| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00398/И |
| Дугаар | 130/ШШ2017/00462 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2017/00462
| 2017 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 130/ШШ2017/00462 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар баг, Саралахаз гэдэг газарт оршин суух, утас ******, РД:ПЛ******Жантекей харажан овогт А.Х ийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд адуучнаар 1979 оны 8 дугаар сарын 01-нээс 1992 оны 2 дугаар сарын 10-ны хүртэл ажилласан хугацааг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч А.Х шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1976-1979 онуудад хугацаат цэргийн алба хааж ирээд 1981 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Октябарь 39 нэгдлийн адууг хүлээж авч Мадине, Уней нарын хамт маллаж байгаад 1992 онд нэгдэл тарах үед бүрэн бүтэн хүлээлгэн өгч тараалцсан. Адуучин байх үедээ амжилт өндөр хөдөлмөрлөж 1982 оны эмнэг сургалтын аваргаар шалгарч (аймгийн), орон нутгийн Жана өмир сонинд удаа дараа нийтлэл хэлбэрээр бичигдэж байсан бөгөөд бусад шагналаар шагнагдаж байлаа. Миний бие нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн тухай бүр тэмдэглэгээ хийлгэж байсан хэдий ч нэгдэл тарах үед авах гэсэн боловч олдоогүй. Хэн нэгэн хүний гарт үрэгдсэн бололтой юм. Архиваас ч материал гараагүй учир өөрт байсан зарим баримт, фото зургууд болон номын санд хадгалаастай байсан Жана өмир сонинд нийтлэгдсэн материалуудыг хувилан авч нотариатаар баталгаажууллаа. Хамт ажиллаж байсан хүмүүс ч тодорхойлолт өгсөн. Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд адуучнаар 1981 оны 2 дугаар сарын 10-наас 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч А.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Хүсэлт гаргагч А.Х нь 1981 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл адуучин байсан талаар хүсэлт гаргасан боловч нотлох баримтын хүрээнд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд хүчин зүтгэж байсныг нотлох үнэмлэх нь олдсон учраас хүсэлтийн шаардлагыг нэмэгдүүлээд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл адуучнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. А.Х нь 1976 оноос 1979 онд хугацаат цэргийн алба хаасан. 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Октябрь-39 нэгдэлд адуучин байсан. Шүүхэд хандсан шалтгаан бол хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нэгдэл таарах үед хэн нэгний хариуцлагагүй ажиллагааны улмаас олдоогүй. Энэ хүний хөдөлмөрлөсөн байдал архиваас шүүж үзэхэд олдоогүй. 1979 оноос 1992 он хүртэл адуучин байсан гэдэг нь доорх нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд, Нэгдүгээрт, 1983 онд Жана өмир сонинд нийтлэгдсэн адуунд дуртай залуучууд гэсэн нийтлэл, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөн сонинд нийтлэгдсэн адууны дэлэнд наадсан залуучууд гэх нийтлэл, 1984 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нийтлэл зэрэг байгаа. Үүнийг Дэлүүн сумын номын сангаас хуулбарлан авч нотариатаар гэрчлүүлж шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хоёрдугаарт, 1982 онд авахуулсан фото зураг байна. Энд эмнэг сургалт залуучуудын аймгийн аварга гэсэн туузыг зүүсэн Хуатбекийн зураг, мөн түүнтэй хамт авахуулсан миний мэдэхээр аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Цэрэн, аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Ахын нарын хамт авахуулсан зураг байгаа. Гуравдугаарт, Дэлүүн суманд энэ хүнийг адуучнаар ажиллаж байсныг сайн мэдэх Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Мусахан, тухайн үед бригадын даргаар ажиллаж байсан Зейнелгабит, мөн хамт ажиллаж байсан Медине нарын тодорхойлолт байгаа юм. Дөрөвдүгээрт, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилээр олгосон сайшаалын үнэмлэх байна. Энэ дээр 7 дугаар 5 жилийн төлөвлөгөөг ханган биелүүлэх үйлсэд хүчин чармайлт гаргасан, сүүлийн 5 жилд эмгэг адуу, тэмээгүй болгосон гээд ажлын амжилтыг тэмдэглэж ширээний цаг, 500 төгрөгөөр шагнасан байна. Өөрөөр хэлбэл, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сайшаалын үнэмлэхэд сүүлийн таван жилд гэж үзсэн учраас 1984 оноос эхэлж ажиллаж байсныг нотолно. Тавдугаарт, Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн санхүүгээс 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр явуулсан мэдэгдэх хуудас байдаг. Энэ мэдэгдэг хуудсанд авсан болзолт уралдааны амлалтаас 6 адуу, хоёр тэмээ дутуу сургагдсан учраас энийгээ тооцоод нэгдлийн санхүүд яаралтай хийнэ үү гэсэн мэдэгдэх хуудас байна. Үүнээс гадна 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдөр олгосон нэгдлийн гишүүний үнэмлэх байгаа юм. Энэ үнэмлэхийг үндэслээд хүсэлтийнхээ шаардлагыг 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд хүчин зүтгэж эхэлжээ гэж үзэж байгаа юм. Дээрх бүх нотлох баримтуудыг үндэслэн А.Хийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл адуучин байсныг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч А.Хийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 256 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн санхүүгийн баримтаас шүүн үзэхэд иргэн А.Хт холбогдох баримт гараагүй гэсэн тул хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагч А.Хийн улсад ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:
Хүсэлт гаргагч А.Х нь 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн гишүүнд элссэн болох нь Нэгдлийн гишүүний үнэмлэхээр нотлогдож байна.
-Хавтаст хэрэгт авагдсан 1983 онд Жана өмир сонинд нийтлэгдсэн Адуунд дуртай залуучууд гэсэн нийтлэлд: 7 дугаар таван жилд догшин морь, тэмээгүй аймаг болох аянд нэгдэх хөдөлгөөн аймгийн залуучуудын дунд нэлээд хүчтэй дэлгэр байна. МХЗЭ-ийн аймгийн Эвлэлээс 1 жилийн уралдаан зарласан билээ. Үүний үр дүнд 1982 онд 224 тэмээ, 1102 адуу номхтгосон байна. Уралдаанд идэвхтэй оролцсон Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн малчин А.Х 1 дүгээр байр эзэлж, 1982 оны адуу номхтгох аймгийн Аварга залуу цолын ялагч боллоо гэсэн байна.
1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөн сонинд нийтлэгдсэн Адууны дэлэнд наадсан залуучууд гэх нийтлэлд: Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн малчин А.Х 1981 оноос хойш нэгдэлтэй гэрээ байгуулан адуу, тэмээ сургаж, амжилттай ажиллаж ирсэн. Тэрээр 1982 онд аймгийн аваргаар шалгарсан ба зөвхөн сүүлийн жилд 82 адуу, 16 тэмээ сургасан байна. Мөн 21 адууг морин тэрэгт сургажээ. А.Х нь эмээл, хазаар, аргамж, чөдөр, тушаа зэрэг үйлийг өөрөө хийдэг тул морь сургахад хялбар байдаг байна. А.Х энэ ажлаар Монгол Улсын спортын мастер болсон бөгөөд догшин морины дэлэн дээр наадсан чадварлаг тамирчин юм гэсэн байна.
1984 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөн сонинд нийтлэгдсэн Догшин морь сургах залуучуудын үүрэг нийтлэлд: Адуу, тэмээг унаанд хэрэглэх замаар техникийн хүч, шатахуун хэмнэх явдал улс даяар зорилго болж байна....манай аймгийн Дэлүүн сумын малчин, аймгийн догшин морь сургагч аварга А.Х нарын туршлагаас суралцахыг зорьж байна гэсэн байна.
-Хүсэлт гаргагч А.Хийн 1982 оны аймгийн Аварга залуу тууз зүүгээд авахуулсан фото зураг, мөн 1989 оны 12 дугаар 31-ний өдөр Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн зөвлөлөөс Сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан байна.
-Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн санхүүгээс 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр явуулсан мэдэгдэх хуудсанд: А.Хт эмнэг сургалтын аймгийн аварга шалгаруулалтад авсан болзолт уралдааны амлалтаас 6 адуу, хоёр тэмээ дутуу сургагдсан учраас үүнийг тооцоод нэгдлийн санхүүд яаралтай хийнэ үү гэсэн байна.
-Хүсэлт гаргагч А.Хтэй хамт ажилласан Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын дарга РД:БЖ59071679 А.Мусаханы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд 1982 оны 9 дүгээр сараас 1985 оны 5 дугаар сарын хооронд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан ба А.Х нь тухайн үед Октябрь-39 нэгдэлд адуучин байсан гэсэн байна.
РД:БЖ42061571 Т.Зейнелгавит нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Адуучин А.Х нь Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн адууг 1981 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээж аваад 1992 оны 3 дугаар сард иргэдэд хувааж тараасан. Би сахалт айл байсан учир сайн мэднэ гэсэн байна.
РД:БЖ62041776 Молхы хошах А.Мадинегийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: А.Х бид хоёр 1981 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн 517 адууг хүлээн авч 1986 оны 5 дугаар сарын 30-ны хүртэл Үней бид гурвуулаа адуу маллаж байгаад би тууврын мал туух болсон тул адуучнаас гарсан. Хуатбек, Үней, Советхан гурав адуучнаар үлдсэн гэсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.Х нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд адуучнаар 1979 оны 8 дугаар сарын 01-нээс 1992 оны 02 дугаар сарын 10-ны хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч РД:ПЛ******Жантекей харажан овогт А.Х Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд адуучнаар 1979 оны 8 дугаар сарын 01-нээс 1992 оны 02 дугаар сарын 10-ны хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК