Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2016/00212/И |
Дугаар | 130/ШШ2017/00469 |
Огноо | 2017-07-04 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2017/00469
2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 130/ШШ2017/00469 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Хурман овогт Ж.А,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Хурман овогт Ж.Е нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Найман овогт Н.З,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Молхы овогт И.С нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, түүний өмгөөлөгч К.Ержан, хариуцагч Н.З, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: И.С, Н.З нараас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол болох нэг өрөө орон сууцны үнэ 24199000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Ж.Е, Ж.А бид 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын 5 дугаар багт оршин суух И.С, Н.З нараас тэдний өмчлөлийн Өлгий сумын 5 дугаар багийн 3-36 айлын 02 тоот 17 м.кв талбай бүхий орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханшаар 2100000 төгрөгөөр худалдан авсан билээ. Худалдагч болох И.С, Н.З нар уг орон сууцыг худалдах үед бидний эзэмшилд өгч, орон сууцыг ойрын хугацаанд танай өмчлөлд шилжүүлж өгнө гэж итгүүлж орон сууцны үнэ болох 2100000 төгрөгийг бүрэн авсан болно. Ж.А би тус орон сууцыг одоогоор 10 жил эзэмшин, их засвар болон урсгал засвар хийж, ашиглалтын зардлыг төлж одоо хүртэл амьдарч байгаа боловч И.С, Н.З нар үүргээ биелүүлэхээс шууд татгалзаагүй байдаг. Уг орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлж өгөлгүй хууран мэхэлж элдвээр шалтаглан хойшлуулсаар ирсэн тул бид аргагүй байдлын улмаас уг орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь уг орон сууцны өмчлөгчөөр Ж.Аийг тогтоосон боловч давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дагуу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/143 дугаартай шийдвэрээр тухайн үед орон сууцыг худалдагч И.С, Н.З нар бусад хамтран өмчлөгчид болох С.Ж, С.А,С.Ф нараас зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр хэлцэл хийсэн тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/143 дугаартай шийдвэрээр хариуцагч болон бидний хооронд байгуулагдсан 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1 дэх заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу уг хэлцлийг байгуулахдаа авахаар тохиролцсон орон сууцны үнийг зах зээлийн ханшаар буцаан авч, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тухайн үед бид 1 өрөө орон сууц худалдаж авах хүсэл зорилготой байсан бөгөөд хэрвээ худалдагч И.С, Н.З нар тухайн үед биднийг хууран мэхэлж хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, орон сууцаа бидэнд худалдаагүй байсан бол бид тухайн үед өөр орон сууц авч, уг орон сууцыг захиран зарцуулах эрх олж авах нь тодорхой байсан. Уг буруутай үйлдлээрээ биднээс авсан мөнгөн хөрөнгө болон учирсан бодит хохирлын нийлбэр нь 1 өрөө орон сууц болж байна. Хариуцагч нар нь хамтран өмчлөгч болох хүүхдүүдээсээ зохих зөвшөөрлийг авалгүйгээр хэлцэл хийсэн тухай шүүхэд мэдүүлж, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай этгээд болохоо хүлээн зөвшөөрсөн болно. Үүгээр авсан зүйлээ зах зээлийн ханшаар буцааж өгөх, бидэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хариуцагч нарт үүссэн бөгөөд тэдний үйлдэл болон учирсан хохирол хооронд шалтгаант холбоо бий болсон байна. Нэг өрөө орон сууцны ханш өнөөдрийн байдлаар 25-30 сая төгрөг байгаа бөгөөд бид зохих журмын дагуу уг орон сууцыг тусгай мэргэжлийн шинжээчээр үнэлүүлснээр одоогийн зах зээлийн үнэлгээ 24199000 төгрөг байхаар үнэлгээний тайлан гарсан тул бидэнд буцааж өгөх мөнгө болон учирсан хохирлын хэмжээ нь үнэлгээгээр тогтоосон энэхүү ханш гэж үзнэ. 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төвд байршилтай инженерийн шугам сүлжээнд холбогдсон нэг өрөө орон сууц нь 2000000 төгрөгийн ханштай байсан бөгөөд өнөөдөр ч ижил төрлийн нэг өрөө орон сууцны барилгууд 24 сая төгрөг болохыг эрх бүхий этгээд тогтоосон байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдүүд болох И.С, Н.З нараас 24199000 /хорин дөрвөн сая нэг зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2006 онд хариуцагч Н.З бид хоёр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 3-36 байрны 02 тоот байрыг мөнгөө төлөөд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт худалдаж авч байсан. Би үүнийг булааж аваагүй, мөнгөө тоолж өгөөд худалдаж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийг нотариатаар батлуулах үед гацаа гараад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр нь бичигдсэн 6 хүний 4 нь зөвшөөрөөд 2 нь зөвшөөрөхгүй явсаар өдий хүрсэн. Би аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Гэрээний хоёр тал адилхан үүрэгтэй боловч худалдан авагч Ж.А би илүү үүрэгтэй болоод байна. Тийм учраас би аргагүй эрхэнд хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 жилийн хугацаа болж байна. Хэрвээ тухайн үед би хариуцагч Н.Заас өөр хүнээс 24 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг өрөө байр худалдаж авсан байсан бол ийнхүү хохирохгүй байсан гээд үл хөдлөх эд хөрөнгийн аудитын шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Тийм учраас хохирол нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би өөрийнхөө үүргээ 100 хувь биелүүлсэн гэж бодож байна. Хариуцагчийн бид нараас нэхэмжилсэн мөнгийг нь өгөөд тухайн байрыг өөрийнхөө нэр дээрээ буулгаад авъя гэж зөндөө оролдсон боловч бүтээгүй гэв.
Хариуцагч Н.З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ж.А, Ж.Е нарын хүсэлт гуйлтаар Н.З миний бие 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэг гэр бүлийн гишүүд болох И.С, Н.З, С.Ж, С.А, С.Фариза, С.Берик нарын 6 хүний хамтран өмчлөх дундын хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгө болох Өлгий сумын 5 дугаар багийн 3-36-айлын 02-тоот 17 кв.м талбай бүхий орон сууцыг 2100000 төгрөгөөр үнэлж худалдсан юм. Тухайн үед миний бие хамтран өмчлөгчдийн хэн нэгэнд хэлэлгүй худалдсан бөгөөд энэ нь иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг зөрчсөн хэлцэл болохыг хожим мэдлээ. Гэвч Н.З миний Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, мөн 56.1,8-д зааснаар Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн" хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас манай гэр бүлийн бусад гишүүдийн "Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх" ноцтой зөрчигдсөн байна. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/143 тоот шийдвэр гаргаснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг өмчлөгч бид буцааж авах, хэлцлийн нөгөө талд 2100000 төгрөг буцааж өгөх болчхоод байна. Нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нарын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хууль ёсны бус үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Ж.А, Ж.Е болон хариуцагч талаас Н.З бидний дунд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийгдсэн учир Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэсэн учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна
2.Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10-жил байна" гэсэн байх тул Ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хүртэл өнгөрснийг шүүх анхаарах нь зүйтэй,
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Тэгвэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан болон 128 дугаар зүйлийн 128.2-д заасан хуулийн шаардлагыг биелүүлэхгүйгээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хүчин төгөлдөр бус хэлцэл-ийг хийхэд гэрээний талууд болох Ж.А, Ж.Е хариуцагч Н.З бид гэрээний хоёр тал учир адилхан гэм буруутай тул Ж.А, Ж.Е нар өөрснөө хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд байх бөгөөд түүний энэ нэхэмжлэл үндэслэлгүй байна.
4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн Ж.А, Ж.Е гэрээний нөгөө тал Н.З бид Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд учраас энэ хэлцлийн үндсэн дээр эрх нь зөрчигдсөн хамтран өмчлөгч И.С, С.Ж, С.А,С.Ф, С.Берик нар энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байгаа. Харин Ж.Е, Ж.А нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг буруу ойлгож, буруу тайлбарлаж нэхэмжлэл гаргасан байна.
5.Ж.А, Ж.Е нар нь Зейнелхан надтай байгуулсан 2006 оны 4 дүгээр 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр ямар ч эдийн хохирол үзээгүй гэж үзэж байна. 2006 оноос одоо хүртэл бидний үл хөдлөх эд хөрөнгө болох Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 3-36 айлын орон сууцны 02-тоот байрыг үнэ төлбөргүй, хөлсгүйгээр ашиглаж завшиж байна. Тухайн хэлцлээс болж Ж.Е, Ж.А нарт бодит хохирол учирсан бол нотлох баримтын үндсэн дээр нотлох ёстой. Иймд нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг нь нэхэмжлэгч нартай тохиролцъё гэж бодсон боловч миний хүү Жансерик зөвшөөрөөгүй тул хуулийн дагуу шийдвэрлүүлье гэж бодсон. Би нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нарын хүсэлтээр 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр миний гэр бүлийн гишүүд болох Жансерик, Айнагүл, Фариза, Берик нарын дундын өмчлөлийн хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах 3-36 байрны 2 тоот 17 м.кв талбайтай орон сууцыг 2,1 сая төгрөгөөр үнэлж худалдсан. Би тухайн үед байрны хамтран өмчлөгч нарын хэн нэгэнд хэлэлгүй худалдсан маань буруу болсон байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн, мөн хуулийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас манай гэр бүлийн бусад гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь ноцтой зөрчигдсөн байна гэдгийг сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч Ж.А, Ж.Е, хариуцагч Н.З бид нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэсэн учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэснийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна. Тэгвэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.2-т заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулахад гэрээний талууд болох Ж.А, Ж.Е, хариуцагч Н.З бид нар гэрээний хоёр тал учир адилхан гэм буруутай учир Ж.А, Ж.Е нар хүчин төгөлдөр хэлцлийн буруутай этгээд байх бөгөөд түүний нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан этгээд болох Ж.А, Ж.Е, хариуцагч Н.З бид нар хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гэрээний талууд болох учир энэ хэлцлийн улмаас эрх нь зөрчигдсөн хамтран өмчлөгч Жансерик, Айнагүл, Фариза, Берик нар энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч Ж.Е, Ж.А нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг буруу ойлгож нэхэмжлэл гаргасан байна. Ж.А, Ж.Е нар нь надтай байгуулсан 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр ямар нэгэн эдийн хохирол үзээгүй гэж бодож байна. 2006 оноос хойш бид нарын үл хөдлөх эд хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах 3-36 байрны 2 тоот байрыг үнэ төлбөргүй ашиглаж, хэрэглэж байна. Тухайн хэлцлээс болж Ж.Е, Ж.А нарт ямар нэгэн бодит хохирол учирсан бол үүнийг нотлох баримтаар нотлох ёстой. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч И.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1. Нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийг И.С миний бие хийгээгүй билээ. Тухайн хүчин төгөлдөр бус хэлцэл нэхэмжлэгч Ж.Е, Ж.А болон хэлцлийн нөгөө тал Н.З нарын хооронд хийгдсэн юм. 2006 оны 4 дүгээр сарын 11- ний өдрийн гэрээнд байгаа И.С гэсэн гарын үсгийг эхнэр Н.З зурсан байх тул үг хэлцэл миний хүсэл зоригийг илэрхийлэхгүй болно.
2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 /зургаан/ жил байна гэж заасан тул 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ж.А, Ж.Е болон Н.З нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 10 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй учир шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болговол зохино.
3.Ж.А, Ж.Е болон Н.З нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг зөрчсөн Хүчин төгөлдөр бус хэлцэл учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө- гэж заасан. Тэгвэл энэхүү Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдүүд нь нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нар өөрөө болно.
4.Ж.Е, Ж.А нар нь 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 153/шш2016/00143 тоот шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 82 тоот магадлал, УДШ-ийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ 2017/00062 тоот тогтоолоор батлагдсан учир 2006 оны 4 дүгээр сараас одоо хүртэл бүтэн 11 жил бидний хамтран өмчлөх дундын өмчлөлийн нэг өрөө байрыг хууль бус эзэмшиж, ашиглаж ирсэн буруутай этгээд болох Ж.А, Ж.Е нараас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6; 493-р зүйлийн 493.1, 493.6-д заасны дагуу өмчлөгч бидэнд учирсан хохирлыг нэхэмжлэх болно.
5.Нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нарын өмнө И.С, Н.З бид хоёр Нэг өрөө байр заавал олж өгөх үүрэг хүлээсэн тухай гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нарын нэг өрөө бүхий байшин худалдан авах эрхийг бид ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй учраас тэдэнд нэг өрөө байрны одоогийн ханш 24199000 төгрөг төлөх хуулийн үндэслэл байхгүй, учраас Ж.А, Ж.Е нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Е, хариуцагч И.С нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч, хариуцагч нараас заавал оролцуулах тухай хүсэлт гаргаагүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нар нь хариуцагч И.С, Н.З нараас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол болох нэг өрөө орон сууцны үнэ 24199000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь зохигчдын хооронд 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр маргааны зүйл болсон нэг өрөө орон сууцыг 2100000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгөөр худалдах худалдан авах бичгийн хэлцэл хийсэн байх ба үүнд нэхэмжлэгч, хариуцагч нар мараагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.
Гэтэл тухайн орон сууцыг худалдсан тал болох хариуцагч И.С, Н.З нар нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-д эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж хуулиар худалдагч тал буюу хариуцагч нарт үүрэг болгосон үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Зохигчдын хооронд 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр маргааны зүйл болсон нэг өрөө орон сууцыг 2100000 төгрөгөөр худалдах худалдан авах бичгийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч нар 2006 онд нэг өрөө орон сууц худалдан авах, хариуцагч нар нэг өрөө орон сууцаа худалдах зорилготой байсан нь зохигч нарын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбар, 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах худалдан авах бичгийн хэлцлээр тогтоогдож байна.
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2006 онд байгуулагдсан худалдах худалдан авах бичгийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоны улмаас нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д тус тус зааснаар тухайн худалдах худалдан авах гэрээний үүргийг зөрчсөн хариуцагч нараас хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна гэж үзлээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох нэг өрөө орон сууцны үнэ нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан хохирол биш гэж маргажээ.
Хариуцагч И.С, Н.З нараас 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.Аийн өмчлөлд шилжүүлж түүнээс хойш одоо хүртэл нэхэмжлэгч уг орон сууцад амьдарч байгаа талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч уг орон сууцыг хариуцагч нартай түрээсийн болон хөлслөх гэрээ байгуулж нэхэмжлэгч амьдраагүй байна.
Нэхэмжлэгч нар нь 2006 онд нэг өрөө орон сууц худалдан авах хүсэл зорилготой байсан нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн оролцогч нарын тайлбар, худалдах худалдах авах гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд үүнээс дүгнэхэд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нар нэг өрөө орон сууцны хэрэгцээ шаардлагын үүднээс хариуцагч нараас нэг өрөө орон сууцыг худалдан авч байсан байна.
Нэхэмжлэгч 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш уг нэг өрөө орон сууцыг худалдаж авсан гэсэн итгэл үнэмшлээр амьдарч байсан ба тухайн үед уг орон сууцыг худалдаж авах үед 6 хүний өмч гэдгийг мэдээгүй байсан худалдаж авсны дараа мэдсэн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч уг орон сууцыг өөрийн нэр дээр буулгахаар хариуцагч нараас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах үед тухайн маргаан бүхий орон сууц нь 6 хүний хамтран өмчлөх дундын өмч гэдгийг мэдсэн ба тэр үеэс нэхэмжлэгч Ж.А нь өмчлөгч С.Берикийн амьдарч байсан Баяннуур суманд биеэр очиж зөвшөөрөл авч, бусад өмчлөгчөөс зөвшөөрөл авахын тул удаа дараа үйлдэл хийсэн боловч зөвшөөрөл авч чадаагүй өдий хүрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч талаас тухайн орон сууцыг худалдах үед нэхэмжлэгч нарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгож нэхэмжлэгч нар 6 хүний хамтран өмчлөх дундын үл хөдлөх хөрөнгө байсан гэдгийг мэдсэн бол уг нэг өрөө орон сууцыг худалдан авах эсхүл худалдан авахаас татгалзах эрхийг олгоогүй хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас болж уг эрхийг нэхэмжлэгч нар эдэлж чадаагүй байсан байна гэж дүгнэлээ.
Маргаан бүхий нэг өрөө орон сууцыг худалдахад 6 хүний хамтран өмч гэдгийг хариуцагч тал мэдэж, уг орон сууцаа худалдсан байх бөгөөд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-д заасан эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдагч талд шилжүүлэх өгөх үүргийг худалдагч тал буюу хариуцагч нарт хуулиар үүрэг болгосныг зөрчсөн байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан хэдий боловч нэхэмжлэгч нар тухайн үе буюу 2006 оны зах зээлийн үнээр нэг өрөө орон сууцыг 2100000 төгрөгөөр хариуцагч нараас худалдаж авч байсан бол өнөөгийн зах зээлийн үнээр нэг өрөө орон сууцыг 2100000 төгрөгөөр худалдан авах боломжгүй болох нь маргаан бүхий нэг өрөө орон сууцыг үнэлсэн тухай Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Х.Бекений тайлангаар нотлогдож байна.
Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахад эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдагч талд шилжүүлж өгөх үүргийг худалдагч талд үүрэг болгосныг хариуцагч И.С, Н.З нар зөрчсөний улмаас зохигч нарын хооронд байгуулсан 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэг өрөө орон сууц худалдах худалдан авах бичгийн хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос учирсан хохирлоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нар тус шүүхэд тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх ба, уг нэхэмжлэлийн шаардлагаас улбаалж гарсан хохирлын талаарх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч нар хуульд заасан үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирол болох нэг өрөө орон сууцны үнэ 24199000 төгрөгийг хариуцагч И.С, Н.З нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 278945 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч И.С, Н.З нараас хохирол болох нэг өрөө орон сууцны үнэ 24199000 /хорин дөрвөн сая нэг зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нарт олгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.С, Н.З нараас 278945 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.А, Ж.Е нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ