Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 134

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Сумъяа, 

шүүгдэгч М.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Баясгаланд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130000550072 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ………… ажилтан мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар ангийн 3 дугаар заставын харуулын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “Хөндлөн хайлааст” гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ЧГ77041514/,  Онгод тайж нар овогт Мөнхтогоогийн Баясгалан.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч М.Баясгалан нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн харьяа 3 дугаар заставын байранд ховор амьтан болох Халиун бугын 1 тооны эвэртэй толгойг олж, зохих журмын дагуу мэдэгдэлгүй 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч М.Баясгалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед учрыг нь сайн мэдэхгүй байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ийм асуудал гаргасан гэв.

 

          Иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайханы: ...“Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны мэргэжилтнээр 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр уг асуудлын талаар мэдсэн. Манай Эрдэнэцагаан сумын нутаг, хилийн зурвас газруудаар бугын сүрэг нутаглан амьдардаг. Буга нь хавар буюу 3 дугаар сард цаг агаарын нөхцөл байдал, идэш тэжээлээс шалтгаалан эврээ хаядаг амьтан юм. Уг амьтан нь 2006 оны улаан дансанд Монгол Улсад устаж болзошгүй амьтны жагсаалтад орж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны №07 тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. Ховор амьтны түүхий эдийг түүхийг хуулиар хориглосон байдаг. М.Баясгалан нь уг бугын эвэртэй толгойг олж авсан талаар надад мэдэгдсэн зүйл байхгүй, зөвшөөрөл аваагүй Эр буга буюу Дайр нь 2011 оны №23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар 6.600.000 төгрөг байдаг”. гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х /

         

          Гэрч Ю.Баттулгын: ...“Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 03 дугаар заставын байранд ажил дээрээ байхад манай хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Хос-Эрдэнэ харуулаас буугаад тайвнаа илтгэснийхээ дараа надад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манаанд явж байхдаа үхсэн бугатай таарсан. Тэр тухайгаа харуулын дарга Баясгаланд илтгэн танилцуулсан. Тэгээд маргааш нь 02 дугаар сарын 01-ний өдөр харуулын дарга Баясгалан нь байлдагч Отгон-Эрдэнэ, Төгөлдөр нарын хамт явж бугын толгойг тасалж харуулын байран дээр харуулын дарга Баясгалан авч ирж хадгалсан гэж хэлсэн. Тэгэхээр Баясгалан нь харуулын байран дээр бугын эвэртэй толгойг хадгалаад байгааг нь би мэдээд харуул солилцуулах машинаар заставын байранд уг тастсан эвэртэй толгойг авч ир гэж Баясгаланд хэлсэн. Гэхдээ би хаана хадгалсан талаар мэдээгүй. Баясгалан надад эхэлж мэдэгдээгүй. Харуулд гарсан Хос-Эрдэнэ надад 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүрч ирж хэлсэн. Тэгээд Баясгаланг тухайн өдөр харуулаас бууж ирэхээр нь дуудаж уулзахад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үхсэн бугатай таарсан ба маргааш нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уг бугын эвэртэй толгойг авч ирж харуулын байранд хадгалсан гэж хэлсэн. Харуулаас 4 хоногийн дараа буусны дараа Хос-Эрдэнээс сонсож мэдсэн. Тэрнээс Баясгалан нь өөрөө түрүүлж илтгэж танилцуулаагүй. Би авч ирээд машинаас буулгаж байхад нь харсан”. гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х /

         

          Гэрч Ц.Хос-Эрдэнийн: ...“Би Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн цэргийн 0146-р ангид 2020 оны 05 сард хугацаат цэргээр татагдан ирсэн юм. Би одоо застав дээр хэдэн бугын толгой байгаа талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би нэг үхсэн бугын толгой застав дээр байлдагч Отгон-Эрдэнийн хамт явж байгаад олоод авч ирсэн. Яг энэ сарын хэдний өдрийг сайн мэдэхгүй байна. 2021 оны 01 сарын сүүлээр 1031-р тэмдэгтийн хойно байдаг хадтай хавцлын доод талд нэг буга үхсэн байсан юм. Тэгэхээр нь харуул дээр ирж ахлах ахлагч Баясгаланд хэлээд явсан. Хадны хажуугаар урагшаа чигтээ хараад үхсэн байсан. Тэгэхээр нь хараад буцаад явсан ба гаднаас харагдах ил шарх сорви харагдаагүй. Би буга үхсэн байсан талаар манаан дээр байсан ахлах ахлагч Баясгаланд хэлсэн. Маргааш нь ахлах ахлагч Баясгалан нь хугацаат цэрэг Отгон-Эрдэнийг дагуулж яваад үхсэн бугын толгойг авч ирсэн. Би тэр үед манаан дээр байсан. Би заставд ирснээсээ хойш анх удаа үхсэн бугатай таарч байгаа нь энэ юм...,” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х /

 

          Яллагдагч М.Баясгалангийн: ...“Би Хилийн цэргийн 0146 дугаар анги, 03 дугаар заставд харуулын дарга ажил эрхэлдэг юм. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр харуулын үүрэг гүйцэтгэх явцад ахлах байлдагч Хос-Эрдэнэ хилийн манаа үүрэг гүйцэтгээд ирэхдээ 31 дүгээр тэмдэгтийн чиглэлд үхсэн буга байна гэж хэлсэн. Үүний дагуу маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний бие байлдагч Отгон-Эрдэнэ, Төгөлдөр нарын хамт уг үхсэн буга байгаа газарт очиж үзэхэд эвэртэй 1 тооны буга үхсэн байсан ба тухайн үед би авсан зураг, хөргийг нь дараад бичлэг хийгээд уг бугын толгойг Отгон-Эрдэнэ, Төгөлдөр нараар хөрөөдүүлж тасдан харуулын байранд авч ирж хадгалсан. Тухайн үед Отгон-Эрдэнэ, Төгөлдөр, Энхбаатар нарыг заставын байр руу явахад нь би заставын дарга Ю.Баттулгад хэлүүлэхээр явуулсан. Гэхдээ хэлсэн үгүйг нь бол би мэдээгүй ...харуулын байрны хажууд 4 хоног хадгалаад застав руу харуул солилцох машинтай зөөвөрлөсөн. Би бугыг ховор амьтан болохыг мэдэхгүй. Бугын эвэр хадгалахыг хууль бус гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 х /

 

          Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл, судалгаа шинжилгээ, төрийн бус байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Гүрсоронзонгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны түүхий эд нь Халиун буга /Cervus elphus Linnaeus, 1758/-ын эвэртэй толгой байна. Дайр /эр буга/ нь Монгол улсын хөхтөн амьтны төрөлд багтана. Уг амьтан нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны №07 тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. 2006 оны улаан дансанд Монгол Улсад устаж болзошгүй амьтны ангилалд орсон. Уг амьтны хүйс насжилтыг тогтоох боломжтой. Эвэр түүний салаа, өргөний хэмжээ зэргээс үндэслэн харахад ойролцоогоор 12-14 орчим насны эр Халиун буга буюу “Дайр” болох нь тогтоогдож байна. ”Дайр” нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны №23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр 6600,0 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг болох ба Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Экологи-Эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нөхөн төлбөр оногдуулна гэх дүгнэлт /хх-ийн 28 х /

           

          Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Е.Мөнх-Учралын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаарт дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай түүхий эдэд буудлага болон мэсний шинжтэй зүйлийн ул мөр илэрсэнгүй. Уг амьтны түүхий эд нь толгой дутуу байна гэх дүгнэлт /хх-ийн 33-35 х /

            

          Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн харьяа 03 дугаар заставын байрны агуулахад 2021 оны 02 дугаар сарын 25-нд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 4-5 х/

 

          М.Баясгалангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/

         

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5/40 дугаартай шүүгдэгч М.Баясгалангийн  ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 х/

 

М.Баясгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Баясгалан нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн харьяа 3 дугаар заставын байранд ховор амьтан болох Халиун бугын 1 тооны эвэртэй толгойг олж, зохих журмын дагуу мэдэгдэлгүй 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хадгалсан болох нь:

 шүүгдэгч М.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайхан, гэрч Ю.Баттулга,   Ц.Хосбаяр нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл, судалгаа шинжилгээ, төрийн бус байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Хатанбаатар овогтой Гүрсоронзонгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Е.Мөнх-Учралын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт, Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн харьяа 03 дугаар заставын байрны агуулахад  үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлогдох баримтуудаар нотлогдож байна.          

           

          Халиун буга нь Монгол улсын хөхтөн амьтны төрөлд багтах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны №07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. 2006 оны улаан дансанд Монгол Улсад устаж болзошгүй амьтны ангилалд орсон байна.

 

Хэргийн дээрх баримтаар М.Баясгалан нь  ховор амьтны жагсаалтад орсон халиун бугын эвэртэй толгойг олж өөртөө хадгалж байсан болох нь хөтөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр  ховор амьтны жагсаалтад орсон амьтны түүхий эдийг хадгалах,  худалдах, худалдан авахыг хуулиар хориглосныг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээ шаардлагыг хангах, ашиг олох зорилгоор халиун бугын эвэртэй толгойг хээрээс олж, хадгалан гэмт хэргийг санаатайгаар үйлджээ.

 

М.Баясгалан нь ховор амьтны жагсаалтад орсон Халиун бугын эвэртэй толгойг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хээрээс олж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл өөртөө хадгалсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Баясгалан нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч М.Баясгаланд холбогдох хэргийн тухайд байгалийн жамаар үхсэн “Халиун буга”-н түүхий эд болох эвэртэй толгойг хадгалсан үйлдлийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй,  түүний үйлдэл нь нийгэмд аюулгүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна.

Иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайханы “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 223 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 6.600.000 төгрөгөөр тогтоосон тул  Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар уг Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж 13 200 000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч М.Баясгалангаас гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Учир нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заажээ.

 

Шүүгдэгч М.Баясгалангийн хувьд уг байгалийн жамаар үхсэн халиун бугын эвэртэй толгойг хээрээс олж хадгалсан боловч ямар нэг байдлаар цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан зэргээр ашиг олсон болон тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсан нь тогтоогдохгүй байх тул энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

 

          Тодруулбал, шүүгдэгч дээрх 1 тооны халиун бугыг агнаагүй, харин үхсэн амьтны сэг, зэмтэй тааралдсан төдийгүй бусдад тухайн амьтны түүхий эдийг худалдан борлуулсан үйлдэл, санаа зорилго байгаагүй нь түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр харуулын үүрэг гүйцэтгэх явцад ахлах байлдагч Хос-Эрдэнэ хилийн манаа үүрэг гүйцэтгээд ирэхдээ 31 дүгээр тэмдэгтийн чиглэлд үхсэн буга байна гэж хэлсэн. Үүний дагуу маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний бие байлдагч Отгон-Эрдэнэ, Төгөлдөр нарын хамт уг үхсэн буга байгаа газарт очиж үзэхэд эвэртэй 1 тооны буга үхсэн байсан ба тухайн үед би авсан зураг, хөргийг нь дараад бичлэг хийгээд уг бугын толгойг Отгон-Эрдэнэ, Төгөлдөр нараар хөрөөдүүлж тасдан харуулын байранд авч ирж хадгалсан, ...харуулын байрны хажууд 4 хоног хадгалаад застав руу харуул солилцох машинтай зөөвөрлөсөн...” гэх,

          гэрч  Ю.Баттулгын: “...байлдагч Хос-Эрдэнэ харуулаас буугаад тайвнаа илтгэснийхээ дараа надад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манаанд явж байхдаа үхсэн бугатай таарсан. Тэгээд маргааш нь 02 дугаар сарын 01-ний өдөр харуулын дарга Баясгалан нь байлдагч Отгон-Эрдэнэ, Төгөлдөр нарын хамт явж бугын толгойг тасалж харуулын байран дээр харуулын дарга Баясгалан авч ирж хадгалсан гэж хэлсэн...” гэх,    

          гэрч Ц.Хос-Эрдэнийн: “...би нэг үхсэн бугын толгой застав дээр байлдагч Отгон-Эрдэнийн хамт явж байгаад олоод авч ирсэн. Яг энэ сарын хэдний өдрийг сайн мэдэхгүй байна. 2021 оны 01 сарын сүүлээр 1031-р тэмдэгтийн хойно байдаг хадтай хавцлын доод талд нэг буга үхсэн байсан юм...” гэх мэдүүлгүүд

          Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Е.Мөнх-Учралын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаарт дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай түүхий эдэд буудлага болон мэсний шинжтэй зүйлийн ул мөр илэрсэнгүй. Уг амьтны түүхий эд нь толгой дутуу байна гэх дүгнэлт зэргээр тогтоогдсон болно.

          Иймд шүүгдэгч М.Баясгаланг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч М.Баясгаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.     

 

Шүүгдэгч М.Баясгалангийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “Хөндлөн хайлааст” гэх газарт байнга оршин суух хаягтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Халиун бугын эвэртэй толгойг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, зохих журмын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэхийг даалгав.

 

Шүүгдэгч М.Баясгалан энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Онгод тайж нар овогт Мөнхтогоогийн Баясгаланг ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баясгаланг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан шүүгдэгч М.Баясгаланд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баясгалан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баясгаланд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайханы Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нэхэмжилсэн 13.200.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Халиун бугын эвэртэй толгойг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, зохих журмын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэхийг даалгасугай.

 

8. Шүүгдэгч М.Баясгалан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР