Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0369

 

 

 

 

                                                

 

 

 

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0369

Улаанбаатар хот

Ж.Ц-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Б нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэртэй, Ж.Ц-н нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2016 оны орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшихээр хуульд заасан хугацаанд, хуульд заасан баримт материалыг нийт 432 дэмжигчийн гарын үсэг бүхий жагсаалтын хамт хүлээлгэн өгсөн. Сонгуулийн хорооны ажилтан миний материалыг 2016.05.14-ний өдрийн 16.59 цагт зөвхөн нийт хуудсыг тоолж, хүлээн авсан. Материал авахдаа дутуу эсэхийг шалгаагүй авсан. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсгийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай санал нийлэхгүй байна. Сонгуулийн хорооноос нэр дэвшигч миний биеийг иргэний үнэмлэхийн хуулбар, татварын хэлтсийн тодорхойлолт, нэр дэвшигчийн мэдэгдлийг дутуу гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т заасныг зөрчиж байна. Сонгуулийн хуульд сонгуулийн хороонд биечлэн хүргүүлэх материалын жагсаалтад иргэний үнэмлэх, түүний хуулбар, мөн татварын хэлтсийн тодорхойлолтыг хавсаргах талаар заагаагүй. Нөгөө талаар Сонгуулийн тухай хуулийн 157.6-д зааснаар шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс илт зайлсхийж, Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэх үйл явцыг хаан боогдуулж байна... Иймд сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, бие даан нэр дэвшигч Ж.Ц-г нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгуулийн хорооны тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 158.1.3 дахь хэсгийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай дараах үндэслэлээр санал нийлэхгүй байна. Тус заалтад “Хуурамч эсвэл дутуу материал” өгсөн байхыг хуульчилсан. Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийг иргэний үнэмлэхийн хуулбар, татварын хэлтсийн тодорхойлолт, нэр дэвшигчийн мэдэгдлийг дутуу бүрдүүлсэн гэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 157.3 зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хороонд биечлэн хүргүүлэх материалын жагсаалтад иргэний үнэмлэхийн хуулбар, мөн татварын байгууллагын тодорхойлолтыг хавсаргах талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар шаардлагатай гэсэн лавлагааг гаргуулах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч нь өр төлбөргүй болох тухай Үндэсний татварын газрын болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагааг гаргуулан өгсөн. Аливаа хуулийг нэг мөр дагаж мөрдөх үүргийг иргэн, аж ахуйн нэг, байгууллага адил хэмжээгээр хүлээдэг бөгөөд төрийн захиргааны эсвэл сонгуулийн хороо албан тушаалтан хуулийг тайлбарлах, өөрийн итгэл үнэмшлээр ойлгон хэрэглэх нь хууль хэрэглэх Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байна. Нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуульд заасан бүрдүүлэх материалын жагсаалтад заасан ямар ч материалыг дутуу өгөөгүй, нөгөө талаас Сонгуулийн хорооны ажилтан нь материал хүлээн авахдаа ямар нэгэн байдлаар нягталж материал дутуу эсэх талаар мэдээлэл өгөөгүй. Маягт андуурсан нь хуурамч материал бүрдүүлсэн үйлдэл биш юм. Нэхэмжлэгчийн бөглөсөн баталгаат гарын үсэг бүхий зөвшөөрөл нь агуулгын хувьд нэр дэвших хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл болох бөгөөд аль нэг улс төрийн намаас нэр дэвших агуулгагүй болох нь нотлогдоно. Төлөөлөгчийн цахим орчинд ажиллах ур чадвараас шалтгаалж маягт андуурагдсан болно. Гэхдээ энэ нь Сонгуулийн тухай хуулийн 158-р зүйлд заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй юм. Сонгуулийн хорооны шийдвэр хамтынх байдаг хэдий ч Үндсэн хуульд нийцүүлэх хэрэгтэй. Сонгуулийн хорооны зөвлөмж, чиглэлийн талаар нэг ч бие даагчид мэдээлэл хийж, тайлбарлаагүй. Нэг жижиг цаас тарааж байсан. Сонгуулийн хорооны гишүүн таны мэдэж байгаа мэдээллийг бид мэдэх боломжгүй байна. Ил тод байгаагүйгээс болж бие даагч нар төөрөлдөх асуудал үүссэн байна. Үндэсний татварын албаны бар код бүхий тодорхойлолтыг хүчинтэй эсэхийг аймгийн татварын хэлтэс хэрхэн баталгаажуулах боломжгүй. Харин ч эсрэгээрээ татварын газар босоо удирдлагатай тул аймгийн Татварын хэлтсийн гаргасан тодорхойлолтыг Үндэсний татварын албаны бар код бүхий тодорхойлолтоор баталгаажуулах тогтолцоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч, Дорнод аймгийн сонгуулийн хороог төлөөлж, дарга П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахаас гадна Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтад заасан мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан загвар маягтын дагуу бүрэн гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан. Ж.Ц нь хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, баримт бичгийг ирүүлсэн бөгөөд аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагт хүлээн авсан... Гэтэл бие даан нэр дэвшигч Ж.Ц-н ирүүлсэн баримт бичигт Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 13 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын “Бие даан нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл”, 7 дугаар хавсралтын “Нэр дэвшигчийн намтар”-ын 10 дугаар заалтад тусгасан “иргэний үнэмлэхийн хуулбар” болон нэр дэвшигчийн татварын өр төлбөргүйг нотолсон татварын хэлтсийн тодорхойлолт зэрэг нь огт байхгүй байсан. Иймд аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтад заасан “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу...” гэх нөхцөл байдал үүссэн гэж үзэн Ж.Ц-г бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан... Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг хэрхэн хүлээн авах талаар тодорхой зохицуулалт байхгүй билээ. Харин аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь заалтад зааснаар нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана гэж заасан. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахдаа бус хуулиар зөвшөөрөгдсөн хугацаа буюу нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэхдээ л аймгийн Сонгуулийн баримт бичгийг нягтлан шалгахаар хуульчлагдсан. Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 17 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Ж.Ц-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хороог төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна. Сонгуулийн Ерөнхий хороо хуульд заасан чиг үүргийнхээ дагуу 2016 оны 13 дугаар тогтоолоор бүрдүүлэх баримт бичгийг хавсралтаар зааж өгсөн. Нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооны сайт дээрээс хэрхэн баримт бичгээ бүрдүүлж, зааварчилгаа авахыг хэлсэн. Нэр дэвшигчийн намтрын 10 дугаар зүйл дээр намтарт иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргана гэсэн байгаа. Иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаж байж, баримт хүчин төгөлдөр болно. Гэтэл иргэний үнэмлэхийн хуулбар болон албан татварын өр төлбөргүйг нотолсон татварын хэлтсийн тодорхойлолт зэрэг нь огт байхгүй байсан. Мөн эрх бүхий байгууллагаас лавлагаа аваагүй, холбогдох байгууллагуудаас тодруулга аваагүй гэж байна. Сонгуулийн Ерөнхий хорооны 205 тоот зөвлөмжөөр ямар тохиолдолд тодруулга авах талаар заасан. Байхгүй мэдээллийг бид нөхөн авна гэсэн ойлголт байхгүй. Сонгуулийн хороо хуралдааны дэгтэй, ирсэн асуудал болгоныг хуралдаанаар шийддэг, төв байгууллагаасаа чиглэл авч ажилладаг. Ганцаарчилсан шийдвэр гаргадаггүй гэдгийг баттай хэлмээр байна. Хэдийгээр нэр дэвшигчийн зөвшөөрөл, мэдэгдэл хоёрын мэдээлэл төстэй, ойролцоо мэт боловч маягт нь өөр юм. Нам болон бие даан нэр дэвшигч гэдгээрээ ялгаатай байгаа. Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 13 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад заасан маягтыг бөглөх ёстой.

Гэтэл Ж.Ц нь намаас нэр дэвшигчийн зөвшөөрөл гэсэн маягтыг бөглөсөн. Иймд дутуу материалд орно. Маягтаа андуурснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Мөн сонгуулийн хороонд материалаа ирүүлэх хугацаанаас хойш материалаа бүрдүүлж өгье гээд 16-нд ирүүлснээ бас хүлээн зөвшөөрдөг. 14-ний өдрөөс хойш материалыг нөхөн бүрдүүлэх боломж байхгүй. Өөрсдөө алдаагаа хүлээн зөвшөөрчхөөд сонгуулийн хороог буруутгаад байгаа нь ямар учиртай юм бэ? Иймд Ж.Ц-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.3-т заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн Ж.Ц-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, иргэн Ж.Ц-г бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Шүүх маргаан бүхий асуудалтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтын “... энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэснийг тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн  125 дугаар зүйлийг баримталсан.

Гэтэл Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг нэг өдөр нэгдсэн байдлаар зохион байгуулахаас өөрөөр Улсын Их Хурлын сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зохицуулалт бүхий заалтыг Орон нутгийн хурлын сонгуулийн харилцаанд адилтган хэрэглэх, тайлбарлах хуулийн зохицуулалт байхгүй билээ.

Мөн Улсын Их Хурал болон Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагааг тус тусад бүлэг болгон хуульчилж зохицуулсан бөгөөд Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулийн 151-164 дүгээр зүйлээр тусгайлан заасан байтал шүүх шийдвэрийн үндэслэлдээ Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийг барьж тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйл нь Улсын Их Хурлын сонгуультай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд шууд хамаарах заалт болно.

Шүүх нь бие даан нэр дэвшигч Ж.Ц-г Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 13 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан намаас нэр дэвшүүлэх зөвшөөрлийг ирүүлсэн байх тул тус тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан бие даан нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийг ирүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн дээрх 2 маягтуудын мэдээллийн агуулга ижил хэмээн тайлбарласан.

Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 13 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын маягтад тухайн нэр дэвшигчийн овог, нэр, ямар аймаг, нийслэлийн хуралд ямар намаас нэр дэвшиж байгаа талаарх мэдээлэл байдаг. Харин тус тогтоолын 6 дугаар хавсралтын маягтад нэр дэвшигчийн овог, нэр, ямар аймаг, нийслэлийн хуралд хэддүгээр тойрогт, хэдэн сонгогч, дэмжигчийн дэмжлэг авч оролцож байгааг илэрхийлсэн мэдэгдэл байдаг. Иймд дээрх 2 маягт нь хоёр өөр агуулга бүхий мэдээлэл агуулсан хавсралт маягтууд гэж үзэж байна.

Мөн Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 13 дугаар тогтоолд хавсралт маягт андуурч ирүүлсэн тохиолдолд алдаатай мэдээллийг оруулах, адилтган үзэх талаар заалт, хуулийн зохицуулалт байхгүй билээ.

Аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуульд иргэний үнэмлэхийн хуулбар, албан татварын өр төлбөргүйг нотолсон татварын газрын тодорхойлолт гэж нэрлэн заагаагүй барим бичгийг ирүүлээгүй хэмээн бүртгэхээс татгалзсан нь хууль бус бөгөөд дээрх дутуу баримт бичгийг эрх бүхий байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах боломжтой байсан гэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын нийтлэг шаардлагад албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх гэж заасан бөгөөд энэхүү мэдээллийн үнэн зөвийг орон нутгийн хэмжээнд аймгийн Татварын хэлтэс гэрчилж, тодорхойлолт олгоно. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны нэгдсэн сайтын нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт нарын бие даан нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэл цэсийн 5 дахь заалтад нэр дэвшигчийн энэ хуульд заасан өр төлбөргүйг нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт гэж заасан бөгөөд дээрх сайтад энэхүү тодорхойлолтыг хэрхэн авах талаар тайлбарласан.

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 13 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын нэр дэвшигчийн намтрын 10 дугаар заалтад нэр дэвшигч иргэний үнэмлэхийн хуулбараа хавсаргаж ирүүлэхээр заасан бөгөөд Ж.Ц-н ирүүлсэн баримт бичигт иргэний үнэмлэхийн хуулбар огт байгаагүй. Энэ нь тухайн нэр дэвшигчийг нотлох гол баримт юм. Бидэнд нэгэнт дутуу ирүүлсэн баримт бичгийг нөхөж авах, бий болгох эрх олгосон заалт биш билээ. Энэхүү чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар албан бичгээр өгсөн зөвлөмжид тусгасан болно.

Аймгийн Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн гэж тайлбарласан.

Энэхүү гомдлын 1, 2, 3 дугаарт тайлбарласнаар аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын тогтоол, журам, зөвлөмжийг хэлбэрэлтгүй мөрдөж ажилласан байтал Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр нь холбогдох хууль, дүрэм, журам, зөвлөмжийн хүрээнд ажилласан аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг, гишүүдийг тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.2, 11.11 дүгээр заалтад заасан торгууль болон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үр дагаврыг үүсгэж байна.

Иймд Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 15 дугаар тогтоол нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос батлан гаргасан дүрэм, журам, зөвлөмжүүдийн хүрээнд үндэслэсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ж.Ц-г Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Хариуцагчаас татгалзсан үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл буюу “нэр дэвшигчийг бүрдүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу” гэж бүртгээгүй нь бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл; сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт; нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /сүүлийн бүтэн нэг жилийн/; хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг; нэр дэвшигчийн намтар; төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбарыг нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр хуульчилсан байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ц нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт “бие даан нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл” маягтыг бус уг тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “нэр дэвшүүлэх зөвшөөрөл” маягтыг бөглөсөн, мөн аймгийн татварын албаны тодорхойлолт бус татварын өр төлбөргүй болох тухайгаа нотолсон “өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, төлбөрийн талаарх тодорхойлолт, Үндэсний татварын албаны цахимаар авсан тодорхойлолтыг Дорнод аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн байх бөгөөд Сонгуулийн хороо албан татварын өр төлбөргүйг нотолсон аймгийн татварын хэлтсийн тодорхойлолт болон, иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй гэж бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь хуульд заасан баримт бичгүүдээс дутуу ирүүлсэн баримт байхгүй, харин уг баримтуудад хавсарган ирүүлэх ёстой гэж үзсэн иргэний үнэмлэхний хуулбар, маягт андуурагдан бичигдсэн зөвшөөрөл, аймгийн татварын хэлтсийн албан тодорхойлолт нь хуульд нэрлэн заасан баримтууд биш байна.

Эдгээр баримтгүйгээр нэхэмжлэгчийг хэн нэр дэвшиж байгаа, өр төлбөртэй эсэх нь тодорхойгүй гэж маргаж байгаа хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн “Бие даан нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл” биш “нэр дэвшүүлэх зөвшөөрөл”-ийн маягтыг бөглөн ирүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж, хариуцагч давж заалдах гомдолдоо “эдгээр мэдүүлэг нь агуулгын хувьд өөр өөр мэдээлэл агуулсан” гэж тайлбарлажээ.

Иргэн өөрийн эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх гэх мэт тодорхой зорилгоор хүсэл зоригоо илэрхийлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.Ц нь “Жамбаагийн Цогтбаатар миний биеийг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлснийг зөвшөөрч байна ...”[1] гэж зөвшөөрлийн хуудас бичсэнийг “маягт андуурсан” үндэслэлээр нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл биш гэж үзэх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ  

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 32 дахь тал