Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч Х.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Баттулгад холбогдох 2130001740175 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

 Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын -ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Жавхлант жишиг хорооллын 6-04 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:ЛЛ82052336 Нордов овогт Халзанбухын Баттулга.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Шинэ Дэнжийн 5-508 тоот хашаанд Я.Отгонбаатарыг зодож, эрүүл мэндэд нь нүүрний зүүн хэсгийн цус хуралт, хамар ясны хуучин хугарал, гэмтлийн гаралтай шүдний булгаралт, 21-р шүдний паалангийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Х.Баттулгад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Х.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Би Отгонбаатарын нүүрэнд нь баруун  гараараа нэг удаа цохиод унахаар нь нэг удаа өшиглөсөн. Хаана нь өшиглөсөн талаараа сайн санахгүй байна... Отгонбаатарт эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

Хохирогч Я.Отгонбаатарын: “... Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Шинэ Дэнжийн 5-508 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд Н.Хүрэлсүхийнд ороход Н.Хүрэлсүх, Х.Баттулга, Г.Оргодол нарын хүмүүс 2.5 литрийн пиво ууж байсан. Би тухайн хүмүүст 0.75 литрийн архи авч өгсөн. Бид нар бөөндөө тэр архийг хувааж уугаад дуусахад Х.Баттулга дэлгүүр лүү архинд яваад 0.75 граммын архи авч ирсэн. Архийг ууж байгаад Х.Баттулга бид 2 хоорондоо морь мал ярьж байгаад маргалдаж Х.Баттулгыг гараараа удаа дараалан толгой руу нь цохиход Х.Баттулга өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Г.Оргодол, Н.Хүрэлсүх нар “та хоёр хоорондоо маргалдаж муудаж болохгүй” гээд бид хоёрыг эвлэрүүлсэн. Бид нар үлдсэн архиа ууж дууссан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар манай гэрийн хашааны баруун хойд талд Х.Баттулга бид хоёр маргалдахад намайг Х.Баттулга нь гараараа цохиж унагаасны дараа нүүр лүү өшиглөсөн гэдгийг нь санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Оргодолын: “...2021 оны 07 дугаар сарын 14-ний өглөөний 07 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Шинэ дэнжийн 705 тоотод байх гэртээ байхад найз Х.Баттулга над руу залгаад гэрийнхээ гадаа гараад ир гээд утсаа тасалсан. Х.Баттулга, Н.Хүрэлсүх нар хамт явж байсан. Тэжээлийн байрны урд Х.Баттулгын мотоцикл нь эвдэрсэн байсан. Бид гурав мотоциклыг нь янзлаад Н.Хүрэлсүхийн гэрт очсон. Тэгээд 2.5 литрийн 3 пиво ууж дуусахад Я.Отгонбаатар Н.Хүрэлсүхийн гэрт ирээд бид гуравт 0.75 граммын архи авч өгсөн. Бид нар бөөндөө тэр архийг нь хувааж уусан. Дараа нь Х.Баттулга дэлгүүрээс 0.75 граммын архи авч ирсэн. Тэр архийг мөн бөөндөө уугаад талд нь орж байхад Х.Баттулга, Я.Отгонбаатар нар хоорондоо маргалдсан. Юунаас болж маргалдаж муудсан гэдгийг нь мэдэхгүй. Ямар ч байсан Я.Отгонбаатар Х.Баттулгын толгой руу гараараа удаа дараалан цохиход Х.Баттулга өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Энэ хоёр маргалдаад байхаар нь Н.Хүрэлсүх бид хоёр болиулсан. Тэгээд дахин архиа ууж байхад Н.Хүрэлсүх уусан архиндаа согтоод гэрийнхээ баруун орон дээр унтсан. Харин үлдсэн хүмүүс нь архиа уугаад үлдсэн. Тэгээд би түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Уусан архиндаа согтсон байсан. Тэгээд яаж гэртээ очсон гэдгээ санахгүй байна...” гэх /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Н.Хүрэлсүхийн: “... 2021 оны 07 дугаар сарын 14-ний өглөөний 07 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дүгээр баг шинэ Дэнжийн 5-508 тоотод гэртээ ганцаараа байхад найз Х.Баттулга залгаад мотоциклтой адуунд явж байгаад мотоцикл эвдэрчихлээ гээд байгаа газраа зааж өгөхөөр нь очсон. Бид хоёр найз Г.Оргодолыг аваад Х.Баттулгын мотоциклыг нь аваад янзалж дуусаад бид гурав манайд ирээд 2.5 литрийн 3 пиво ууж байхад миний санаж байгаагаар 15-16 цагийн хооронд Я.Отгонбаатар орж ирсэн. Тэгээд бид нарт Я.Отгонбаатар 0.75 граммын архи авч өгсөн. Тэр архийг бөөндөө ууж дуусахад Х.Баттулга бид нарт 0.75 граммын архи авч өгсөн. Архийг уугаад талд нь орж байхад би уусан архиндаа согтоод гэртээ тасраад унтсан. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өглөө Я.Отгонбаатар нь надад хэлэхдээ “гэрийн хашааны хойд талд Х.Баттулга бид хоёр маргалдаж муудаад Х.Баттулгад цохиулж зодуулсан” гэж хэлсэн. Тэгэхдээ Отгонбаатарыг гэрийнхээ үүднээс харахад Я.Отгонбаатарын зүүн талын хацар, хамар нь хавдсан, баруун нүд нь бага зэргийн хөхөрсөн байсан...” гэх /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Отгонтуяагийн: “... 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад Я.Отгонбаатарын эгч нь ирээд “танай нөхөр Х.Баттулга манай дүүтэй архи ууж байгаад хоорондоо маргалдаж муудсаны улмаас манай дүү Я.Отгонбаатарыг цохиж зодсон байна. Танай нөхөр одоо хаана байгаа юм” гэхээр нь “би нөхрөө хаана байгааг мэдэхгүй байна” гэхэд “Я.Отгонбаатарын биеийг очиж хар” гэхээр нь тухайн айлд очсон. Тэгэхэд Я.Отгонбаатар нь гэртээ хэвтэж байсан. 2 нүд нь хөхөрч хавдсан, баруун талын дал нь урагдаж зулгарсан байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн. Манай бага хүүхэд уйлаад байна гээд том хүү над руу залгахаар нь би гэр лүүгээ явсан. Я.Отгонбаатарын биеийг үзүүлсэн үү гээд эгч рүү нь залгаж асуухад эмнэлэгт үзүүлэхээр явсан гэсэн...” гэх /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ мэдүүлгүүд

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 359 дугаартай: “... Я.Отгонбаатарын биед нүүр хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар хэсгийн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 360 дугаартай: “... Х.Баттулгын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх /хх-ийн 31 дүгээр хуудас/ дүгнэлтүүд

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 359 дугаартай: “... Я.Отгонбаатарын биед нүүрний зүүн хэсгийн цус хуралт, хамар ясны хуучин хугарал, гэмтлийн гаралтай шүдний булгаралт 21-р нүдний паалангийн гэмтэл бүхий учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх хамар ясны хугарал бүхий гэмтэл нь хуучин, бусад гэмтэл нь шинэ гэмтлүүд  байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Х.Баттулгын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Х.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Х.Баттулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/

 

Хохирогч Я.Отгонбаярын “...Баттулга надаас уучлал гуйсан. Одоо түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдээ илэрхийлж байна. Иймд Баттулгад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт / хх-ийн 70 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Х.Баттулгын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 81 дугаартай прокурорын тогтоол, санал /хх-ийн 72-75 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Шинэ Дэнжийн 5-508 тоот хашаанд Я.Отгонбаатарыг зодож, эрүүл мэндэд нь нүүрний зүүн хэсгийн цус хуралт, хамар ясны хуучин хугарал, гэмтлийн гаралтай шүдний булгаралт, 21 дүгээр шүдний паалангийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Я.Отгонбаатар, гэрч Г.Оргодол, Н.Хүрэлсүх, Б.Отгонтуяа нарын мэдүүлгүүд, Яаралтай тусламжийн хуудас,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 359 дугаартай, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 359 дугаартай дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Х.Баттулга нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа Я.Отгонбаатартай маргалдсаны улмаас гараараа цохиж нүүрний зүүн хэсгийн цус хуралт, хамар ясны хуучин хугарал, гэмтлийн гаралтай шүдний булгаралт 21 дүгээр шүдний паалангийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Х.Баттулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Х.Баттулгын үйлдлийн улмаас хохирогч Я.Отгонбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Иймд шүүгдэгч Х.Баттулгыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Х.Баттулгад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Баттулга нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Я.Отгонбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.Баттулгад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Х.Баттулгад мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Баттулгад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нордов овогт Халзанбухын Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баттулгад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Баттулгад оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баттулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Баттулгад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Х.Баттулга энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Баттулга энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Я.Отгонбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР