Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Ч.Э********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч**********ын Э**********ад холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ч.Э********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 18-08 тоотод хохирогч Б.Б**********ийг үл ялих зүйлээр шалтаглан дух хэсэг нь заазуураар зүссэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Э********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 18-08 тоотод хохирогч Б.Б**********ийг үл ялих зүйлээр шалтаглан дух хэсэг нь заазуураар зүссэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Э**********ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой Б********** эхнэр Б**********, Д********** манай эхнэр нар манайд архи уугаад сууж байсан. би архи уусандаа нэлээн их согтоод муудчихсан байхдаа Д**********тай тоглоом хийгээд эхнэрээ хардах маягтай зүйл яриад сууж байхад Б********** хальт болиоч гээд гараараа хоолой боогоод хойшоо унасан шиг санагдаж байна юм. Бид нар бүхэл хоол идээд сууж байсан санагдаж байгаа юм. Тэгээд нэг л мэдсэн чинь намайг заазуураар цохичихлоо гэж Б********** хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудсан. Тэгсэн Б********** цагдаад дуудлага өгчихсөн. Би Б**********ийг заазуураар цохисноо бол сайн санахгүй байгаа юм. Заазуураар цохчихлоо гээд л цагдаа, эмнэлэг болох үед л ухаан орсон. Тэгээд л цагдаа нар ирээд намайг аваад явсан. Маргааш Б********** надтай уулзаад заазуураар цохисон гэдгийг хэлсэн.  Б********** нь манай эхнэрийн дүү юм. Би эхнэртэйгээ гэрлэж хүргэн болсон цагаас л Б**********ийг таньдаг болсон. Д********** бид хоёр бол нутгийн найзууд болохоор л тоглоом шоглоом хийж л ярьсан. Тэрнээс хардах зүйл бол байхгүй. ... Би Б**********тэй эвлэрэхээр болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хх-41-42х),

Хохирогч Б.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ гараад хүргэн ах Э**********ынд очсон. Би дэлгүүрээс нэг пиво авч ирээд уусан. Удалгүй эхнэр, Б********** нар ирсэн. Бид 4 ууж байхад Э********** ах Д********** ахыг утсаар дуудсан тэр архиа ууж байхад Э********** ах эхнэрээ Д********** ахтай хардаад маргалдаад байхаар нь би салгаад зүгээр болцгоосон. Би Э********** ахыг хүзүүн дээрээс нь саваад хойш нь унагаасан чинь намайг боож унагаалаа гээд заазуур аваад дух руу заазуурдсан. Эмнэлэг дуудсан чинь эмнэлэг ирээгүй. Цагдаа дуудсан чинь ирсэн. ...Миний духны баруун хэсэгт зүсэгдсэн. ... надад одоо гомдол, санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-10-11х),

Гэрч Д.Б**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай нөхөр, Э********** ах хоёр орон дээр сууж байгаад манай нөхөр хүзүүн дээр нь гараа тавиад сууж байхад хойшоо саваад унасан чинь Э********** ах чи намайг боолоо гээд зуухны урд талд байсан заазуурыг аваад нөхрийн дух руу цохисон. Тэгсэн чинь духнаас нь цус гараад тогтохгүй байхаар нь түргэн дуудсан чинь ирээгүй. ... “гэх мэдүүлэг (хх-12-13х),

Гэрч О.Д**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Энхбаатар байшингийн хаалга хийлгэхээр болоод уулзахаар очиход Э********** , Одгэрэл, Б**********, түүний эхнэр Б********** нар архи уусан согтуу байсан. ... Б**********, Э********** нар зэрэгцэн сууж байхад Б**********, Э**********ын хүзүүн дээр нь гараа тавьчихсан сууж байснаа хойшоо саваад унасан чинь Э********** Б**********ийг боож унагалаа гэж уурлаад заазуур аваад Б**********ийн дух руу цохиход духнаас нь цус гоожоод тогтохгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хх-14-15х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай:

1. Б.Б**********ийн биед духанд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3.  Б.Б**********ийн биед тогтоогдсон гэмтэл нь  тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт (хх-29х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Боржигон овогт Ч**********ын Э**********ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-44х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн засаг дарга Ц.Даваасүрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14/12 дугаартай тодорхойлолт (хх-45х), 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0741 дугаартай эвлэрлийн гэрээ (хх-46-47х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-48х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Э********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 18-08 тоотод хохирогч Б.Б**********ийг үл ялих зүйлээр шалтаглан дух хэсэг нь заазуураар зүссэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч                Ч.Э**********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-10-11х),

Гэрч Д.Б**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-12-13х),

Гэрч О.Д**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-14-15х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт (хх-20х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 116 дугаартай дүгнэлт (хх-28х),

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0741 дугаартай эвлэрлийн гэрээ (хх-46-47х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Э**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ч.Э********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Э********** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ч.Э********** нь хохирогч Б.Б**********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй,  2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0741 дугаартай эвлэрлийн гэрээ (хх-46-47х) байгуулсан байх тул шүүгдэгч Ч.Э**********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Э**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Э********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Ч.Э********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Ч.Э********** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч**********ын Э**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч**********ын Э**********ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Э********** нь торгох ялыг 9 (есөн) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Э********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Э**********ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. ********** дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э**********ад шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН