Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

 

 2021           12           24                                        2022/ШЦТ/07

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Б.Д-,

хохирогч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Б-гийн Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001913 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, ... ХХК-д төслийн ахлах ажилтай, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-гийн Д-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д- нь 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаан дотор хохирогч Б.Т-ийн нүүрэн тус газар нь мөргөж, түүний биед баруун хөмсөгт, шарх, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө яг энэ залуучууд тавуулаа байсан. Тэд газар унасан залууг тойроод зогсчихсон өшиглөж байсан. Би тухайн үед оролцоогүй юм. Манай ажлын 2 бүсгүй очоод тэд нартай муудалцсан. Би тэгэхээр нь очсон юм. Ажлынхаа 2 хүнийг татаж авч байхад миний дух руу мөргөхөд шалбарсан. Тухайн үед би Мөнгөн гүүр гэдэг эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан юм. Тэгэхэд шинжээчийн дүгнэлтээр шовх үзүүртэй юмаар цохисон байдалтай шарх үүссэн байна гэсэн. Тухайн үед эд нар зугтах гэж оролдсон. Тэгээд манай ажлын 2, 3 бүсгүйчүүд хааж зогсож байж Улаанбаатар паласын харуулаар нь хаалгыг нь хаалгаж зогсоосон. Тэгсэн ч  гэсэн эд нар бид нар руу уурлаад уцаарлаад байсан.  Толгойны баруун талын хөмсгөн дээр 8 см урттай 2 давхар оёдол тавиулсан. Дотор талдаа мах руугаа нэлээн орсон гээд давхар оёдол хийлгэсэн. Би 8 хоног ажилдаа яваагүй. Тухайн үед ажилласан бол авах ёстой байсан зардлыг санхүүгээр тамгалуулсан байгаа 500,000 гаруй төгрөг, нүдний шилний мөнгө 125,000 төгрөг, цохиулаад утасны дэлгэц хагарсан баримжаагаар гаргасан 150,000 төгрөг, эмчилгээний зардалд 350,000 төгрөг, эм авсан 24,600 төгрөг, амралтын газар би 3 хоног эмчилгээ хийлгэж хэвтсэн баримтаар 270,000 төгрөг болсон эдгээрийг нэхэмжилж байна” гэв.  

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Б.Т-ийн “Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед өөрийн найз болох Шинээ, Заяа, Энхбат нарын хамтаар Баянгол дүүргийн УБ паласын хашаанд байрлах Хобби баар луу орохоор очсон. Бид нарыг тус бааранд очих үед тэр газар хаасан гээд биднийг оруулахгүй байсан. Тэгээд бид буцахаар болж зогсоол руу явж байх үед зогсоол дээр Заяа болон Шинээ нар үл таних залуутай маргаж байсан. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь ороход маргалдаж байсан үл таних бор өнгийн монгол цамцтай Д- гэх залуу миний баруун дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тус залуу намайг мөргөх үед миний баруун хөмсөг сэтэрч цус гарсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/

          “... Би өөрийнхөө эмчилгээний зардал болон ажил яваагүй 8 хоногийн цалин болон цаашид хийлгэх гавал тархины MRI зураг авхуулах мөнгө болон сорвины лазер эмчилгээ зэрэг эмчилгээний төлбөр мөнгүүдийг нэхэмжилж байна. Нийтдээ 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгйн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10713 дугаартай:

          “1. Б.Т-ийн биед баруун хөмсөгт шарх, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

          3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

          5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

          Б.Д-ын яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө өөрийн найз болох Доржоо, Анхаа, Золбоо нарын хамтаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо Улаанбаатар паласын хажуу талын бааранд бүжиглэж байгаад тус газраас 23 цаг өнгөрч байх үед гарсан. Гараад гадаа тамхи татаад зогсож байх үед үл таних нэг залуу намайг чи монгол цамцтай бааранд юу хийж яваа юм гэх зэргээр намайг найзууддаа доромжлоод байсан. Тэгэхээр нь би тэр залуутай барилцаад зогсож байхад тэр залуугийн найз бололтой нүдний шилтэй хар куртиктэй залуу хажуу талаас намайг бариад авсан. Тэгэхээр нь би тэр нүдний шилтэй хар куртиктэй залууг нэг удаа дух хэсгээрээ түүний нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд тэр залуу дух хөмсөг зэргээс нь цус гараад цагдаа дуудсан. ... Би гэм буруугаа ойлгож байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хохирогч Б.Т-ийн мэдүүлэг, шинжээчийн №10713 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Д- хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.   

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учиржээ.

Хохирогч Б.Т- нь өөрт учирсан хохирол, хор уршигт нийт 2,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эмчилгээ сувилгааны 210,000 төгрөгийн, эвдэрсэн нүдний шил засуулсаны 125,000 төгрөгийн, эм авсан 26,400 төгрөгийн баримтууд цуглуулж бэхжүүлжээ.

Дээрх нийт 361,400 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид төлсөн тухай Хаан банкны дансны хуулгыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул нотлох баримтаар тогтоогдсон төлбөр төлөгдсөн гэж үзэв.

Харин хохирогч Б.Т-ийн Тэсо ХХК, Скай гарден ХХК-ний алинд нь ажилладаг нь тодорхойгүй түүнийг ажилд авсан тушаал хэрэгт байхгүй, түүний ажлын “цагийн дэлгэрэнгүй баланс”-д 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11  дугаар сарын 07-ны өдөр өвчтэй гэж бүртгэгдээгүй ба тасалсан өдөр 3 гэж бүртгэсэн, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод зөвхөн 2021 оны 8, 9 дүгээр саруудын төлөлт байх ба эмнэлгийн магадалгаатай байсан гэх 2021 оны 10, 11 дүгээр саруудын төлөлтийн баримт байхгүй, 10, 11 дүгээр сарын цалингаас өвчтэй байсан хугацааны цалин олгогдоогүй баримт байхгүй тул түүний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны 8 хоногийн цалинг тооцох боломжгүй байна.

Иймд хохирогч Б.Т- нь өөрт учирсан дээрх хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Мөн утасны дэлгэж хагарсан гэх боловч энэ талаар мөрдөн шалгах явцад ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй тул хохиролд тооцох боломжгүй юм.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүх, шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д- нь сарын 1,000,000 төгрөгийг орлоготой, торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлнө гэсэн тайлбар өгсөн тул шүүхээс торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эл мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ