Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2017/00457

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2017/00457

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин суух, БМ***** регистрийн дугаартай, Уах овогт Х.Кн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цагааннуурын дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.К шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.К би 1962 онд Ногооннуур суманд төрсөн бөгөөд 18 насандаа Цагааннуур тосгоны хүнтэй гэр бүл болж шилжиж ирээд 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Цагааннуур дамжлага баазын бэлтгэлийн тасагт ажилд орж, тасралтгүй 14 жил ажиллаад 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүл мэндийн байдлаас болж чөлөөлөгдсөн. Тэр үетэй давхцаж дамжлага бааз тарж, хувьчлагдаж зүйл дууссан. Би нас өндөр болж тэтгэвэрт гарах хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад хандахад улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Учир нь холбогдох зарим баримт архиваас гараагүй. Иймд миний Цагааннуур дамжлага баазын бэлтгэлийн тасагт ноос ялгагчаар 1980 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч Х.К нь 1957 онд төрсөн, Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин суудаг. Х.К нь шүүхэд хүсэлт гаргахдаа 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Гадаад худалдааны яамны харьяа, Цагааннуур дамжлага баазын Бэлтгэлийн тасагт ноос ялгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Х.Кгийн ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

1. Цагааннуур дамжлага баазын даргын 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 48 дүгээр тушаалаар Х.Кг ажилд авсан байна. 2. Мөн даргын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар тушаалаар Х.Кг эрүүл мэндийн байдлаас болж ажлаас чөлөөлсөн байна. 3. 1980 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Цагааннуур дамжлага баазаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилт, 4. Мөн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тушаал, 5. Мөн даргын 1985 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар тушаал, 6. Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Хөдөлмөр сонинд Х.Кн туршлага нийтлүүлснийг сайшаасан талархлын хуудас, 7. 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон Тэргүүн туршлага эзэмшигчийн гэрчилгээ, 8. Хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, 9.1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Цагааннуур тосгоны хүний их салбараас Цагааннуур дамжлага баазад Х.Кг аймгийн төвд хүргэх унаа хүссэн баримт зэрэг нотлох баримтуудаар Х.Кгийн ажиллаж байсан байдал нь нотлогдож байгаа. Тэгээд 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү Ерболатыг төрүүлсэн байна. Дээрх ажилд авсан, чөлөөлсөн тушаал, унаа хүссэн бичиг зэрэг нь Цагааннуур дамжлага баазын хог дээр хаягдсан санхүүгийн баримт дотроос олж авсан тушаалууд байгаа. Ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаалыг аймгийн архиваас шүүлгэж үзэхэд энэ талаар баримт олдоогүй. Тийм учраас Х.К Гадаад худалдааны яамны харьяа Цагааннуур дамжлага баазын Бэлтгэлийн тасагт ноос ялгагчаар 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан, энэ хүсэлтийг дэмжиж байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.К нь Баян-Өлгий аймгийн Цагааннуурын дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:

- 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн БНМАУ Гадаад Худалдааны Яамны Харьяа Цагааннуур дахь СХ-ийн V таван жилийн гавшгайч дамжлага баазын даргын 48 дугаартай тушаалын нэг дэх заалтаар ахуй амьдралыг харгалзан Х.Кг баазын бэлтгэл тасагт ноос ялгагчаар 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн авч ажиллуулсан байдал,

Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БНМАУ Эдийн Засгийн Гадаад Харилцаа Хангамжийн Яамны Цагааннуур дахь СХ-ийн V, VII таван жилийн гавшгайч дамжлага баазын даргын урамшуулан шагнах тухай 142 дугаартай тушаалд тус улсад Худалдаа байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус баазад олон жил идэвх зүтгэлтэй ажилласан өндөр настан, ажиллаж байгаа хүнийг 1.2,3,4-р хавсралтаар шагнасан ба 3 дугаар хавсралтад 10-аас дээш жил ажилласан ажилчид гэж бичсэн ба үүний 32 дугаарт хүсэлт гаргагч Х.Кн нэр бичигдсэн байдал,

- Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан 1985 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БНМАУ Гадаад Худалдааны Яамны Харьяа Цагааннуур дахь СХ-ийн V таван жилийн гавшгайч дамжлага баазын даргын шагнах тухай 13 дугаартай тушаалаар тус баазад он удаан жил идэвх,зүтгэлтэй ажиллаж байгаа нэр бүхий 25 хүний хавсралт ёсоор шагнасан ба хавсралтын 21 дүгээрт хүсэлт гаргагчийн нэр нь бичигдсэн байдал,

-1983 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүсэлт гаргагч Х.Кг Х.Ахаш ахлагчтай танай бригадын хамт олны хөдөлмөр сонин сэтгүүлийн 1983 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаарт төлөвлөгөөт зорилтуудыг амжилттай биелүүлж байгааг үнэлж Цагааннуурын дамжлага баазын захиргаанаас олгосон талархал,

-1988 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Худладаа Үйлдвэрийн Яамны Цагааннуур дахь дамжлага баазын захиргаанаас хүсэлт гаргагч Х.Кд Алдарт нэхмэлчин Гүнжинлхамын тооцоотой ажиллах туршлагыг өөрийн ажилд нэвтрүүлэн ажиллаж сар бүрийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж байгааг үндэслэж Туршлага эзэмшигчдийн цол, гэрчилгээ олгосон байдал,

-хамт ажилласан гэх БМ******** регистрийн дугаартай Х.Х БМ4****** регистрийн дугаартай А.Хн нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Цагааннуур тосгоны иргэн Х.Ктай хамт 1980 оноос 1994 онд Цагааннуур дамжлага базаад хамт ажилласан үнэн гэх тодорхойлолт,

-1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Цагааннуур сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн гарын үсэгтэй тамгатай Дамжлага баазын захиргаанд гэж бичиж машин хүсэх тухай өргөдөлд: Бэлтгэл тасагт Ноос ялгагч Х.К 8 сартай жирэмсэн тул яаралтай аймагт хүргэх шаардлагатай тул унаагаар тусална уу оношийг бичиж 37-38 сартай гэж бичигдсэн ба хүсэлт гаргагч Х.К нь сар хүрээгүй хугацаандаа буюу 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр С.Ерболат гэх хүүтэй болсон нь түүний IА№42 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

-1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Худалдаа үйлдвэрийн яамны Цагааннуур дамжлага баазын даргын 23 дугаартай тушаалаар: Эрүүл мэндийн байдлаас болж ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийн дагуу Бэлтгэлийн тасгийн ноос ялгагч Х.Кг 1994 оны 12 дугаар сарын 31-нээс ажлаас нь чөлөөлсөн зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

-Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 301 дугаартай архивын лавлагаанд: Иргэн Х.К 1980 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 48 тоот тушаал, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 тоот тушаалыг архиваас шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй болно гэжээ.

Хэдийгээр Баян-Өлгий аймгийн архивын тасагт хүсэлт гаргагчийн Цагааннуур дамжлага баазад анх ноос ялгагчаар томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал хадгалаагүй ч гэсэн хүсэлт гаргагч Х.К нь Баян-Өлгий аймгийн Цагааннуурын дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Х.Кгийн нотлох баримтаар гаргаж өгсөн 1980 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэг гэдэг дээр хар тоосон балаар Күлай гэж бичсэн, уг дэвтрийн 4-5 дугаар хуудсанд ажилд орсон 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Баазын даргын 48 тоот тушаалын талаар балаар нөхөж бичээд тэмдэг дарж баталгаажуулсан байх тул уг Хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Иймд хүсэлт гаргагч Х.К нь Баян-Өлгий аймгийн Цагааннуурын дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БМ***** регистрийн дугаартай, Уах овогт Х.Кгийн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Кгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ