Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00468

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00468

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, Жантекей нура овогт Х.Ж ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.Ж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний бие Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 12 дугаар сарын 13-наас гутал засварчнаар ажилд орж, 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад Баян-Өлгий аймаг руу шилжсэн билээ.

Гэтэл архиваас 1991 онд ажлаас чөлөөлж, шилжүүлсэн тушаал гарахгүй байх тул шүүхээр ажилласан байдлыг тогтоолгохыг зөвлөсөн.

Иймд Х.Ж нь Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 8 сар гутал засварчин, гуталчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Ж нь Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 12 дугаар сарын 13-наас 1991 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл гуталчнаар ажиллаж байсныг тогтоож өгөхийг шаарджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 615 дугаартай архивын лавлагаа, Ховд аймгийн социалист хөдөлмөрийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн даргын 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 238 дугаартай ажилчин авах тухай тушаал, Х.Жт Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас 1983 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон 045505 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлээс 1987 оны 2 дугаар сарын 07-ны өдөр олгосон 632831 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, хамт ажиллаж байсан хүмүүс болох Н.О, Ш.М, А.Х нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээс үзэхэд Х.Ж нь Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 12 дугаар сарын 13-наас 1991 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл гуталчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Иймд Х.Ж нь Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1983 оны 12 дугаар сарын 13-наас 1991 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл гуталчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Ж нь Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1983 оны 12 дугаар сарын 13-наас 1991 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл гуталчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК