Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав, 

шүүгдэгч Н.Анхныбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Анхныбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130000520070  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын -ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..,эхнэр …. хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг “Ургах наран”-ийн 881 тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймгийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар:ЛЛ84070672, Хавхчин овогт Наранцэцэгийн Анхныбаяр.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Н.Анхныбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвөөс зүүн тийш 25 орчим км-т “Улаан нуур” гэх газраас буюу улсын тусгай хамгаалалттай газраас  өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклоор 1 тооны цагаан зээр тууж агнасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Н.Анхныбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

           

            Иргэний нэхэмжлэгч Э.Өлзийбаатарын: “...Би 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байхад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюунболд нь 1 тооны цагаан зээр хүн агнасан байна. Энэ газар тусгай хамгаалалтын газар мөн эсэх талаар асууж ирсэн. Тэгээд шалгаж үзэхэд “Салхитын” уулын хажуугийн “Улаан нуур” гэх газар байсан. Тэгээд сураглаж үзэхэд Н.Анхныбаяр нь мотоциклтой тууж 1 тооны цагаан зээр агнаж хүнсэндээ хэрэглэсэн байсан. 2019 оноос эхлэн тус газар нь Монгол Улсын Их хурлын 41 дугаар тоот тогтоол Улсын тусгай хамгаалалттай газарт багтдаг болсон. Н.Анхныбаяр нь зөвшөөрөл аваагүй. Мөн улсын тусгай хамгаалалттай газар ан агнах хориотой байдаг. Тус зөвшөөрөлгүй ан агнасан иргэнд экологи, эдийн засгийн үнэлгээг нөхөн барагдуулж хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна...”гэх мэдүүлэг /хх-23-24 х/,

           

           Гэрч А.Мөнх-Эрдэнийн : “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр адууны эрэлд өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклтой Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг, сумын төвөөс зүүн тийш 25 орчим км-т “Улаан нуур” гэх газар явж байсан. Замд явж байхдаа Анхныбаяртай тааралдсан. Тухайн үед Анхныбаяр нь нэг тооны цагаан зээр агнаад мотоциклтой ганзагалсан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28 х/,

         

           Гэрч П.Оюунтуяагийн: “...2020 оны 10 дугаар сарын дундуур хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед манайх Дарьганга сумын нутаг “Хөөвөр” гэх газраас адуугаа алдаад нөхөр Анхныбаяр адуугаа хайхаар өглөө мотоциклтой эрэлд явахаар гарсан. Орой 19 цагийн орчимд ирэхдээ адуугаа олсон гээд мотоциклынхоо ард нэг зээр ганзагалаад ирсэн. Тэр зээрийг манайх идэх хоол хүнсний зүйл байхгүй байсан болохоор хүнсэндээ хэрэглэсэн. Надад уг зээрийг хаанаас, яаж агнасан талаар яриагүй...” гэх мэдүүлэг /хх-29-32 х/,

 

             Яллагдагч Н.Анхныбаярын:  “...манайх идэх хоолны махгүй болчихсон байсан.  Тэр үед адуундаа явж байгаад Улаан нуур гэх газар, сумын төвөөс зүүн тийш 20 орчим км-т мотоциклтой ганцаараа явж байтал 20 гаран тооны цагаан зээр тааралдсан. Би өөрийн унаж явсан мотоциклтой хөөж байгаад 1 тооны зээрийг бахардаж унахаар нь хүзүүг нь хугалж алсан. Алсан зээрээ мотоцикл дээрээ ганзагалаад сумын төв рүү гэртээ ирж хоолондоо хэрэглэсэн. Миний унаж явсан Даюун маркийн улсын дугаартай улаан өнгийн мотоцикл миний эзэмшлийнх. Би ямар нэгэн тусгай зөвшөөрөл аваагүй. Урьд өмнө ан агнаж байгаагүй...”гэх мэдүүлэг /хх-51-52/,

 

          Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай: “...уг амьтан Монгол Улсын Засгийн 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад ороогүй. Цагаан зээр нь Монгол Улсын Засгийн 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Экологи-эдийн засгийн үнэлгээгээр эр буюу Ооно 500.000 төгрөг эм буюу Шаргачин 550.000 төгрөг болох ба Монгол УЛсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нөхөн төлбөр оногдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 115 х/

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6 х/,

 

          Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 9 х/

 

           Ашид билгүүн ХХК-ны эд хөрөнгийн үнэлгээ талаарх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-16, 35-39 х/

 

Н.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 х/

 

Н.Анхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 55 х/

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10/56 дугаартай шүүгдэгч Н.Анхбаярын  ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 х/

 

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021.03.22-ны өдрийн 01/16 дугаартай албан бичиг /хх-ийн 60 х/

 

2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай Монгол Улсын засгийн газрын тогтоол, хавсралт  /хх-ийн 91-93 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Анхныбаяр нь  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвөөс зүүн тийш 25 орчим км-т “Улаан нуур” гэх газраас буюу улсын тусгай хамгаалалттай газраас  өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклоор 1 тооны цагаан зээр тууж агнасан болох нь шүүгдэгч Н.Анхныбаярын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Өлзийбаатар, гэрч Н.Анхныбаяр, П.Оюунтуяа  нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021.03.22-ны өдрийн 01/16 дугаартай албан бичиг зэрэг нотлогдох баримтуудаар нотлогдож байна.          

           

          Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Дархан цаазат газарт энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх” -ийг хориглохоор хуульчилжээ.

 

            Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг болох “Улаан нуур” хэмээх газар нь Улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэст багтдаг болох нь Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021.03.22-ны өдрийн 01/16 дугаартай албан бичиг, кординат Е 114”13”21,0 N 45”26”50,4 гэх зургаар нотлогдож байна.

 

           Хэргийн дээрх баримтаар Н.Анхныбаяр нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Улаан нуур” гэх газарт нэг тооны цагаан зээр агнасан үйл баримт хэргийн баримтаар нотлогдсон. Шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

          Тэрээр улсын тусгай хамгаалалттай газар амьтан агнах нь хууль бус буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор цагаан зээрийг агнажээ.

 

            Н.Анхныбаярын улсын тусгай хамгаалалттай газар нутагт цагаан зээр агнасан уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Н.Анхныбаярын зүгээс дээрх хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгчийн улсын хамгаалалттай газар нутагт цагаан зээр агнасан гэм буруутай үйлдлээс Монгол Улсын амьтны аймагт хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “ Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “ амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “ Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37 дугаар зүйлийн 37.2 ” Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно ” гэж тус тус заасны дагуу хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй болно.

 

 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 8-д цагаан зээр /эр/-ийн үнэлгээг 500.000 төгрөгөөр тогтоосон тул энэхүү амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг цагаан зээрийн үнэлгээ болох 500.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 1.000.000 төгрөгөөр хохирлыг тооцох үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Н.Анхныбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан 1.000.000 төгрөгийн хохирлоос 200.000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны гүйлгээ хийсэн төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Анхныбаяраас үлдэгдэл 800.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дарьгангын Байгалийн Цогцолбор газрын хамгаалалтын захиргаа УТҮГазарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан тул түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 200.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Н.Анхныбаярын  гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлын хэсэгчлэн нөхөн төлсөн, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Шүүгдэгч Н.Анхныбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль  батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ” 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн “ хүн энэ хуульд хамрагдахаар заасан бөгөөд шүүгдэгч Н.Анхныбаярын 2020 оны 10 дугаар сарын 23-нд үйлдсэн дээрх  хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдаж байна.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  ...Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино “ гэж заасан тул шүүгдэгч Н.Анхныбаярт Эрүүгийн хуулийн тусгай 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солихоор тогтоолоо.

 

Шүүгдэгч Н.Анхныбаяр нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.14 “ Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно“ гэж заасан шаардлагыг хангасан байна.

Тухайлбал, тэрээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг “Ургах наран”-ийн 881 тоотод  эхнэр хүүхдийн хамт оршин суудаг болох нь  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10/56 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна.

 

Шүүгдэгч Н.Анхныбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  иргэний баримт бичиг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хавхчин овогт Наранцэцэгийн Анхныбаярыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Анхныбаярыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Анхныбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан ялтан Н.Анхныбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Анхныбаярт зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоож  түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Анхныбаяр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Анхныбаярт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Анхныбаяраас 1 тооны цагаан зээрийн  үнэ 800 000 төгрөгийг гаргуулж  Дарьгангын Байгалийн Цогцолбор газрын хамгаалалтын захиргаа УТҮГазарт олгохоор шийдвэрлэлээ.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Анхныбаярын өмчлөлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 200.000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

10.Шүүгдэгч Н.Анхныбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР