Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

 

 

 

 

 

 

 2022           01           03                                       2022/ШЦТ/18

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Н овогт Б-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105023451956 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, .... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг ... хороо Нарны зам гудамж ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Б-ийн Б-

 

Холбогдсон хэрэг: Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Эрэл 47 дугаар байрны гадна авто зогсоол дээр иргэн П.А-тай маргалдаж нүүр рүү нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч П.А-ын “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед намайг гэртээ байхад найз маань болох Цогбилэг утсаар залгаад ажил дээрээ байна, хүрээд ир гэхээр нь яваад очсон юм. Намайг очиход манай тэнд байдаг Цоодол гээд ах Цогбилэг нар нэг шил архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би ороод мөн нэгдээд нэмж хоёр шил 0,75 литрийн Соёрхол гээд архи хуваагаад уусан бөгөөд сүүлийн архи задлаад байж байхад манай Цогбилэг гэх найзын хүү болох Б- орж ирсэн. Бид нартай мэнд ус мэдээд эргээд гараад явсан юм. Тэгээд бид нар ууж байгаад архиу дуусах гээд байж байхад Б- эргээд ороод ирсэн бөгөөд бид нарыг хөөгөөд хараалын үг хэлээд байсан. Тэгээд хаалгаар гарч байхад мөн ах захаа мэдэхгүй, хэрүүл маргааны зүйл яриад байхаар нь ганц нэг үг хэлсэн. Тэгээд хаалгаар гараад хэсэг ухаар балартсан байсан. Нэг мэдэхэд Б- намайг газар унагаачихсан цохиж байсан ба энэ үед намайг Цоодол салгаж байсан. Харин Б- намайг орхиод шууд машиндаа суугаад яваад өгсөн. Би гадаа Цоодол ахтай үлдээд 10 дугаар хороололд байдаг тасаг дээр очиж уулзахад намайг хариад байж байгаарай гэж хэлэхээр нь гэртээ харьсан бөгөөд намайг гэрт байхад 2 цагдаа орж ирээд мэдүүлэг авсан.

... Би нэлээд согтсон байсан бөгөөд зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. Б- бид нарыг гар гээд хэрүүл маргаан хийсэн. Тэгээд хаалгаар гарч байсан санагдаж байна. Тэгээд ухаан ороход миний дээр гарсан цохиж зодож байхад Цоодол бид хоёрыг салгаж байсан.

... Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан бөгөөд ямар нэг маргаантай зүйл байхгүй байгаа. Хариуг хүлээн зөвшөөрч байна. Надад учирсан гэмтэл бэртэл нь Б- намайг зодож цохих үед үүссэн гэмтэл байна.

Би толгойн КТГ-ийн зураг авхуулсан. Тэр 130,000 төгрөг болсон байгаа. Харин шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг авч байсан. Энэ зардал мөнгөө гаргуулж авмаар байна. Би энэ мөнгөө гаргуулж авмаар байна. Өөр надад гомдол гэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-51 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11441 дугаартай:

“...1. П.А-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/

 

Б.Болор-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед өөрийн ажиллуулдаг байгууллага болох Аршэ ХХК-ийн байр нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47г байранд очиход манай аав Цогбилэг ажил дээрээ өөрийнхөө найз нар гэх Цоодол, А- нартай согтуу байж байсан бөгөөд намайг харахад тэд нар архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би энэ чинь манай ажил шүү дээ, та нар болохгүй шүү ээд хэлсэн чинь за за ойлгосон гээд Амгаа ах аав хоёр хэлсэн. Тэгэхээр н би за наад ууж байгаагаа дуусахаар яваарай би аавыгаа хүргээд өгнө гээд хэлсэн. Би ажлаас гараад хэсэг хугацаанд гадаа гараад утсаар найз нартайгаа яриад гадна талбай дээр байсан хог энэ тэр зүйл хөдөлгөөд хэсэг байж байгаад ойролцоогоор 30 орчим минут болоод буцаад ажлын байранд яваад орсон чинь бүүр илүү согтчихсон сууж байхаар нь айлгах санаатай гаднаас мэргэжлийн хяналт ирж байна гээд хэлсэн. Гэтэл А- надад хандаад надад танил байна, би зохицуулна гэхээр нь энэ танд хамаагүй гээд би өөрөө ажлаа шалгуулах гээд байна гэж хэлсэн.

... А- надад хандаад чи муу одоо юу болооп хүн хөөгөөдб айгаа юм гэх зүйл хэлээд хэл ам хийгээд байсан. Би нээх тоохгүй архичин минь дуугүй яв, уусан идсэн зүйлээ зөв шингээ гэх зүйл хэлсэн бөгөөд машинд ороод суухад намайг араас “чи муу бутач хүүхэд ээжтэй чинь чамайг ална” гэхээр нь уур маш их хүрсэн бөгөөд буцаад яваад очсон чинь “намайг хоёулаа үзэх үү, нэг бол чи намайг ал, эсвэл би чамайг ална” гэх мэт зүйл хэлээд хэрүүл өдөөд байсан. Ахиад намайг бутач энэ тэр гээд хараагаад хэлэхээр нь би очоод баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа гараараа цохисон чинь намайг өөдөөс гараараа заамдаад зуураад авсан. Тэгээд намайг толгойгоороо мөргөх гэхээр нь би өөдөөс нь тонгойгоод мөргөлдсөн. Тэр үед А-ын хамраас нэлээд цус гараад байсан бөгөөд хамт байсан Цоодол дундуур ороод салгах гээд байсан. Харин аав машин дотроос гарч ирээгүй. Тэгээд хэсэг А- газар унаад хэвтээд байхаар нь би гараараа ганц, хоёр удаа алгадаад нэг удаа хэвлий цээж хэсэгт нь гараараа цохиод буцаж машиндаа суугаад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61-63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хавтаст хэрэгт хохирогч П.А-ын “... Уг хэрэг дээр одоогоор гомдол байхгүй бөгөөд Б-тэй сайн дураараа эвлэрсэн. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. ... ” гэсэн баримт /хэргийн 82 дугаар хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Б.Б- нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа шаардлагагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүхээс хэсэгчлэн хугацаа тогтоогоогүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Б-ийн Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Болор-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ