Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 133

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр   

Шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджавын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Д.Баатар, Б.Хатанболд нарт холбогдох 2030001560131  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Таван толгой ХХК-нд жолооч ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 8 дугаар хэсэг 1-90 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй РД:ЧО79121031, Аруухан овогт Дашнямын Баатар.

 

 Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зөгийн аж ахуй эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 21-5-50 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, РД:ХЖ82021258,  Бөртэ овогт Бат-Эрдэнийн Хатанболд.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстийн сэрвээ” гэх газар Портер маркийн 90-21 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж, тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Хатанболд нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай хадам ах нүүрсэнд явдаг байсан. Дөхмийн уурхайгаас Бичигтийн боомт хооронд зөөдөг байсан. Цас их орсон учраас машинаа хориод явган харьсан. Өнгөрсөн 3 сарын сүүлээр машинаа авахаа очсон. Тухайн үед алт гарж байгаа газар руу 3-4 машин явж байхаар нь дагж явсан. Тэгээд бид хоёр машинаа наад талд нь орхиод алт байгаа гэх газар руу очиход 20 гаруй хүн шороо аваад бужигнаж байсан. Тэгэхээр нь дунд нь ороод  хэдэн шуудай чулуу аваад явсан гэв.

 

- Шүүгдэгч Д.Баатар нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны намар 11 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Дөхмийн уурхайгаас Бичигтийн боомт руу нүүрс тээвэрлэдэг байсан. 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр машины 2 ширхэг нь крышка эвдэрсэн учраас дүү Б.Хатанболд руу сэлбэг захисан. Тэгээд манай хүргэн дүү крышка авчирч машинаа 2 хоног зассан. Тэгээд том машин маань болохгүй болохоор нь Портер маркийн машинтайгаа гэр лүүгээ харихаар явж байхад машины хааз нь авахгүй байсан. Том тэрэгтэйгээ буцахаар болсон. Тэгээд Портер маркийн машинаа үлдээгээд явсан. Цагаан сар өнгөрөөд 03 дугаар сарын 20-диор Портер маркийн машинаа авсан. Наашаа ирэхдээ Эрдэнэцагаан сумын хоолны газарт ороод байж байхад миний хажуу талын эгнээнд сууж байсан хүмүүс алт гарсан гээд яриад байсан. Тэгээд бид хоёр ил байгаа алтыг авч болдог бол авъя гээд явсан. Замдаа дагж явсан машинаа алдсан. Тухайн үед “Төмстэйн сэрвээ” гэх газраа очсон байсан. Бид хоёр ойролцоогоор 2 километр алхсан. Тэнд байсан хүмүүс бужигналдаад байсан. Засвар зайгаар нь ороод нийт гурван шуудай чулуу бөөгнүүлээд авсан. Бид нарыг шуудайгаар чулуу авч байхад нэг том биетэй залуу та нар явцгаа гээд хөөсөн.  Тэнд байсан хүмүүс Портер маркийн машинд чулуугаа ачаад суугаад явсан. Бид хоёрыг зам дээр буулгасан. “Портер” маркийн машин маань цэнхэр утаа хаяад байсан учраас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бичигт”-ийн боомтод очоод машин үлдээгээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу ирсэн. Тэгээд аймгийн төвд ирээд Улаанбаатар хотод байх гэр лүүгээ явсан. Гэртээ 7 хоног хоночхоод, машиныхаа сэлбэгийг аваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ирсэн. Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу явж байгаад цагдаад баригдсан. Болохгүй юм хийсэндээ гэмшиж байна...гэв.

 

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...портер-2 маркийн 90-21 СЭҮ улсын дугаартай зүүн гар тал буюу буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт бага багаар савласан 3 шуудай жижиг чулуу, мөн бүтүүлэг дээр задгай дэлгэсэн жижиг чулуунууд байсныг шуудайд хийлгэж, 4 шуудай чулууг жигнэхэд нийт 130.5 кг  байгалийн чулууг эд мөрийн баримтаар хураан авав. гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 х/,

 

          Иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайханы: “...Хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу  нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн” гэсэн заалт байдаг, мөн тус хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэсэн заалттай. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн гэж хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан байдаг тул дээрх тохиолдол нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл мөн гэж үзэж байна. Учир нь эдгээр хүмүүс нь ашигт малтмал ашиглах эрх олгосон ямар нэгэн баримт бичиггүйгээр газрын гадаргуу болон түүний хэвлийгээс  эрдсийн агуулгатай чулуу, шороо тээвэрлэж яваад саатуулагдсан учраас Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Миний хувьд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,

 

          Иргэний нэхэмжлэгч Ц.Алтанзулын: “... Миний бие Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн ахлах нягтлан бодогч ажилтай. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэрэг бүртгэлтийн 203000156 дугаартай хэрэгт хураан авсан шороо чулууг Улаанбаатар хотын Геологийн төв лабораторд угаалгах зорилгоор Голомт банкны 2900002220 дугаарын данс руу 551.036 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

           Гэрч М.Гэрэлт-Одын: “...Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг Төмстий сэрвээ нэртэй газарт эрх бүхий байгууллага буюу Ашигт малтмал газрын томны газар, аймгийн Засаг даргын зүгээс ашигт малтмалын болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 х/,

 

          Монгол Улсын Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХФ2020/0847 захиалгын дугаартай, лабораторийн 8818 дугаартай хэргийн газрын үзлэгээр түр хураан авч, шинжилгээнд зориулан дээж болгон авч шинжилгээнд хүргүүлсэн 203000156-7 дугаартай 2 кг чулуун дээжинд алтны агууламж тодорхойлуулсан шинжилгээний дүн /хх-ийн 57-58 х/,

 

          Монгол Улсын Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасгийн химийн инженер Д.Адъяабатын “...Би 2007 онд Монгол Улсын их сургуулийн химийн ангийг хүнсний химич мэргэжлээр төгссөн. Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасагт химийн инженерээр 2008 оноос хойш ажиллаж байна. Би 12 жил тус албан тушаалдаа шинжилгээний ажил эрхэлж байгаа. ХФ2020/0847 захиалгын дугаартай, лабораторийн 8818 дугаартай шинжилгээний дүнд тусгагдсан AU нь химийн томьёо бөгөөд алт үгийг тодорхойлдог. 0.58 гэсэн тоо нь тухайн шорооноос гарсан алтны агууламжийг заасан тоон үзүүлэлт байгаа юм. Энэ нь 1 килограмм чулуунд 0.58 милограмм буюу 1 тонн чулуунд 0.58 грамм алт агуулагдаж байна гэсэн үг юм. Энэ тоон үзүүлэлт нь захиалагчаас ирүүлсэн тухайн дээжид хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

 

          Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 06/2021 дугаартай: “...нийт 130.5 кг жинтэй шороо чулуу нь 0.0522 м3 эзлэхүүнтэй буюу 1 м2 талбайд боломжтой. Тухайн газарт нөхөн сэргээлт хийхэд 100.000 төгрөг, ажлын хэмжээ бага тул тусгай техник шаардахгүйгээр өдрийн хөлсөөр хүний хүчээр хийхээр тооцов. Уг хэргийн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу хохирлыг тооцож үзэхэд 201.101,7504039935*3=603.305,2 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-т заасны дагуу газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцов...” гэх дүгнэлт /хх-ийн 66 /,

 

          Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2103134 дугаартай: “...0.67 гр алтны зах зээлийн үнийг 97.600 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 73-82 х/,

 

          Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2103159 дугаартай: “...90-21 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг 3.278.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 117-129/,

 

          Монгол Улсын Геологийн төв лабораторийн 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хэрэгт хураагдсан шороо, чулууг гравитацийн аргаар баяжуулалт хийсэн тэмдэглэлд: “...хэрэгт хураагдсан 127 кг шороо, чулууг сорьц баталгааны хэсэгт хүлээн авч дээжийг 3 шатны буталгаагаар болох СБ-27, СБ-26, СБ-25, rocklabs-ын хацарт бутлуур дээр буталсны дараа дахин жигнэх баяжуулах хэсэгт нийт 4 ширхэг лотоктой дээжийг хүлээж авсан. Буталсны дараах лоток хассан жин 123 кг боллоо. Сэгсрэх ширээгээр угаагаад гарсан устай нойтон баяжмалын жин-552 гр, үлээлтийн хаягдал 18.68 гр, цэвэр металлын жин 0.67 гр...гэх /хх-ийн132-133/,

 

           Яллагдагч Д.Баатарын: “... 2021 оны 03 дугаар сарын 27 билүү 28-ны орчим 90-21 СЭҮ дугаартай машинаа авах гээд дүү Хатанболдын хамтаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очиход тэнд хүмүүс “Төмстий сэрвээ” гэх газар алт гарч байна гэхээр нь дүү Хатанболдын хамтаар очоод тэндээс чулуу ачаад буцаж явж байгаад цагдаад баригдсан. Тусгай зөвшөөрөл байхгүй. 90-21 СЭҮ дугаартай тээврийн хэрэгсэл дүү Сэлэнгийн машин...гэх мэдүүлэг /хх-ийн 161-162/,

 

          Яллагдагч Б.Хатанболдын: “... 2021 оны 03 дугаар сарын 27 билүү 28-ны орчим машинаа авах гээд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очиход тэнд хүмүүс “Төмстий сэрвээ” гэх газар алт гарч байна гэхээр нь хадам ах Баатарын хамтаар очоод тэндээс чулуу ачаад буцаж явж байгаад цагдаад баригдсан. Тусгай зөвшөөрөл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 155-156/

         

Б.Хатанболдын ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 166 х/

 

Б.Хатанболдын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 165 х/

 

Б.Хатанболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 167 х/

 

Д.Баатарын ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 174 х/

 

Д.Баатарын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 173 х/

 

Д.Баатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175 х/

 

Сүхбаатар аймаг дахь Монгол банкны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/63 дугаартай “ Монгол банкны ханшийн мэдээгээр 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 грамм алт 143,510 төгрөг 94 мөнгөний ханштай байна. /1 трой унци =31.1034768 грамм/”  гэх тодорхойлолт /хх-ийн 179/

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 185 х/

 

Шүүгдэгч нарын хохирол төлсөн баримт /хх-ийн 195 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстийн сэрвээ” гэх газар Портер маркийн 90-21 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж, тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлосон болох нь шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд  нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайхан, гэрч  Ц.Алтанзул,  М.Гэрэлт-Од нарын мэдүүлэг, Монгол Улсын Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХФ2020/0847 захиалгын дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасгийн химийн инженер Д.Адъяабатын мэдүүлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 06/2021 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2103134 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2103159 дугаартай дүгнэлт, Монгол Улсын Геологийн төв лабораторийн 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хэрэгт хураагдсан шороо, чулууг гравитацын аргаар баяжуулалт хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймаг дахь Монгол банкны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/63 дугаартай  тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.          

           

Хэргийн дээрх баримтаар  Д.Баатар, Б.Хатанболд нар нь Сүхбаатар аймгийн  аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстийн сэрвээ” гэх газарт алт байгааг мэдэж байсан бөгөөд холбогдох газраас тусгай зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэргийг ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн бөгөөд аймгийн прокурорын газраас  Д.Баатар, Б.Хатанболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч нар нь холбогдох газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 130.5 кг жинтэй шороо, чулууг тээвэрлэж  байгаль орчинд зориуд хохирол учруулсан байна.

         

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд   нар нь Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстийн сэрвээ” гэх гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулж, байгаль орчинд 603,305 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

             Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд  нар нь  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд  нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 603,305 төгрөгийн хохирол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 551,036 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд  шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  иргэн Д.Сэлэнгийн эзэмшлийн Портер маркийн 90-21 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,278,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний  5/50 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлсөн иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов

 

Шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аруухан овогт Дашнямын Баатар, Бөртэ овогт Бат-Эрдэнийн Хатанболд нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,  мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд  нарт зан үйлээ засах, оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нарт мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.67гр хэмжээтэй алтыг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Д.Сэлэнгийн эзэмшлийн портер маркийн 90-21 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,278,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/50 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8.Шүүгдэгч Д.Баатар, Б.Хатанболд нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан экологийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР