Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00467

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00467

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Санырау овогт Х.Аг ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.А, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Сийг 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ниязбайн Хайрханд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгөхийг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Х.А, М.Т бид хоёр сайн дураар гэрлэж иргэний гэр бүлийн гэрчилгээ авсан. Бидний дундаас охин С 2000 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн бөгөөд тухайн үед аав Н.Х нь охин Сийг өөрөө үрчлэн авахыг биднээс хүссэн ба бид зөвшөөрсөн юм.

Ингээд үрчлэлттэй холбоотой бүх бичиг баримтаа бүрдүүлж үрчлэгч, үрчлүүлэгч нараас өргөдөл хүсэлтийн материалаа Бугат сумын Засаг даргад 2001 оны 05 дугаар сарын сүүлчээр өгсөн. Холбогдох материалыг үндэслэж Засаг дарга нь захирамжаар охин Сийг аав Н.Хд үрчлүүлсэн юм. Ингээд охин С нь аав Н.Хы асрамжид шилжсэн бөгөөд аав маань 2004 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Одоо С нь миний асрамжид байгаа болно. Тухайн үед үрчлүүлэх тухай Засаг даргын захирамж нь архиваас гарахгүй байгаагаас болж хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгож чадахгүй олон жил болж байна. Энэ талаар Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас шүүлгэхэд Сийг үрчилж авсан тухай лавлагаа гарч байгаа боловч захирамж байхгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж авахгүй байна.

Нэгэнт үрчлэлтийг хийх тухай Засаг даргын захирамж гарсан бөгөөд энэ байдалд охин С болон үрчлүүлэгч бид буруугүй юм. Сийн эрх нь зөрчигдөж байна гэж өмнөөс бид тус шүүхэд хандаж байна. Иймд Сийг Н.Х үрчилж авсан мөн болохыг тогтоож, үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагчаас Х.Сийг 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ниязбайн Хайрханд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгөхийг хүсжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 413 дугаартай Архивын лавлагаанд Бугат сумын Засаг даргын 2001 оны захирамжийг шүүн үзэхэд иргэн Х.Сийг Н.Хд үрчлүүлсэн тухай захирамж гараагүй болно гэх боловч Х.Сийг 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ниязбайн Хайрханд үрчлүүлсэн болох хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна үзлээ. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 231/003546 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаанд Монгол улсын иргэн үрчлэгч эцэг Ниязбайн Хайрхан, РД БЭ30021511, үрчлэгч эх Бейлханы Харлыгаш РД БЭ48121026 нарт 2001 оны 5 дугаар 25-ны өдөр үрчлүүлж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын үрчлэлтийн 11-рт бүртгэж, РД БГ00240809, Санырау овогт Хайрханы С болгон үрчлэлтийн бүртгэл бүртгэсэн тул лавлагаа олгов

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 236 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас буюу ХААТР-12 (Б) маягтад РД БГ00240809, бүртгэсэн 2001.5.25, шинэ /овог Санырау, эцгийн нэр, нэр Хайрханы С, үрчилж авсан эцгийн нэр РД БЭ30021511, Санырау овогт Ниязбайн Хайрхан, эхийн нэр РД БЭ48121026, Бейлханы Харлыгаш,

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт болон хүсэлт гаргагч Х.Агийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд болно.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана, 55.8-д Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ хэмээн тус тус заасан тул сумын Засаг даргаас Сийг Н.Хд үрчлүүлэх тухай захирамж гараагүй явдалд иргэний буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Х.Сийг 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ниязбайн Хайрханд үрчлэгдсэн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Х.С нь 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ниязбайн Хайрханд үрчлэгдсэн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК