Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Сумъяа, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

шүүгдэгч Ю.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Баттулгад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130000540073 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар ангийн 3 дугаар заставын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “Хөндлөн хайлааст” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:ЛМ90061514 Хатгин овогт Юрагийн Баттулга.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ю.Баттулга нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн харьяа 3 дугаар заставын байранд ховор амьтан болох Халиун бугын 2 тооны эвэртэй толгойг олж, зохих журмын дагуу мэдэгдэлгүй  2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ю.Баттулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тохойн цэргийн харуулыг   томилгооны дагуу үүрэг гүйцэтгээд явж байсан. Хилийн 1028 дугаар тэмдгээс хойшоо 1 километр орчмын зайд урд зүг рүү хараад үхсэн бугыг харсан. Тухайн буга нь хөшиж үхсэн байдалтай байсан. Бугын гэдсийг нь шувуу идэж байсан. Харуулын байр руу цэрэг дуудаж авчирсан. Миний хувьд мотоциклтой явж байсан. Цааш хилийн 1025 дугаар тэмдгийн тэнд тэнгэрт 7-8 тас шувуу эргэлдээд байсан. Тэгээд шувуу эргэлдээд байсан учраас уулын цаад руу ороход 2 чоно нэг бугыг идэж байсан. Станцаар Энхбаярыг дуудаж толгойг нь авсан. Уг бугын толгойнуудыг хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авсан гэв.

 

          Иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайханы: ...“Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны мэргэжилтнээр 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр уг асуудлын талаар мэдсэн. Манай Эрдэнэцагаан сумын нутаг, хилийн зурвас газруудаар бугын сүрэг нутаглан амьдардаг. Буга нь хавар буюу 3 дугаар сард цаг агаарын нөхцөл байдал, идэш тэжээлээс шалтгаалан эврээ хаядаг амьтан юм. Уг амьтан нь 2006 оны улаан дансанд Монгол Улсад устаж болзошгүй амьтны жагсаалтад орж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны №07 тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. Ховор амьтны түүхий эдийг түүхийг хуулиар хориглосон байдаг. Ю.Баттулга нь уг бугын эвэртэй толгойг олж авсан талаар надад мэдэгдсэн зүйл байхгүй, зөвшөөрөл аваагүй Эр буга буюу Дайр нь 2011 оны №23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар 6.600.000 төгрөг байдаг”. гэх мэдүүлэг /хх-ийн12-13 х/,

           

          Гэрч Т.Бүрэнтөгсийн: “...Би хилийн цэргийн 0146-р ангийн 0176-р салбарт жагсаалын дарга ажилтай юм. 2020 оны 12 дугаар сарын дундуур байх яг өдрийг нь санахгүй байна. Би хувийн ажил гараад ангийн захирагч х/а Азхүүгээс чөлөө аваад 2 өдөр 1 шөнө болоод ирсэн юм. Намайг буцаж заставдаа ирсний маргааш заставын дарга а/х Ю.Баттулга нь манаа шалгаж яваад 2 бугын дагзтай эвэр олсон гэж ярьсан. Тэгээд би уг 2 дагзтай эврийг үзэхээр хуучин цэргийн байранд орж харсан”. гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 х/,

         

          Гэрч А.Удирсадын: “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0146-р ангид 2020 оны 05-р сараас эхлэн хугацаат цэргийн алба хааж байна. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны орчимд 3-р заставын харуулын байранд байж байтал заставын дарга а/х Ю.Баттулга хүрч ирээд харуулын даргыг дуудуулаад авч явсан. Намайг очиход 1028-р баганын харалдаа 1 буга үхсэн байсан. а/х Ю.Баттулга уг бугын толгойг тасалж ав гэж үүрэг өгөхөөр нь Түвшинтөгс бид 2 тасалж аваад харуулын байранд авч ирсэн. Тэгээд тэрнийхээ маргааш өглөө нь заставын байр руу аваачиж уурын зуухны өрөөнд аваачиж тавьсан. Одоогоор заставд 3ш бугын толгой байна”. гэх мэдүүлэг / хх-ийн 22 х /,

           

          Гэрч А.Энхбаярын: “...Би 2014 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146-р ангид Харуулын даргаар ажиллаж байна. Би 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр хэзээ гэдгийг санахгүй байна 3 дугаар заставд харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд заставын дарга Ю.Баттулга станцаар буга үхсэн байна. Ирээд толгойг нь аваадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа морьтой очсон. Намайг очиход гэдэс идэгдсэн, эвэртэй толгойтой үхсэн буга байсан. Тэгээд би заставын даргад танилцуулаад эвэртэй толгойг нь хутгаар тайрч авч харуулын байранд авч ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 18-нд заставын дарга 2 цэрэг явуулаад уг толгойг авч застав руу хүргүүлсэн ...Надад заставын дарга ахмад Ю.Баттулга үүрэг өгсний дагуу уг бугын эвэртэй толгойг тастаж авч ирж, заставын даргын явуулсан 2 цэрэгт өгч явуулсан. Намайг очиход гэдэс дотрыг гаргаж идсэн байсан”. гэх мэдүүлэг / хх-ийн 24 х /,

           

          Гэрч Э.Отгон-Эрдэнийн: ...“Би 2020 оны 05 дугаар сараас Хилийн цэргийн 0146 дугаар ангид хугацаат цэргийн албанд үүрэг гүйцэтгэж байна. 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдрийг санахгүй байна тус ангийн 3 дугаар заставд харуулын үүрэг гүйцэтгэн явж байхад 1 доголон буга харагдаж байсан. 2 өдрийн дараа байлдагч Хос-Эрдэнэ, Төгөлдөр нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа 1031 дүгээр тэмдэгтийн хойд талд 1 км орчим зайд үхсэн буга байна гэж харуулын дарга М.Баясгаланд ирээд мэдэгдсэн. Түүний дагуу ахлах ахлагч М.Баясгалан, байлдагч Төгөлдөр нарын хамт уг бугын толгойг хөрөөдөхөөр явсан ...тэрнээс хойш хэд хоногийн дараа заставын байрны уурын зуухны өрөөнд арьс үстэйгээ байхыг харсан ба түүнээс хойш хараагүй ...манай заставын дарга ахмад Ю.Баттулга хадгалах, цуглуулах үүрэг өгсөн байх. Хэн эзэмшиж байгааг одоогоор сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 25-26 х /,

         

          Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл, судалгаа шинжилгээ, төрийн бус байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Хатанбаатар овогтой Гүрсоронзонгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01, 03 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн амьтны түүхий эд нь Халиун буга /Cervus elphus Linnaeus, 1758/-ын Дайр /эр буга/-ын эвэртэй толгой байна. Дайр /эр буга/ нь Монгол Улсын хөхтөн амьтны төрөлд багтана. Уг амьтан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны №07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. 2006 оны улаан дансанд Монгол Улсад устаж болзошгүй амьтны ангилалд орсон. Уг амьтны хүйс, насжилтыг тогтоох боломжтой. Эвэр түүний салаа, өргөний хэмжээ зэргээс үндэслэн харахад ойролцоогоор 10-12 орчим насны эр Халиун буга буюу “Дайр” болох нь тогтоогдож байна. “Дайр” нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны №223 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Экологи- Эдийн засгийн үнэлгээгээр 6600,0/зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг болох ба Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Экологи-Эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нөхөн төлбөр оногдуулна”. гэх дүгнэлт /хх-ийн 31, 35 х/,

           

          Сүхбаатар аймгийн Криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Е.Мөнх-Учралын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “2, 3” дугаартай амьтны гаралтай түүхий эд нь ялзарч муудсан, шинж чанараа алдсан байх тул буудлага болон мэсний шинжтэй ул мөр байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Уг амьтны түүхий эдийн эд эрхтнүүд нь дутуу байна гэх дүгнэлт /хх-ийн 40-42 х/,

         

          Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн харьяа 03 дугаар заставын байрны агуулахад 2021 оны 02 дугаар сарын 25-нд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 4-5 х/

 

Ю.Баттулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 х/ 

Ю.Баттулгын Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 х/

Ю.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ю.Баттулга нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн харьяа 3 дугаар заставын байранд ховор амьтан болох Халиун бугын 2 тооны эвэртэй толгойг олж, зохих журмын дагуу мэдэгдэлгүй 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хадгалсан болох нь шүүгдэгч Ю.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайхан, гэрч Т.Бүрэнтөгс, А.Удирсад, А.Энхбаяр, Э.Отгон-Эрдэнэ нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл, судалгаа шинжилгээ, төрийн бус байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Хатанбаатар овогтой Гүрсоронзонгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01, 03 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Е.Мөнх-Учралын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар дүгнэлт, Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн харьяа 03 дугаар заставын байрны агуулахад  үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг нотлогдох баримтуудаар нотлогдож байна.          

           

          Халиун буга нь Монгол улсын хөхтөн амьтны төрөлд багтах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны №07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. 2006 оны улаан дансанд Монгол Улсад устаж болзошгүй амьтны ангилалд орсон байна.

 

Хэргийн дээрх баримтаар Ю.Баттулга нь  ховор амьтны жагсаалтад орсон халиун бугын эвэртэй толгойг олж өөртөө хадгалж байсан болох нь хөтөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр  ховор амьтны жагсаалтад орсон амьтны түүхий эдийг хадгалах,  худалдах, худалдан авахыг хуулиар хориглосныг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээ шаардлагыг хангах, ашиг олох зорилгоор халиун бугын эвэртэй толгойг хээрээс олж, хадгалан гэмт хэргийг санаатайгаар үйлджээ.

 

Ю.Баттулгын ховор амьтны жагсаалтад орсон Халиун бугын эвэртэй толгойг 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хээрээс олж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл өөртөө хадгалсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ю.Баттулга болон түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нар гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ю.Баттулгад холбогдох хэргийн тухайд байгалийн жамаар үхсэн “Халиун буга”-н түүхий эд болох эвэртэй толгойг хадгалсан үйлдлийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй,  түүний үйлдэл нь нийгэмд аюулгүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна.

Иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайханы “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 223 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 6.600.000 төгрөгөөр тогтоосон тул  Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар уг 2 тооны Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж 26 400 000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч Ю.Баттулгаас гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заажээ.  

Шүүгдэгч Ю.Баттулгын хувьд уг байгалийн жамаар үхсэн халиун бугын эвэртэй толгойг хээрээс олж хадгалсан боловч ямар нэг байдлаар цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан зэргээр ашиг олсон болон тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсан нь тогтоогдохгүй байх тул энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

 

   Тодруулбал, шүүгдэгч дээрх 2 тооны халиун бугыг агнаагүй, харин үхсэн амьтны сэг, зэмтэй тааралдсан төдийгүй бусдад тухайн амьтны түүхий эдийг худалдан борлуулсан үйлдэл, санаа зорилго байгаагүй нь түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тохойн цэргийн харуулыг  томилгооны дагуу үүрэг гүйцэтгээд явж байсан. Хилийн 1028 дугаар тэмдгээс хойшоо 1 километр орчмын зайд урд зүг рүү хараад үхсэн бугыг харсан. Тухайн буга нь хөшиж үхсэн байдалтай байсан. Бугын гэдсийг нь шувуу идэж байсан. Харуулын байр руу цэрэг дуудаж авчирсан. Миний хувьд мотоциклтой явж байсан. Цааш хилийн 1025 дугаар тэмдгийн тэнд тэнгэрт 7-8 тас шувуу эргэлдээд байсан. Тэгээд шувуу эргэлдээд байсан учраас уулын цаад руу ороход 2 чоно нэг бугыг идэж байсан. Станцаар Энхбаярыг дуудаж толгойг нь авсан. Уг бугын толгойнуудыг хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авсан...”гэх,                            

          Гэрч А.Удирсадын: “...Намайг очиход 1028-р баганын харалдаа 1 буга үхсэн байсан. а/х Ю.Баттулга уг бугын толгойг тасалж ав гэж үүрэг өгөхөөр нь Түвшинтөгс бид 2 тасалж аваад харуулын байранд авч ирсэн. Тэгээд тэрнийхээ маргааш өглөө нь заставын байр руу аваачиж уурын зуухны өрөөнд аваачиж тавьсан..” гэх,

           

          Гэрч А.Энхбаярын: “...Ю.Баттулга станцаар буга үхсэн байна. Ирээд толгойг нь аваадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа морьтой очсон. Намайг очиход гэдэс идэгдсэн, эвэртэй толгойтой үхсэн буга байсан. Тэгээд би заставын даргад танилцуулаад эвэртэй толгойг нь хутгаар тайрч авч харуулын байранд авч ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 18-нд заставын дарга 2 цэрэг явуулаад уг толгойг авч застав руу хүргүүлсэн ...” гэх,                   

          Гэрч Э.Отгон-Эрдэнийн: “...3 дугаар заставд харуулын үүрэг гүйцэтгэн явж байхад 1 доголон буга харагдаж байсан. 2 өдрийн дараа байлдагч Хос-Эрдэнэ, Төгөлдөр нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа 1031 дүгээр тэмдэгтийн хойд талд 1 км орчим зайд үхсэн буга байна гэж харуулын дарга М.Баясгаланд ирээд мэдэгдсэн. Түүний дагуу ахлах ахлагч М.Баясгалан, байлдагч Төгөлдөр нарын хамт уг бугын толгойг хөрөөдөхөөр явсан ...” гэх,                

          Сүхбаатар аймгийн Криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Е.Мөнх-Учралын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “2, 3” дугаартай амьтны гаралтай түүхий эд нь ялзарч муудсан, шинж чанараа алдсан байх тул буудлага болон мэсний шинжтэй ул мөр байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Уг амьтны түүхий эдийн эд эрхтнүүд нь дутуу байна гэх дүгнэлт зэргээр тогтоогдсон болно.

          Иймд шүүгдэгч Ю.Баттулгыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Ю.Баттулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.     

 

Шүүгдэгч Ю.Баттулгын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “Хөндлөн хайлааст” гэх газарт байнга оршин суух хаягтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Халиун бугын эвэртэй толгойг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, зохих журмын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэхийг даалгав.

Шүүгдэгч Ю.Баттулга энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овгийн Юрагийн Баттулгыг ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Баттулгыг 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан шүүгдэгч Ю.Баттулгад оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Баттулга нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Баттулгад шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайханы Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж  нэхэмжилсэн 26 400 000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Халиун бугын эвэртэй толгойг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, зохих журмын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэхийг даалгасугай.

 

8. Шүүгдэгч Ю.Баттулга нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР