтэй маань таарч тохирдоггүй. Иймд Б.Хаас гэрлэлт цуцлуулж, охин Нурайымыг өөрийн асрамжид авахыг хүсэж байна гэв.
Хариуцагч Б.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Табыс бид хоёр гэр бүл болж эхэлснээс хойш таарамж муутай байнга хэл ам болж явдаг нь үнэн бөгөөд өмнө нэг удаа гэрлэлтээ цуцлуулж дахин гэрлэлтээ сэргээж байсан удаатай. Бид хадам аав, ээжийн хамтаар амьдардаг. Дээд боловсролтой, зуны цагаар орчуулагчаар ажиллаж орлого олдог ба өвлийн улиралд гэртээ байдаг. Өөр өөр хэлбэл улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг юм. Бид хот хооронд явдаг хувийн автобустай, хөрөнгө мөнгөнөөс дутах юмгүй, бурхнаас заяасан хоёр хөөрхөн охинтой. Харин Табыс сүүлийн жилүүдэд өөр нэг эмэгтэйтэй эр, эмийн холбоо тогтоож тэрхүү эмэгтэйтэйгээ байнга уулзаж, надтай өмнийнхөөс илүү хүйтэн харьцдаг болсон. Дээрх байдлаас болж бидний хэрүүл урьдынхаас ч хурцадмал байдалд хүрч энэхүү хэрүүлд хадам аав, ээж оролцоод манай хүү Табыс нь өөр эмэгтэй хүнтэй холбоо тогтоогоогүй, чи орлого олдоггүй авгайг бид асарч дууслаа гэрээс зайл, яв хэмээн дарамталсаар байхаар нь би гэрээс яваад өгсөн нь үнэн. Гэрээс явах үед надад хоёр хүүхдийг минь хамтаар явуулахгүйгээр албаар авч хоцорсон бөгөөд хүүхдүүдийг авч явбал толгойг чинь хэрчээд авна хэмээн айлган сүрдүүлсэн. Гэрээс явах үед Табыст надаас болж байгаа зүйл бол уучлаарай, харин чи намайг уучил хэмээн уучлал хүсэхэд одоо бүх юм дууссан явж зайл хэмээн гаргасан. Эцэст би гэрлэлтээ цуцлуулахгүй учир нь бид гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд миний хоёр охины ам амьдралд маш муугаар нөлөөлж ирээдүйд мөн адил бид хоёрын амьдралыг давах магадлал өндөр болохыг хэлмээр байна. Мөн шүүхийн өмнө Табысаас дахин дахин уучлал хүсмээр байна? Цаашид нөхрийн хамтаар хоёр охинтойгоо сайн амьдрахыг л хүсэж байна. Хоёр охиноо амьдаар нь өнчин амьдрал туулахыг хүсэхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т бид хоёр 2009 онд гэр бүл болсон. С.Т шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа Б.Х бид хоёр таарч тохироогүй, хүчээр гэр бүл болсон гэж байна. Энэ бол худлаа. Бид хоёр олон жил үерхэж байж гэр бүл болсон. 2013 онд ямар ч шалтгаангүйгээр гэр бүл цуцлуулаагүй. Тухайн үед бид нар хадам эцэг эхийн хамт амьдардаг байсан. Хадам эцэг эх маань миний чадахгүй зүйлийг зөвлөдөг байсан. Нэгэнт гэр бүл болсон хойно хэрүүл маргаан гарахгүй байна гэж байхгүй, жижиг сажиг зүйлээс болж маргаан гардаг байсан. Гэхдээ гэрлэлт цуцлуулахаар тийм ноцтой шалтгаан байгаагүй. 2013 онд гэр бүл цуцлуулах болсон шалтгаан маань би хадам эцэг эхтэйгээ ойлголцож чадаагүй. 2015 онд охин Нурайым төрсөн учир бид хоёр нэг нэгнийгээ ойлголцож буцаж нийлж, сайн сайхан амьдарч байсан. С.Т намайг ийш тийшээ явахад учиргүй харддаг гэж байна. Би ямар ч шалтгаангүйгээр хардахгүй. Ер нь өөр хүнтэй холбогддог байсан. Тэгэхэд би учир байдлыг өөрт нь хэлээд ойлгуулаад ойлгохгүй болохоор нь эцэг эхэд нь хэлдэг байсан. Тэгэхэд өөрөө хүлээн зөвшөөрдөггүй байсан. С.Т өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлээд нөхөргүй, 3 хүүхэдтэй 40 настай нэг эмэгтэйтэй холбогдсон. Энэ бүгдийг та бүхний өмнө хэлэх нь надад ичгэвтэр байна. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна. Би өөрөө С.Тыг хуурч тийм зүйл хийж байгаагүй. С.Т надад хий гэсэн ажлыг хийдэг, ажил хийгээд хэрэггүй гэртээ хүүхдээ хараад суу гэхээр нь хүүхдээ хараад гэртээ суудаг байсан. Бага охин маань мэндэлсний дараа 5-6 сартай байхад нь Сансар худалдааны төвд цэвэрлэгчийн ажил хийгээд сард 100000 төгрөгийн цалин авдаг байсан. Тэгэхэд надад чи гийгүүлэхгүй юм байна, боль гэж хэлсэн. Тэгэхэд би бас зөвшөөрөөд за гээд 2 хүүхдээ хараад гэртээ сууж байсан. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна. 2 хүүхдийнхээ ирээдүйг бодоод гэрлэлт цуцлуулахыг хүсэхгүй байна. Хоёр хүүхдээ эцэггүй өсгөхийг хүсэхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т нь эхнэр Б.Хаас гэрлэлтээ цуцлуулж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охинТ.Ныг өөрийн асрамжид авахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Х нь нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулахгүй, хоёр охиныг эцэггүй өнчин хүмүүжүүлмээргүй байна. Хэрэв шүүхээс нөхөр бид хоёрын гэрлэлтийг цуцалбал хоёр охиныг өөрийн асрамжид авна, эцгээр нь тэжээн тэтгүүлнэ гэж маргажээ.
Шүүх гэрлэгсдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
-хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Т, хариуцагч Б.Х нар нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 92 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцалж байсан байна.
Улмаар нэхэмжлэгч С.Т, хариуцагч Б.Х нар нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ сэргээж Өлгий сумын 8301000237 дугаарт бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авч хууль ёсны эхнэр нөхөр болсон нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 231/002192 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Шүүхээс гэрлэгчид С.Т, Б.Х нарт хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, гэрлэгчид 2013 онд шүүхээр гэрлэлтээ цуцалж байсан байдал, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 07 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэлээр С.Т, Б.Х нар нь цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэн эвлэрэх найдваргүй, үр дүн гарахгүй нь ойлгомжтой болсон гэсэн үндэслэлээр дуусгавар болсон мөн нэхэмжлэгч С.Т нь өөр эмэгтэйтэй эр, эмийн харилцаатай болсон нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд гэрлэгчдэд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь тогтоогдож байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охинТ.Ныг өөрийн асрамжид авахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох,... асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид С.Т, Б.Х нар нь 2013 онд гэрлэлтээ цуцалсны дараа хамтран амьдарч 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ сэргээсэн байх бөгөөд энэхүү хугацаанд гэрлэгчдийн дундаас 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр охинТ.Н төрсөн болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 231/002194 дугаартай, 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр охин Т.Жансел төрсөн болох нь хэрэгт авагдсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 231/002193 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байгаа ба Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охинТ.Ныг өөрийн асрамжид авахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловчТ.Н нь 2 нас 3 сартай бага насны, охин хүүхэд мөн охин Т.Жанселийн санал, гэрлэгчдэд тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд эхтэйгээ хамт байсан байдал зэргийг харгалзанТ.Н, Т.Жансел нарыг төрүүлсэн эх нь болох Б.Хын асрамжид үлдээж, 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь С.Таар тэжээн тэтгүүлэх, нэхэмжлэгч болон хариуцагч нар хуваарьт болон дундын хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх тус тус үүрэгтэй тул нэхэмжлэгч С.Тын хоёр охиныг хариуцагч Б.Х асрамждаа авна гэвэл тэтгэмж төлөхгүй гэсэн тайлбараар хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр байхаар хуульчилсан байх тул нэхэмжлэгч С.Тын хоёр охинТ.Н, Т.Жансел нарыг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.
Нэхэмжлэгч С.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Хаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жантекей көбек овогт С.Т, Найман овогт Б.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Табысын Нурайымыг нэхэмжлэгч С.Т нь өөрийн асрамжид үлдээж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охинТ.Н, 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Жанселийг эх нь Б.Хын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охинТ.Н, 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Жансел нарыг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Таар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
6. Нэхэмжлэгч С.Т, хариуцагч Б.Х нар нь хуваарьт болон дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгосугай.
8. Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэгчдийн гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Маншукт үүрэг болгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
10.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ