| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0142/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/286 |
| Огноо | 2022-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/286
2022 03 07 2022/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А,
хохирогчийн өмгөөлөгч Б.Д,
иргэний хариуцагч Д.Н,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч З.Б,
шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ч.А нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, М.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, Ц.А нарт холбогдох эрүүгийн 2003004000000 тоот хэргийг 2021.12.17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл-5, эцэг, эх, дүү, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Цахлайн 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Ц-ын А нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Х” хоолны газарт тогооч ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт М-ийн М нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Хэргийн талаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 168А дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Ц.Аыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Мөнхтулгыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнгэрваа худалдааны төвийн баруун урд замд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 цаг 14 минутын орчимд Ц.Аын жолоодож явсан “Тоёота Прадо” загварын 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан Г.А тээврийн хэрэгслээс бууж алхаад эсрэг урсгалаар явж байсан М.М жолоочтой Тоёота Приус загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргөгдөн амь нас нь хохирсон болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /1-р х.х-33/,
- Хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х.х-36-40/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-14-21/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-22-28/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын: “толгойтын замаас Нарангийн гол руу ордог зам руу ороод явж байхад талийгаач “бие засъя” гэж хэлэхээр нь жолооч зам дээр зогссон, талийгаач хаалгаа онгойлгоод буугаад хаалганы ард зогсоод машиныхаа хаалгыг хааж амжаагүй байхад замын эсрэг талаас маш хурдтай марк, дугаар нь тодорхойгүй тээврийн хэрэгсэл мөргөсөн. Би шууд машинаасаа буухад талийгаач машины ард дээшээ хараад хэвтэж толгойноос нь цус урссан байсан. Мөргөсөн автомашин байхгүй зугтаасан байсан. ...дуудлагын жолооч залуу 103-т дуудлага өгсөн. Би талийгаачийн толгойг бариад хөдөлгөөнгүй сууж байсан 30-40 минутын дараа цагдаа, 103-ын эмч нар ирээд аваад явсан би хамт явсан юм. Гэмтлийн эмнэлэгт очоод удалгүй манай нөхөр амьсгал хураасан.” гэх мэдүүлэг /1-р х.х-42-44/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2020.10.29-ний өдрийн 2129 дугаартай “Талийгаач Г.А-н цогцост баруун талын олон хавирганы хугарал, хоёр талын уушигны уг, элэгний холбоост цус хуралт, зүрхний баруун тосгуурын ар ханан дахь голомтлог цус хуралт, баруун зовхинд шарх, хэвлий, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун хацар, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Талийгаач дээрх цээжний битүү гэмтэл зүрхний няцралын улмаас зүрх зогсож нас баржээ. Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй” гэх дүгнэлт /1-р х.х-130-134/,
- Техникийн оношилгооны шинжээчийн 2020.11.05-ны өдрийн 30212011031948277266 дугаартай: “зүүн гар талын арыг харах толь сууриараа хугарсан, зүүн урд крыло 60x35 см талбайд хонхойсон, урд шил бүхэлдээ цуурч няцарсан зэрэг нь ослын үед үүссэн гэж үзэж байна. Харин зүүн урд дохионы гэрлийн ламп асахгүй, улсын дугаарын гэрлийн ламп асахгүй зэрэг нь ашиглалтын явцад үүссэн гэмтэл. Дээрх гэрлийн ламп асахгүй нь байгаа нь тухайн осол хэрэгт нөлөөлөхгүй гэж үзэж байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-145-150/,
- Шүүхийн шинжилгээний автотехникийн мөр судлалын шинжээчийн 2020.10.28-ны өдрийн 4211 дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн сетка болон саарал өнгийн толины хавтас нь Тоуоtа Рrius маркийн 00-00 УБХ улсын дугаартай автомашины эд ангитай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн сетка болон саарал өнгийн толины хавтас нь Тоуоtа Рrius маркийн 00-00 УБХ дугаартай автомашины эд ангид өнгө, хэлбэр дүрс болон түгжээгээрээ таарч байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-157-165/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2/ Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Нэг. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.Мөнхтулгын гэм буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал: Техникийн шинжээчийн 2021.10.18-ны өдрийн 202137 дугаартай: “Тоёота Приус-20” загварын 00-00 УБХ улсын дугаартай автомашины жолооч Мөнх-Эрдэнэ овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь ослын бүдүүвч зураг /тоормосны мөрийн эхлэл хэсгийн ХЭМЖИЛТ/-ЭЭС тодорхой харагдаж байна. Тоормосны мөрийн эхлэлээс замын голын тэмдэглэл хүртэл 0,5 м байна. Хэрвээ эгнээ голлож явсан бол автомашинаас замын голын тэмдэглэл хүртэл тооцоход 1 м зайтай осол гарахгүй байх боломжтой харагдаж байна...” гэх дүгнэлт /2-р х.х-150-152/, шинжээч Р.Мөнхбаярын: “Ослын газрын бүдүүвч зургаас харахад уг автомашины тоормосны мөр замын тэнхлэгийн тусгаарлах зурвас тэмдэглэлээс 0,5 метр зайтай байсан. “Тоёота Приус” маркийн автомашины баруун дугуйнаас зорчих хэсгийн зах хүртэл 1,5 метр байна гэж тооцоогоор гаргасан. Эгнээний өргөн 3.8 метр, хэрэв жолооч М.М нь эгнээ голлож явсан бол тэнхлэгийн тусгаарлах зурвас тэмдэглэлээс 1 метрийн зайтай явах байсан учраас МУ-ын ЗХД-ийн 11.2 дахь заалтыг зөрчсөн гэж шинжээч нар санал нэгтэй дүгнэлт гаргасан.” гэх мэдүүлэг /2-р х.х-157/, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг зэрэг баримтаар жолооч М.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна” гэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байх бөгөөд уг үйлдэл нь осол гарах үндсэн шалтгаан болоогүй байна.
Харин техникийн шинжээчийн 2020.01.26-ны өдрийн 14/24 дугаартай “явган зорчигч Г.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байна. Энэхүү зам тээврийн ослын үед тоормосны мөр эхэлсэн цэгээс “А” цэг хүртэлх зайд тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй. Явган зорчигчийг мөргөхгүйгээр тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой эсэх нь тухайн үеийн нөхцөл байдал, явган зорчигчийг ямар зайнаас харсан зэргээс хамаарна” гэх дүгнэлт /1-р х.х-210-212/, техникийн шинжээчийн 2021.10.18-ны өдрийн 202137 дугаартай дүгнэлтээр “Зорчигч буюу явган зорчигч Гантөмөр овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: в/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа зориулалтын буух талбай руу, ийм талбай байхгүй бол явган хүний зам, хөвөө тал руу буюу ар тал руу буух, тэр талаас суух. ...хэрвээ зорчигч Г.А нь аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу буусан бол осол гарахгүй байх боломжтой. Зорчигч Г.А нь аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу буусан нь осол гарах шууд шалтгаан болсон. А цэгт явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлолцсон тохиолдолд хөдөлгөөнд автомашин давуу эрхтэй зорчино” гэж дүгнэсэн, зам тээврийн осол дүрслэгдсэн хяналтын камерын бичлэгийн тэмдэглэлд “хохирогч Г.А нь 03:14:53 цагт “Тоёота Прадо” загварын 00-00 УНГ улсын дугаартай автомашины зүүн талын хаалгыг онгойлгон хаалганы араар зогсож хөл нь харагдаж байна, түүний хажуугаар замын эсрэг талын урсгалаар цайвар өнгийн пробокс маркийн автомашин зөрж явж байна. 03:15:09 цагт талийгаач зам гарах гэж байгаа байдалтай алхаж байна, замын эсрэг талын урсгалаас улсын дугаар, өнгө тодорхойгүй “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл талийгаач Г.Аыг мөргөж зогсолгүй явсан” гэж тусгагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт тухайн камерын бичлэгийг үзэхэд “хохирогч Г.А нь автомашины зүүн талын хаалгаар буугаад зогсож байх үед автомашины хаалган дээр М.Мөнхтулгын автомашины гэрэл тусаж байгаа харагдах ба М.Мөнхтулгын жолоодож явсан автомашин Г.Аын зогсож байсан автомашинтай ойртон ирэх мөчид Г.А нь эсрэг урсгалаар явж байсан М.Мөнхтулгын автомашины урдуур гэнэт алхан орсон, хоёр машины гэрлийн солбицол дээр хэрхэн мөргөгдөж байгаа нь харагдахгүй байгаа” байдал тогтоогдлоо.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд явган зорчигч Г.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” заалтыг зөрчиж ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй эсрэг урсгалаар явж буй машины урдуур гэнэт алхан орж мөргүүлсэн байна.
Техникийн шинжээчийн дүгнэлтээр Ц.А жолоочтой автомашин болон М.М жолоочтой автомашины хол ойрын гэрлийн талаар дүгнэлт гаргаагүй хэдий ч камерын бичлэгээр хохирогч нь хоёр машины гэрлийн солбицол дээр хэрхэн мөргөгдөж байгаа нь харагдахгүй байгаа байдал тогтоогдож байгаа нь М.Мөнхтулгын гэрчээр өгсөн “...миний нүд гялбаад үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тэгсэн гэнэт пид гэж дуугараад л юм мөргөх шиг болсон” гэх мэдүүлэг /1-р х.х-128/, Ц.Аын яллагдагчаар өгсөн “тэр ах эсрэг урсгалын эгнээнд дөнгөж ороод зогсож байтал Орбитоос хотын төв рүү явах чиглэлээс ирж явсан автомашин их гэрлээ асаачихсан явж байсан тул харанхуйд нүд гялбаад автомашинаас буусан ахыг мөргөөд, зогсолгүйгээр явсан” гэх мэдүүлэг /2-р х.х-3-4/ тус тус батлагдаж байна.
Шүүгдэгч М.М нь тухайн цаг мөчид өөрийнх нь ямар ч саадгүйгээр зорчиж байсан урсгал руу явган зорчигч Г.Аыг урдуур нь орж ирэхийг урьдчилан мэдэж, ухамсарлах боломжгүй байсан ба гэрлийн солбицолд орсны улмаас түүнийг харалгүйгээр мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд тухайн осол явган зорчигч Г.Аын буруутай үйлдлээс шалтгаалан гарсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тухайн тохиолдол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ“ гэх нөхцөл байдалд хамаарч байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” зарчмыг удирдлага болгон Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Мөнхтулгыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.М нь зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай болох нь баримтаар нотлогдож байх боловч тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул холбогдох хэргийг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгч Ц.А нь амь хохирогч Г.Аын эзэмшлийн “Тоёота Прадо” загварын 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлагаар жолоодон явж байгаад 2020 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 03 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнгэрваа худалдааны төвийн баруун урд замд зорчих хэсгийн баруун гар талын зах, хашлаганд шахалгүйгээр зогсолт хийж, тухайн автомашинд зорчиж явсан Г.Аыг автомашин зорчих хэсэг рүү буулгасны улмаас зорчигч Г.Аын амь нас хохирсон болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-22-28/, хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-36-38/, хяналтын камерын бичлэг, техникийн шинжээчийн 2020.01.26-ны өдрийн 14/24 дугаартай “Жолооч Ц. А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо ...зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно” гэх дүгнэлт /1-р х.х-211-212/, техникийн шинжээчийн 2021.10.18-ны өдрийн 202137 дугаартай: “Жолооч Ц.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно” гэсэн заалтыг зөрчин хашлаганаас 1,4 м зайтай зогссон байна. Хэрвээ хашлаганд шахаж зогссон бол осол гарахгүй байх боломжтой” гэх дүгнэлт /2-р х.х-150-152/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Автомашины жолооч ах согтуурхаад эхнэртэйгээ Хархорины захын хойд талын гүүрнээс хооронд маргалдаж эхлээд нефтийн замаас Орбитын уулзвар ордог замд тэр ах сууж байсан автомашиныг урд талын салхины шилийг хөлөөрөө 5-6 удаа өшиглөсөн. Тухайн үед автомашины салхины шил хагараагүй. Автомашины жолооч ахыг эхнэр нь өөр хүнтэй хардаад байх шиг байсан. Миний шилэн хүзүүний ар хэсэгт гараараа 2 удаа алгадаж, хэл амаар доромжилсон. Би тэр ахыг ингэж болохгүй, ажил үүргээ гүйцэтгэж явж байгаа хүн байна ш дээ гэж хэлсэн. Эхнэр нь хойд талын суудал дээр сууж байснаа нөхрийнхөө баруун хацар руу нэг удаа алгадсан. Нөхрийнх нь уур хүрээд намайг “автомашинаа зогсоо, автомашинаа зогсоохгүй бол би үсэрчихнэ шүү” гээд өндөр дуугаар хэлэхээр нь автомашины хаалгыг автоматаар дотроос түгжсэн байсан боловч согтуу хүн автомашиныхаа хаалгыг онгойлгочих байх гэж их айсан. Би шууд автомашины зогсоосон газар нь 2 талдаа явган хүний замтай авто зам байсан. Би автомашиныг дөнгөж зогсоогоод их гэрлээ унтраагаад аваарын гэрлээ асаасан. Автомашинаас тэр ах буугаад автомашины хаалгаа хаахгүйгээр 1-2 минут орчим эхнэртэйгээ маргалдсан. Эхнэр нь нөхрөө “автомашинаас буу, зайл” гэж хөөсөн. Нөхөр нь “зайлж болно, явж чадна” гэж хэрэлдээд байсан. Маргалдаж дуусаад тэр ах эсрэг урсгалын эгнээнд дөнгөж ороод зогсож байтал Орбитоос хотын төв рүү явах чиглэлээс ирж явсан автомашин их гэрлээ асаачихсан явж байсан тул харанхуйд нүд гялбаад автомашинаас буусан ахыг мөргөөд, зогсолгүйгээр тэр чигээрээ явчихсан. ...Амь хохирогч их согтолттой, өөрийнхөө гаргасан үйлдлийг мэдэхээргүй байсан. Харин эхнэр нь согтолт гайгүй, өөрийн гаргасан үйлдлээ мэдэхээр байсан. Би тээврийн хэрэгслийг замаа чөлөөлж зогсдогийг мэднэ, амь хохирогч нь автомашиныг явж байх үед үсэрнэ гээд байхаар нь айгаад шууд сандарсандаа түр газар зогссон юм” хэмээн мэдүүлснийг /2-р х.х-3-4/ тухайн үед автомашинд зорчиж явсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь “Манай гэр бүлд тийм харьцаа огт байхгүй” хэмээн эрс үгүйсгэн няцааж байгаа болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А мөрдөн байцаалтад “тэндээс хөдлөөд төв замаараа яваад талийгаач жолоочийг “хурдан явж байна аятайхан яв” гэж шаардлага тавиад байсан. Жолооч нь эсэргүүцээд “би өөр яаж явах юм бэ, өөрийнхөөрөө явж байна” гэж хэлж байсан. Тухайн үед би талийгаачийг “чимээгүй яв” гэж хэлсэн. 5-н шарын зам өнгөрөөд нефтээр явж байхад жолооч надаас “аль замаараа явах вэ” гэж асуухаар нь би “хойд талын замаар явъя” гээд Толгойтын замаас Нарангийн гол руу ордог зам руу ороод явж байхад талийгаач “бие засъя” гэж хэлэхээр нь жолооч зам дээр зогссон, талийгаач хаалгаа онгойлгоод буугаад хаалганы ард зогсоод машиныхаа хаалгыг хааж амжаагүй байхад замын эсрэг талаас маш хурдтай марк, дугаар нь тодорхойгүй тээврийн хэрэгсэл мөргөсөн” гэж мэдүүлсэн /1-р х.х-42-44/ байна.
Гэрч Д.Нгийн “Ц.А над руу залгаад энэ машины эхнэр нөхөр хоёр хоорондоо хэрэлдээд эхнэр нь нөхрөө цохисон чинь нөхөр нь машинаа зогсоо гээд машины арааг түлхээд “Р” дээр тавьж зогсоогоод машинаас буугаад машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-121/ нь харсан үзсэн зүйлээ бус, Ц.Аоос сонссоноо хэлсэн дам нотлох баримт байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан болно.
Тухайн үед автомашинд амь хохирогч Г.А, жолооч Ц.А, хохирогчийн эхнэр Г.А нар байсан бөгөөд Г.Ааас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул түүний мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын мэдүүлгээр болон техникийн шинжээчдийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр жолооч Ц.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.14 дэх хэсэгт заасан “зайлшгүй зогсолт” хийсэн байдал нотлогдохгүй байгаа болно.
Шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно” гэсэн заалтыг зөрчиж, замын хашлага руу шахалгүйгээр замын хашлагаас 1.4 м, тэнхлэгийн тусгаарлах зурвас тэмдэглэлээс 0.50 м зайтай, өөрөөр хэлбэл эсрэг урсгал руу шахаж зогссон байрлалтай зогсолт хийж, зорчигч Г.Аыг автомашины зорчих хэсгийн тал руу буулгасан, зорчигч Г.А нь өөрийнх нь автомашин буруу талдаа үрүүлтэйн улмаас автомашины зүүн тал руу бууж, эсрэг урсгалаар ойртон ирж явсан тээврийн хэрэгслийн урдуур орж мөргөгдөн амь насаа алдсан хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ц.Аын дээрх хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байх тул Ц.Аыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
3/ Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, А хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Ц.А нь хариуцан арилгах үүрэгтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь нөхрийнхөө эмчилгээтэй холбогдон гарсан болон оршуулахтай холбоотой гарсан төлбөр зардлыг төлөхийг Ц.Аоос шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч Ц.Аын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас 36 настай иргэн Г.А амь насаа алдсан хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хүний амь нас хохирсноос учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх боломжгүй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 116084459 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж, холбогдох баримтыг хавсарган өгчээ.
Тухайн баримтыг шалгаж үзэхэд зарим баримт нь нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, санхүүгийн тэмдэг нь хуулийн этгээдийн нэрээс зөрүүтэй, зарим баримт нь үсэг тоо нь балархай, хоног хураах гэх мэт зан үйлтэй холбоотой гарсан зардлын баримтууд байх ба хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зээлийг гэм буруутай этгээдээр төлүүлэх хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдлоо.
Иймд НӨАТ багтсан талон, шаардлага хангасан баримтууд /1-р х.х-70, 72, 74, 78, 79, 82, 89, 91, 93-102, 112-р хуудас/ дахь мөнгөн дүнг тооцож үзэхэд нийт 11623119 төгрөг болж байгааг гэм буруутай этгээд болох Ц.Аоос гаргуулан хохирогч талд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Хохирогч тал нь нотлох баримтаа хуульд заасан шаардлагыг ханган бүрдүүлж жичдээ нэхэмжлэх эрхтэй байна.
Мөн энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Д.Н нь шүүгдэгч Ц.Атой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дуудлагын жолоочоор ажиллуулж байсныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй тул Д.Нгаар Ц.Аын бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
4/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчийн зүгээс Ц.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ц.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Ц.А нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /2-р х.х-31/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа /ЗХД-ийн 6.1 заалтыг зөрчсөн/ нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Ц.Аын талаас шүүхээс түүний төлөх хохирлын хэмжээг мэдэгдсэний дараа хохирлоо нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан боловч цаг хугацаа давчуу байснаас төлж амжаагүй боловч ямар ч маргаангүйгээр тухайн төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Ц.Аыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ц.Аод оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн өршөөн хасаж, биечлэн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Өршөөл үзүүлэх тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр заагаагүй тул уг ялыг биечлэн эдлүүлэх, ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг Ц.А, М.М нарт холбогдох эрүүгийн 2003004930126 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт М-ийн Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Боржигон овогт Ц.-ын Аыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Ц.-ын Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ц.Аод оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн өршөөн хасаж, биечлэн 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аод оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Аод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ц.Аоос 11623119 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ад олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч нас барснаас учирсан гэм хор учруулсан төлбөрийг нөхөн төлүүлэх тухай иргэний нэхэмжлэлээс үлдэх 104461340 төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон Ц.Аын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Ц.Аоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүгдэгч Ц.А, М.М нар нь цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба Ц.А нь баримтаар нотлогдсон шүүхээс тогтоосон төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүгдэгч Ц.Аод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж, баримтыг Ц.А, М.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг Ц.А, М.М нарт холбогдох эрүүгийн 20030000000000 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ