Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

2021           12           24                                         2022/ШЦТ/06

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас М овогт Б-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005030420981 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо Цагаанхуарангийн ...  байр ... тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/1255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, М овогт Б-ын Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой 18 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бургер кинг сүлжээ хоолны газраар үйлчлүүлж байсан хохирогч Б.Э-ийн эзэмшлийн I pone 11 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Зураг 3: Гэмт хэрэг үйлдсэн этгээд гар утсыг ширээн дээрээс хулгайлж байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

          Хохирогч Б.Э-ийн “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг 30 минутын орчим Баянгол дүүрэг 15 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бургер кинг дотор найзыгаа хүлээнгээ хоол идэх гээд сууж байсан. Тэгээд өөрийн гар утсыг ширээн дээрээ тавьж орхиод тортой эд зүйлээ янзалж байгаад ширээн дээрээсээ гар утсаа авах гэтэл гар утас алга болчихсон байсан. Тэгээд Бургер кинг хоолны газрын ажилтантай уулзаад камер шүүж үзтэл 40 орчим насны эрэгтэй намайг тортой эд зүйлээ янзлаад хажуу тийшээ харж байх хооронд утас аваад явж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Шаргал өнгөтэй 34gb багтаамжтай ягаан өнгийн резинэн гэртэй гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

          Ашид Билгүүн ХХК-ны I phone 11 pro загварын гар утсыг 2,100,000 төгрөгөөр үнэлсэн ДХҮ-621/006 дугаартай үнэлгээний дүгнэлт. /хэргийн 31-34 дүгээр хуудас/

 

          Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын хорих ангиас суллагдсан. Тэгээд би Улаанбаатар хотод ирэхэд эхнэр, хүүхэд салаад явчихсан орох оронгүй болсон байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүхий эд авдаг газар ажиллаж байсан бөгөөд гадаа хүйтэн цас орж байсан. Би хонох газаргүй болохоор энд тэнд хонож хоног төөрүүлдэг байсан. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гадуур явж байгаад ам цангаад байхаар нь 18 цагийн үед байх хорооллын Бургер кинг хоолны газар руу ус ууж дулаацах зорилгоор ороход эхний ширээн дээр гар утас байхаар нь аваад гарчихсан. Тэгээд гараад төв Гандангийн үүдэн дээр очоод үл таних хүнд 350,000 төгрөгөөр зарчихсан. Тухайн мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Б.Э-ийн мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт, шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөдХулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Э-ийн эзэмшлийн I pone 11 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

         

          Хохирогч Б.Э-д Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлтээр /хэргийн 31-34 дүгээр хуудас/ шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн улмаас 2,100,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнгээр шүүгдэгч Б.Б-ээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч Б.Б-ийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэсэн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2021 оны 7 дугаар сарын 02 өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “ ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Дээрх заалт нь анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хорих ял эдэлж байгаа ялтанд хамааралтай заалт бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн ... 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэсний дагуу шийдвэрлүүлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б.Б- нь түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон прокурорт хандаж санал, хүсэлтээ гаргах боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ээс 2,100,000 төгрөг гаргуулж .... дүүрэг ... хороо ... байр ... тоотод оршин суух  Э-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ