| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00379/И |
| Дугаар | 130/ШШ2017/00470 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2017/00470
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 130/ШШ2017/00470 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Шеурши ожых овогт Б.Ж ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Хурман овогт Х.А д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Х.А, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлах, хүүхдээ асрамжид авч, тэжээн тэтгүүлэх, хуваарьт хөрөнгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Х.А бид хоёр 2011 онд танилцаж, улмаар мөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охин А.Аг төрүүлсэн. Гэр бүл болсноос хойш нөхөр маань байнга архи ууж, гар хүрч зоддог болсон. Би тухайн үед засрах болов уу гэж бодож гэр бүлийн амьдралыг хэвийн үргэлжлүүлсэн юм. Архи уух болгонд намайг зодож гэмтэл учруулсан тул цагдаагийн байгууллагад шалгуулж арга хэмжээ авахуулж байсан. 2016 оны сүүлчээр намайг зодож захиргааны арга хэмжээ авахуулсан ба 2017 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 02 цагт согтуугаар толгой тус газар цохиж гар хөлийг минь мушгин өшиглөж зодоход цагдаагийн газарт дуудлага өгч одоогоор 10 хоногоор баривчлагдсан.
Гэр бүл болсноос хойш байнгын дарамтад гэр бүлийн хүчирхийллийн байдалтай амьдарч ирсэн. Энэ нь миний амь нас болон хүүхдийн цаашдын хүмүүжил, эрүүл бойжиход хүндрэлтэй, амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Иймд гэрлэлтийг цуцалж, 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин А.Аг миний асрамжид үлдээж, тэтгэлгийг хуулийн дагуу эцэг А.Аманболоос гаргуулж өгнө үү. Надад ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Бид хоёр 2011 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон. Тэрнээс хойш 1 хүүхэдтэй болсон, одоо 5 настай. Хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, хүүхдэдээ тэтгэмж тогтоолгох, мөн хуваарьт хөрөнгөө авах хүсэлттэй байна. Би өөрийнхөө хуваарьт хөрөнгөө авахыг хүсэж байна. Би аавынхаа гэрт амьдардаг, байшин нөхрийн нэр дээр байдаг.
Гэрлэлт цуцлах шалтгаан нь урьд нь цагдаагийн байгууллагад хандсан. Тэгэхэд цагдаагийн ажилтан Анаргүлийг дууд, надад юу хийж чадахгүй юм бэ гэж хэлсэн. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас дахиж эвлэрч чадахгүй. Эвлэрсэн ч хоорондоо таарч тохирохгүй гэв.
Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Миний бие Шеруши хурман овогт Хабыл овогтой Аманбол эхнэр Болат овогтой Жанарын танайд гаргасан гэрлэлтээ цуцлуулан, охин Айсаулег асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай уншин танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Болат овогтой Жанар нь нэхэмжлэлдээ хамаг бурууг надад тохож надыг аймаар үл бүтэх архичин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч мэтээр бичсэн байна.
Үнэн хэрэг дээрээ би ганц нэг удаа архи ууж зөрчил гарган шүүхээр баривчлагдсан минь үнэн л дээ. Би түүний эрх чөлөөнд халдахдаа зүгээр байхад нь зодоогүй юм. Миний эхнэр их залхуу, гэрийн ажил хийдэггүй, хоол хийж өгдөггүй. Би хар бор ажил хийж ирэхэд цай, хоол хийдэггүй, тэгэхээр нь би чи яагаад надыг өрөвддөггүй юм вэ гэж хэлэхэд тэр надыг хэл амаар доромжилдог юм. Энэ байдлаас болж би гар хүрч байсан юм. Юм л болбол аав руугаа яриад аав нь аваад явчихдаг юм.
Бид гэрлэлтээ цуцлуулахаар юм ерөөсөө болоогүй. Тийм учраас би гэрлэлтээ цуцлуулахгүй. Түүний нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй болно. Хэрэв салахад хүрвэл би хүүхдээ түүний асрамжинд үлдээхийг зөвшөөрөхгүй юм. Учир нь тэр хүүхдээ харж чаддаггүй хүн. Үд хүртэл унтчихаад үдээс хойш гудамжинд дэмий сэлгүүцдэг юм. Охиноо өрөвдөх сэтгэлгүй. Гэрт цоожилчхоод дэмий тэнээд явдаг, унагаагаад тархийг нь хөдөлгөсөн, гарыг нь түлсэн. Одоо охины баруун гарт түлэгдсэн соривтой. Охиноо байнга зоддог юм. Үүнээс болж охин маань их аймхай болчихсон байгаа гэжээ.
Хариуцагч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Учир нь эхнэр, хүүхэдтэй. 6 жил зодсон гэдэг нь худлаа. 6 жил зодсон бол нэг л өдөр салаад явах байсан. Гэр бүлтэй, эхнэр, хүүхэдтэй болох гэж гэр бүл болсон. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна.
Би уучлалт гуйсан. Үүнээс хойш архи уухаа больё, цаашид сайн сайхан амьдаръя гэж уучлалт гуйсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар арга хэмжээ авснаас хойш архи уугаагүй.
Хувцасны шкаф, толь, хоолны шкаф, монгол хивс, угаалгын машин, хөргөгч, тос сорогч, хивс хятад 5 ширхэг, ширдэг, данх, хоёр хүний ор, буузны тогоо, чемодан, махны машин, орос аяга 4 ширхэг, халбага сэрээ, орны бүтээлэг, хүүхдийн өлгий зэрэг хуваарьт эд хөрөнгө миний эхнэрийн хуваарьт хөрөнгө мөн гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Б.Ж нь Х.Аоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг болон хуваарьт хөрөнгийг гаргуулж өгөхийг хүсжээ.
Гэрлэгчид болох Б.Ж, Х.А нар нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч гэр бүл болсон байх бөгөөд хамтран амьдрах хугацаанд нэг хүүхэдтэй болсон болох нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас олгосон Х.А, Б.Ж нарын гэрлэлтийн гэрчилгээ, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.Агийн 633 дугаартай төрсний гэрчилгээ, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...нөхөр болох Х.А байнга архи уудаг, уух болгондоо гар хүрч зоддог болсон, гэр бүл болсноос хойш нь байнга сэтгэл санааны дарамтад, гэр бүлийн хүчирхийллийн байдалтай амьдарч байна. Энэхүү байдал нь миний амь нас болон хүүхдийн цаашдын хүмүүжилд, эрүүл бойжиход хүндрэлтэй, амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлажээ.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25 дугаартай шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Ад 10 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулж, 20 цагийн албадан сургалтанд хамааруулахаар захиргааны шийтгэл ногдуулсан байна. Уг шийтгэвэрээс үзэхэд Х.А нь удаа дараа архидан согтуурч, эхнэр Б.Жыг зодож, заналхийлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж захиргааны шийтгэл ногдуулжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх ба дээрх шийтгэвэр болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон, нэхэмжлэгч нөхөр болох Х.Атой эвлэрч хамт амьдрахаас татгалзаж байгаа тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийг хэний асрамжинд үлдээх талаар тохиролцоогүй тул хүүхдийн нас, эхийн халамж, Х.Аын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдлыг харгалзан 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.Аг эх нь болох Б.Жын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг төлүүлэх талаар шаардлага гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох Х.Аоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Ж нь нөхөр болох Х.Аоос хуваарьт хөрөнгийг гаргуулахыг шаардсан тул хариуцагчаас 2 хүний ор ком буюу 350000 төгрөг, хувцасны шкаф ком буюу 380000 төгрөг, толь 1 ширхэг буюу 250000 төгрөг, хоолны шкаф ком буюу 400000 төгрөг, монгол хивс 1 ширхэг буюу 360000 төгрөг, угаалгын машин 1 ширхэг буюу 299900 төгрөг, хөргөгч 1 ширхэг буюу 360000 төгрөг, тос сорогч 1 ширхэг буюу 150000 төгрөг, хятад хивс 1 ширхэг буюу 72000 төгрөг, хивс 3 ширхэг буюу 165000 төгрөг, хивс 2 ширхэг буюу 50000 төгрөг, ширдэг буюу 80000 төгрөг, данх буюу 20000 төгрөг, бууз тогоо буюу 18000 төгрөг, чемодон ком буюу 60000 төгрөг, махны машин буюу 35000 төгрөг, орос аяга 4 ширхэг буюу 10000 төгрөг, халбага сэрээ ком буюу 6000 төгрөг, орны бүтээлэг ком буюу 200000 төгрөг, хүүхдийн өлгий ком буюу 50000 төгрөг, нийт 20 төрлийн хуваарьт эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шеруши ожых овогт Б.Ж, Шеруши хурман овогт Х.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Айсаулег эх Б.Жын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Айсаулег 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Аоор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар 2 хүний ор ком буюу 350000 төгрөг, хувцасны шкаф ком буюу 380000 төгрөг, толь 1 ширхэг буюу 250000 төгрөг, хоолны шкаф ком буюу 400000 төгрөг, монгол хивс 1 ширхэг буюу 360000 төгрөг, угаалгын машин 1 ширхэг буюу 299900 төгрөг, хөргөгч 1 ширхэг буюу 360000 төгрөг, тос сорогч 1 ширхэг буюу 150000 төгрөг, хятад хивс 1 ширхэг буюу 72000 төгрөг, хивс 3 ширхэг буюу 165000 төгрөг, хивс 2 ширхэг буюу 50000 төгрөг, ширдэг буюу 80000 төгрөг, данх буюу 20000 төгрөг, бууз тогоо буюу 18000 төгрөг, чемодон ком буюу 60000 төгрөг, махны машин буюу 35000 төгрөг, орос аяга 4 ширхэг буюу 10000 төгрөг, халбага сэрээ ком буюу 6000 төгрөг, орны бүтээлэг ком буюу 200000 төгрөг, хүүхдийн өлгий ком буюу 50000 төгрөг, нийт 20 төрлийн хуваарьт эд хөрөнгийг Х.Ааас гаргуулан Б.Жт олгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ааас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жт олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК