| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00412/И |
| Дугаар | 130/ШШ2017/00458 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2017/00458
| 2017 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 130/ШШ2017/00458 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 01 дүгээр багт оршин суух, БК***** регистрийн дугаартай, Бахат ахтай овогт Х.Кы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай захирамжаар Ж.Еийг өвөг эцэг О.П, эмэг эх Х.К нарт үчрлүүлсэн үрчлэлтийг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.К шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.К миний бие нөхөр болох О.П амьд сэрүүн үед төрсөн ач болох 2008 онд төрсөн Ж.Еийг түүний төрүүлсэн эцэг, эхийн зөвшөөрлөөр холбогдох бичиг, баримтуудыг нь бүрдүүлэн сумын Засаг даргаас 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 144 дүгээр захирамж гаргуулан үрчилж авсан бөгөөд Елик одоо миний асрамжид байгаа юм. Миний хань О.П 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд иргэний бүртгэлийн байгууллагад удаа дараа хандсан хэдий ч нөхөр маань нас барсныг шалтаглан бүртгэж өгөөгүй. Үрчлэлт нөхрийн маань амьд сэрүүнд явагдсаныг тэд авч хэлэлцээгүй. Бид хөдөө төвөөс хол байдаг учир тэр бүр аймгийн төвд ирээд байдаггүй, боломж гарсан үед шүүхэд хандаж байгаа нь энэ. Иймд Ж.Еийг 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.П бид хоёрт үрчлэгдсэн нь хүчинтэй болохыг тогтоосон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Улаанхус сумын иргэн Х.Кы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.К шүүхэд хүсэлт гаргахдаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 144 дүгээр захирамжаар өөрийн төрсөн ач болох 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн Еликийг үрчилж авсан байна. Тухайн үед Х.Кы нөхөр нь болох П амьд байсан. Улмаар бүртгүүлж чадахгүй явсаар байгаад 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нөхөр нь П нас барсан. Бүрдүүлсэн материалаа Улаанхус сумын улсын бүртгэлийн ажилтанд өгч бүртгэл хийлгүүлэхээр өгсөн боловч таны нөхөр бүртгүүлэхээс өмнө нас барсан, та 60 нас гарсан учир бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд энэ асуудлаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад энэ асуудлыг Улаанхус сумын улсын бүртгэлийн ажилтан мэднэ гэсэн хариу өгсөн. Улмаар Улаанхус сумын улсын бүртгэлийн ажилтанд дахиж хандахад мөн л бүртгэж аваагүй. Тийм учраас шүүхэд хандаж хүсэлт гаргасан. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр захирамжийг гаргахдаа зүгээр нэг нүцгэн захирамж гаргаагүй байна. Тухайн үед Х.К, П нар нь үрчлэлт хийхэд шаардлагатай материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд 2010 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Х.К, П нар эмнэлгийн үзлэгт хамрагдсан баримт, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас авсан тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед үрчлэлт хийхэд заавал шаардлагатай холбогдох материалыг бүрдүүлсэн байна. Тийм учраас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Еликийг П, Күнтуган нарт үрчлүүлсэн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, БК***** регистрийн дугаартай Хангелди овогт Пн Ж, БК******* регистрийн дугаартай Санырау овогт Р.Ж нар 2006 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэж хууль ёсны эхнэр нөхөр болсон нь 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж олгосон №09 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр,
-П.Ж, Р.Ж нарын гэр бүлд БК***** регистрийн дугаартай, 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүү Ж.Е төрсөн болох нь 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж олгосон №0147567 (№239) дугаартай Төрсний гэрчилгээгээр,
-2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Ж.Еийг өвөө, эмээ нь О.П, Х.К нар үрчлэн авсан болох нь Хүүхэд үрчлүүлэх тухай Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дугаартай захирамж, үрчлэн авагч О.П, Х.К нарын ач хүүгээ үрчилж авахыг хүссэн болон үрчлүүлэгч П.Ж, Р.Ж нарын хүү Еликийг өвөө, эмээдээ үрчлүүлэхийг хүссэн өргөдлөөр тус тус тогтоогдож байна.
-хэдийгээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2010 оны захирамж буюу эрхийн акт нь 143 тоотоор дууссан мөн архивд 144 тоот Засаг даргын захирамж үдэгдээгүй болох нь аймгийн архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгч Ш.Гүлмайрагийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаар албан бичиг, тус архивд хадгалагдаж байгаа Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх захирамжийн бүртгэл, дотоод товъёог, хадгаламжийн нэгжийн баталгаа зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч Ж.Еийг О.П, Х.К нарт үрчлүүлсэн тухай Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дугаартай захирамжийн үлдэх хув нь тус сумын Засаг даргын 2010 оны захирамжид байхгүй, захирамжийн дугаар нь 143 дугаар захирамжаар дууссан, 144 дугаартай захирамжийг үдэж архивд хүлээлгэж өгөөгүй асуудал нь албан тушаалтнуудын буруу болохоос иргэн хүний буруу биш гэж дүгнэлээ.
Харин Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дугаартай захирамжаар Ж овогтой Еликийг өвөг эцэг О.П, эмэг эх Х.К нарт үрчлүүлэхдээ тэд хууль ёсны эхнэр нөхөр эсэх талаарх гэрлэлтийн гэрчилгээг шалгахгүйгээр үрчлүүлжээ.
Гэвч үрчлэн авагч О.П, Х.К нар нь хууль ёсны эхнэр, нөхөр эсэх талаарх гэрлэлтийн гэрчилгээгүй болох нь тус шүүхээс Улаанхус сумын 1966-1969 оны гэрлэлтийн бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа боловч үрчлэн авагч О.П, Х.К нар нь Пн Жардмебекийн эцэг, эх болох нь гэрлэлтийн гэрчилгээ, БК71050569 Хангелди овогт Пн Гүлнарын №20 дугаартай төрсний гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч Х.Кы ХААТР маягтууд зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд үрчлэн авагч О.П нь ач хүү Ж.Еийг үрчилж аваад 7 сарын дараа буюу 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 231/002622 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Хүүхэд үрчлэн авагч О.П, Х.К нар нь Улаанхус сумын хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гаргахаас өмнө тус сумын улсын бүртгэгчид хандаж 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд үрчлэн авах тухай гаргасан өргөдөл, тэдний 2010 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эрүүл мэндийн үзлэг, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн №0000169 дугаартай тодорхойлолт, үрчлэн авагч, үрчлүүлж байгаа эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд үрчлүүлэгч эцэг эхийн хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг нотлох баримтуудаас дүгнэхэд хүүхэд үрчлэн авагч О.П нас барахаас өмнө нь хуулийн дагуу үрчлэлт хийгдсэн байна гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн,... хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж заасан ба хүүхэд үрчлэн авагч Х.К нь 1941 онд төрсөн, хүүхэд үрчлэн авах үе буюу 2010 онд 69 настай хэдий боловч хүүхэд үрчлэн авах үедээ нөхөр О.П амьд байсан, мөн нөхөр нь нас барахаас 7 сарын өмнө ач хүү Ж.Еийг үрчилж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хуулийн дээрх заалт нь хүсэлт гаргагч Х.Кы хүүхэд үрчлэн авах үйл явдалд хамааралгүй байна гэж дүгнэлээ.
Үрчлэгч Жардмебекийн Елик нь хүсэлт гаргагч Х.Кы асрамжид байгаа болох нь Улаанхус сумын 1 дүгээр багийн Засаг дарга О.Серикболатын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд болон Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дугаартай захирамжаар БК08290515 регистрийн дугаартай Ж.Е нь Оралбайн П, Х.К нарт үрчлэгдсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан БК08290515 регистрийн дугаартай, 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн Ж.Е нь өвөг эцэг Оралбайн П, эмэг эх Х.К нарт үрчлэгдсэн болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ