Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, РД:******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* тоотод байх хохирогч *******гийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж эвдэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч 30 метр цахилгааны утас хулгайлж, бусдад 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

******* дугаартай эрүүгийн хэргийн хэргээс:

 

  • Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай найз Засгийн газраас өгсөн 300,000 төгрөгөө аваад найзууддаа пиво авч өгсөн. гэртээ очоод хоол идээд ирнэ гээд явсан, ирэхгүй удаад байхаар нь надтай хамт байсан хүмүүс “намайг ыг дуудаад ир” гэхээр нь би ыг дуудахаар Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* тоот зүүн хашаанаас дуудах гээд орсон. Хашаан дотор төмөр амбаар байхаар нь очиж үзэхэд цоожтой байсан. Хажууд нь хураасан бараан дээр зэвтэй нарийн турба байхаар нь аваад цоожийг нь хөшиж онгойлгоод дотор нь ороход хуйлсан өлгөөтэй утсыг хадааснаар өлгөсөн байхаар нь аваад “”, “”, “” хүнсний дэлгүүрүүдээр зарах гээд хүн авахгүй болохоор нь замаар явж байсан мотоцикл зогсоогоод “төв рүү ороод бууя” гэж гуйгаад Автовокзал дээр очиж буусан. Салхинд цохиулаад тэрнээс хойш хүнд зарсан бэлэглэсэн эсэхээ мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

  • Хохирогч *******гийн: “... Би Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг Төмөртэй 8-12 тоотод амьдардаг. 2021 оны 05 дугаар сарын 22-ны өглөө гэрийнхээ ард байдаг амбаараас эд зүйл авах гээд очтол том цагаан өнгийн цоожийг нь эвдсэн байдалтай байсан. Дотор орж харахад нэг үзүүртээ модон дээр хадаж бэхэлсэн хар өнгийн разетиктай цахилгааны уртасгагч 30 метр утас алга болсон байсан. Тэгээд бусад эд зүйлээ шалгаад цагдаад мэдэгдсэн. Харин утас байсан газарт 50 см орчим урттай бөөрөнхий зэвтэй хар төмөр байсныг бодоход цоожийг эвдсэн төмөр байх. Би алдагдсан цахилгааны утсаа 60,000 төгрөгөөр үнэлнэ. Цоожоо 5,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

  • Гэрч ийн: “... Би аймгийн төвд мотоциклоор таксинд явдаг. 2021 оны 05 дугаар сарын 20-ны үед шиг санагдаж байна. Удсан болохоор өдрөө санахгүй байна. Төмөртэйн 8 дугаар гудамжинд мотоциклтойгоо явж байхад ******* гэгч нь их согтуу намайг зогсоож гартаа цагаан өнгийн эвхэж хуйлж барьсан хар өнгийн разетик, залгууртай цахилгааны утас “худалдаж авах уу” гэсэн. ******* ярихдаа “миний утас хямдхан 20,000 төгрөгөөр зарна” гэхээр нь би аваагүй. Тэгсэн “намайг төв рүү хүн ихтэй газар буулгаад өгөөч, би утсаа зараад мөнгийг чинь өгье” гэхээр нь сундалж авто зогсоол дээр буулгасан. Би тэр цахилгааны утсыг сэжиглээд аваагүй...” гэх /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,

 

  • Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/082 дугаартай: “...уртасгагч 30 метр утасны зах зээлийн үнэлгээ 50,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-37 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 08 сарын 03-ны өдрийн 2103168 дугаартай “...мөнгөлөг цагаан өнгийн Core гэсэн бичигтэй цоож 6,500 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-51 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4/236 дугаартай шүүгдэгч *******ын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын байнга оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 70 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 75-78 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 80 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр  сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-92 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-98 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

  • Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* тоотод байх хохирогч *******гийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж эвдэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч 30 метр цахилгааны утас хулгайлж, бусдад 50,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч *******, гэрч нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/082 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 08 сарын 03-ны өдрийн 2103168 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын хохирогч *******гийн 30 метр цахилгааны утсыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Улсын яллагчаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогчид 50,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь “******* нь миний хохирлыг бүрэн барагдуулж 60,000 төгрөг хүлээлгэн өгсөн” гэх хүсэлтээ бичгээр илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжихээр хуульчилсан байна.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, оршин суугаа нутаг дэвсгэр буюу Сүхбаатар аймгийн ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

  

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* *******ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. 2021 оны 07 дугаар арын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 56 см урттай, 2 см диаметртэй, зэвэрсэн турба, мөнгөлөг цагаан өнгөтэй 0.7мм диаметртэй 12 см урт гогцоотой, их бие нь 1.5 м өргөнтэй, 4.5 см урттай, 3.7 см өндөртэй, их биеийн доод хэсгийн дунд 0.6 мм диаметртэй түлхүүрийн нүхтэй Core гэсэн бичигтэй Хятад улсад үйлдвэрлэсэн цоож зэргийг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БАЯРБААТАР