Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Бат-Эрдэнэд холбогдох 2130001890173 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

 Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, туслах малчин, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг, Хүн-Овоот гэх газарт тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 195 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, РД:ЛЙ97072312, Хатгин овогт Гонгорын Бат-Эрдэнэ, 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутагт Б.Батхуягийн хүзүүнд стаканы хагарсан шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хүзүүний ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Бат-Эрдэнэт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Намайг Болдбаатар ахынд орж ирэхэд Батхуяг ах “би уг нь хоёр найзтайгаа хамт баймаар байна. Чамайг ер нь хэн нааш нь дуудсан юм, чи энд юу хийж байгаа юм” гэх зэргээр намайг гадуурхаж, чанга чанга дуугаар харьцаж, дээрэлхэх гээд байхаар нь “би энд таних хүн байхгүй. Дагаж явсан хоёр ахыгаа дагахгүй, танихгүй газар хэнийг дагаж явах юм” гээд бага зэрэг маргасан. Тэгээд архи тойруулж ууж байсан стаканыг аваад Батхуяг ахыг дагуулж гараад гэрийн баруун урд талд барьж байсан стаканаараа хүзүүний ар хэсэг рүү цохитол хүзүүнээс нь цус гоожиж, миний гарын хуруу зүсэгдсэн байж байтал гэрээс хүмүүс гарч ирсэн. Би айсандаа хашаанаас гарч яваад өөр газар байж байгаад Амарбат ахынд очиж хоносон. Өглөө нь Амарбат ахтай уулзахад Батхуягийг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Хүзүүнд нь оёдол хийлгэсэн тухай ярьж байсан... Би Б.Батхуяг ахад эмчилгээний зардал гэж 340,000 төгрөг дансаар нь өгсөн. Б.Батхуяг ахын зүгээс надаас өөр нэхэмжилсэн зүйл байхгүй...” /хх-ийн 49-51 дүгээр хуудас/

 

Хохирогч Б.Батхуягийн   “ ... 2021 он 07 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед би Болдоо, Амарбат нарын хамт Наранцэцэг эгчийнд 2.5 литрийн пиво уусан. Гэтэл гаднаас Баагий гэх нутгийн дүү ганцаараа орж ирсэн. Бид нар юм ярингаа пивоо ууж байгаад би согтсон байсан. Манай эгч надад хэлэхдээ “Баагий намайг гараад ир чи гэхээр нь араас нь гарсан удалгүй цусаа гоожуулаад гэрийн үүдэнд үхлээ гээд хэвтэж байсан” гэсэн. Манай хоёр найз намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн байсан...” гэх /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,     

 

Гэрч Ш.Наранцэцэгийн: “... Намайг гэртээ байхад манай дүүгийн хүү Батхуяг найз нартайгаа ирж хоёр пиво уусан. Манай дүүтэй пиво ууж байсан залуу стаканаа аваад гарсан. Удалгүй манай дүү Батхуяг гараад ир гэж байх шиг байсан. Гэтэл манай дүү Батхуяг үхлээ гээд орилоод байхаар нь гарсан чинь суучихсан тонгойгоод “миний хүзүү болохоо больчихлоо эгчээ” гэсэн. Би харанхуй байсан тул сайн харж чадаагүй...” гэх /хх-ийн 19-20 хуудас/

 

Гэрч Б.Амарбатын: “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад Баагий дүү намайг сураад найзын хамт ирсэн. Бид нар 0.5 граммын архи хувааж уусан. Архиа ууж дуусгаад, Базараагийнд очиж дахин нэг сав пиво хувааж ууж байхад Батхуяг гаднаас согтуу орж ирсэн. Би Баагийгийн хамт араас нь яваад гэрт нь очсон. Бид нар гэрт нь нэг пиво, нэг шил архи ууж байтал Бат-Эрдэнэ гарсан. Удалгүй Хуягаа араас нь гарсан. Хэсэг хугацааны дараа тас, няс гэх юм цохиж байгаа чимээ гарсан. Би Болдбаатарын хамт очиход Хуягаагийн шилэн хүзүүг юмаар зүсчихсэн юм уу гэмээр цус гараад тогтохгүй байсан. Болдбаатар бид хоёр шууд гэр лүү  нь оруулсан. Зүүн талын гэрт нь байсан ээж нь орж ирээд хүзүүг боож өгсөн. Тэгээд Болдбаатар бид хоёр эмнэлэг рүү хүргэж өгсөн. Удалгүй цагдаа нар эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Болдбаатарын: “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед би Амарбатынд Бат-Эрдэнэ нарын хамт 0.5 граммын архи хувааж уусан. Архиа ууж дуусгаад, дахин 2 сав боргио аваад Базараа гэх хүнийд очиж  нэг сав пиво ууж байхад Батхуяг гаднаас согтуу орж ирсэн. Намайг “найз ойрд уулзаагүй хүн байна, хамт манай руу явъя” гээд намайг дагуулаад гэр лүүгээ явсан. Баагий, Амарбат бид нар араас нь очсон. Бид нар гэрт нь нэг пиво, нэг шил архи ууж байтал Бат-Эрдэнэ, Батхуяг нар хоорондоо үг хаяад маргалдаж байгаад гараад явсан. Удалгүй Хуягаа араас нь гарсан. Хэсэг хугацааны дараа тас, няс гэх юм цохиж байгаа чимээ гарсан. Би Амарбатын хамт гэрээс гараад очиход Бат-Эрдэнийн барьж байсан шилэн аяга хагарсан, Хуягаагийн шилийн хүзүүнээс цус гарсан сууж байсан. Амарбат бид хоёр шууд гэр рүү нь оруулахад ээж нь хүзүүг боож өгсөн. Би Амарбатын хамт эмнэлэг рүү хүргэж өгсөн. Удалгүй цагдаа нар эмнэлэгт ирсэн...” гэх /хх-ийн 27-28 дугаар хуудас/ мэдүүлгүүд

 

Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Энхмаагийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 372 дугаартай: “... Б.Батхуягийн биед хүзүүний ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 219/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-66 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 75 дугаар хуудас/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаартай прокурорын тогтоол, санал /хх-ийн 76-78 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутагт Б.Батхуягийн хүзүүнд стаканы хагарсан шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хүзүүний ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч  Хохирогч Б.Батхуяг, гэрч Ш.Наранцэцэг, Б.Амарбат, Б.Болдбаатар нарын мэдүүлгүүд, Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Энхмаагийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 372 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж шилэн аяга буюу стаканаар цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа Б.Батхуягтай маргалдсаны улмаас шилэн аяга буюу стаканаар хүзүүний ар дээд хэсэг рүү нь цохиж  хүзүүний ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Г.Бат-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Б.Батхуягийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтын шатанд “.... хохирол барагдуулсан учир гаргах ямар нэгэн гомдол, санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар зэргийг өгчээ.

Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Батхуяг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Бат-Эрдэнэд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Г.Бат-Эрдэнэд мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Гонгорын Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Батхуяг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР