Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2017/00464

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2017/00464

Баян-Өлгий аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг ,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух, утас 9*****, РД:БА******* Молхы овогт А.К ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - гийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух, утас 9********, РД:БА******* Ители овогт А.Ткт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хуваарьт болон дундын хөрөнгөөс оногдох хувийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэн А.К би тус сумын иргэн А.Ттэй 2009 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болж 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн №0081093 дугаартай гэрлэсний гэрчилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд А.К, А.Т бид хоёрын дундаас хүү Н нь 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, хүү Н нь 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн ба одоо 2 хүүхэд миний асрамжид эрүүл саруул өсөж бойжиж байна. А.Т бид хоёр гэрлэсэн эхний жилүүдэд сайн сайхан амьдарч байсан боловч сүүлийн 5 жилийн турш А.Тийн ааш заан өдрөөс өдөрт, сараас сард өөрчлөгдөн хувьсаж, намайг байнга сэтгэл санааны дарамтад оруулах, гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж, эмэгтэй хүн миний биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрх чөлөөнд минь согтуугаар удаа дараа халдаж байнга зодож жанчих, өөр айлын эмэгтэйтэй нууц амрагийн холбоо тогтоож нууцаар явалдах зэрэг зүй бус асуудал гаргах боллоо. Тэрээр өөр эмэгтэй рүү байнга хайр дурлалын шинжтэй мессэж бичдэг юм. Энэ асуудлаар олон удаа намайг хууран мэхэлсэн үйл явдал гаргаж байсан юм. А.Т миний нүүр рүү цохисноос болж байнга толгой маань өвдөж унтаж чаддаггүй болсон юм. Толгой мань байнга өвдөхөөр Баян-Өлгий аймгаас онош гараагүй учраас 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот хүртэл шинжилгээ хийлгэхэд миний хамар хугарч дотогшоо орсон тул толгойн мэдрэлийн системд нөлөөлсөн гэж онош гарсан юм. Оношоо тодруулж аймагт ирээд мэргэжлийн эмчээр хамартаа мэс засал хийлгэсэн юм. Ер нь А.Т намайг согтуугаар байнга зодсоноос болж миний бүх бие хөхөрч өвддөг байсан. Өнгөрсөн хугацаанд энэ бүх хүчирхийллийн асуудлыг би хоёр хүүхдийн ирээдүйн амьдралыг бодож тэсэж тэвчиж ирсэн юм. Бид хоёр өнгөрсөн хугацаанд олон удаа хоёр тийшээ салж сарниж, эргэж эвлэрч байсан юм. Гэтэл сүүлийн үед тэрээр намайг ажилд явсны дараа өдөржингөө гудамж хэсээд архи уугаад шөнө дунд согтуу ирж намайг зоддог боллоо. Тэрээр цахилгаанчны ажил хийдэг ба цалин хөлсөөрөө зөвхөн архи л худалдаж авдаг. Гэртээ нэг ч төгрөг авч ирдэггүй юм. Иймд би гэр бүлийн хүчирхийлэлд өртөж маш их ядарч байна. Энэ асуудлаар 2017 оны 01 дүгээр сард эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар бид хоёрыг эвлэрүүлсэн боловч А.Т нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн дахин архи ууж, миний эрх чөлөөнд халдаж, жижгээр танхайрах явдал гаргах боллоо. А.Т нь удаа дараа жижгээр танхайрсан учраас Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шүүгчийн захирамжаар 7 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан юм. Ингээд А.К би А.Ттэй цаашид нэг гэр бүлд хамтран амьдрах ямар ч бололцоогүй болж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. А.К миний хуваарьт хөрөнгө болох 2 хүний ор, телевизор, хөргөгч, 6 хаалгатай гал тогооны шкаф, толь, хувцасны шүүгээ, угаалгын машин, 3x4 хэмжээтэй Эрдэнэт хивс, ямаа, тугалтай үхэр зэрэг хуваарьт хөрөнгийн нийт дүн нь 143000 төгрөг, А.Т бид хоёрын дундын өмч SТАRЕX маркийн авто машин, плитка, зурагт, диван, өвлийн сууц байшин дундын өмчийн нийт үнийн дүн 17480000 төгрөг болж байна. Иймд А.К, А.Т бид хоёрын гэрлэлтийг цуцлаж, хүү Н, Н нарыг эх миний асрамжид үлдээж, эцэг А.Тээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж, А.К миний хуваарьт хөрөнгө болох 143000 төгрөгийн эд зүйлийг мөн 2 хүүхэд болон надад ногдох дундын өмчийн оногдох хэсэг болох 13110000 төгрөг нийт 14540000 төгрөгийг нөхөр болох А.Тээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Кы тус шүүхэд Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг асрамждаа авч надаар тэтгэлэг төлүүлэх, дундын өмчийн оногдох хэсгийг авах гэсэн шаардлагатай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

1.А.К бид хоёр 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сайн дурын үндсэн дээр гэрлэж №0081093 тоот гэрчилгээ авсан юм.

2.Бид хоёрын дундаас 2010 онд Н, 2013 онд Н нар төрсөн. А.К нь сургуульд багш, би цахилгааны монтёр бөгөөд цахилгааныг хариуцсан эрхлэгчээр ажилладаг билээ. Бид эд хөрөнгө, мөнгө төгрөг, байр гэр, унаа, малтай. Үр хүүхэдтэй, сум орон нутагт нэр нөлөөтэй болохоор сайхан амьдарч байгаа. Би урьд өмнө хэд хэдэн удаа архи ууж байсан бөгөөд эхнэр А.Кыг архи уусан үедээ үл хүндэтгэн харьцаж байснаа хүлээнэ. Би А.Кд хайртай бөгөөд үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй, гал голомтоо сүйрүүлэхийг хүсэхгүй байна. Би энэхүү тайлбараараа А.К болон хадам аав ээж, хадам талын хүмүүсээс уучлалт хүсэж надад нэг удаа гэр бүлээ шинээр сайн сайхан авч явах боломж олгохыг хүсэж байна. Би архи уухгүй байж өөрийн буруутай байдалд дүгнэлт хийн засаж чадахаа гэр бүл, хадам талын бүх хүмүүст амлаж байна. Бидний гэр бүлийн байдлыг ойлгож нэг удаа хуульд зааснаар 3 сараар хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөхийг шүүхээс хүсэж байна. А.К нь нэхэмжлэлдээ хуваарьт болон дундын хөрөнгийн талаар бичжээ А.Кы хуваарьт хөрөнгө нь байгаа. Харин дундын өмч гэж бичсэнээс нь зарим зүйл буруу бичигдсэн байна. Тухайлбал өвлийн сууц байшин, старекс маркийн машин нь бидний дундын өмч биш юм. А.К дундын өмч болох хөрөнгүүдийн үнэлгээг үнэлгээчин нарт үзүүлэлгүй, гаднаас нь тоймлон гаргуулсан байх ба энэ үнэлгээ нь бодит үнэлгээ болж чадахгүй эргэлзээтэй тул дахин гаргуулах нь зүйтэй. Бодит үнэлгээ гараагүй байхад өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Миний бие гэрлэлтээ цуцлуулахгүй, сайхан гэр бүл болж чадна гэдгээ амлаж байна гэжээ.

Хариуцагч А.Тийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: 1.Миний бие эмнэлэгт хэвтэн архины эмчилгээг бүрэн төгс хийлгүүлэн дахин архи уухгүй болно. Өнөөдрөөс эхлэн эмчилгээ хийлгэнэ. 2.А.Кы эрх чөлөөнд халдахгүй, хэл амаар доромжлохгүй, гэр бүлийн хүчирхийлэл хийхгүй, дарамтлахгүй. 3.Бусад байдлаар элдэв ааш зан, авир, буруу зуршил гаргахгүй, бусадтай гэр бүлээс гадуур харилцаа тогтоохгүй. 4.Гэр бүл хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, үлгэр жишээч гэр бүл болж чадна. 5. Гэр бүл, эхнэр, хүүхдээ гомдоохгүй гэж эхнэр А.К болон шүүхийн өмнө амлаж байна. Бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Кы шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Шүүхээс миний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч А.Т цаашид архи уухгүй, өөр хүүхэнтэй холбогдохгүй, эхнэрээ зодохгүй гэж амлалт өгсөнтэй эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч А.Кы нэхэмжлэлтэй, хариуцагч А.Тт холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хуваарьт болон дундын хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч А.К, хариуцагч А.Т нар хоорондоо сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулсан байна.

Нэхэмжлэгч А.К, хариуцагч А.Т нар эвлэрсэн тул энэ хэргийн зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300850 төгрөгийн тал нь болох 150425 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч А.Кд олгож, хариуцагч А.Тээс 150425 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч А.К, хариуцагч А.Тт холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хуваарьт болон дундын хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн зохигчид хоорондоо эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300850 төгрөгийн тал нь болох 150425 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч А.Кд олгож, хариуцагч А.Тээс 150425 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК