Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Д.Жагслаг, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэйгээр хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баха овогт Далайханы Жагслагт холбогдох 201626011132 дугаартай, 188/2016/           0069/Э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, казак, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Чулуутын 9-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Баха овогт Далайханы Жагслаг /РД:НТ68092532/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Жагслаг нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 9 дүгээр гудамжны 5 тоотод хадам эцэг Х.Гонгортой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн асуудлаас болж маргалдан улмаар Х.Гонгор нь “Чи манай охиныг дарамталдаг” гэж хэлээд Д.Жагслагийн нуруун тус газарт архины шилээр 2 удаа цохисоноос болж Д.Жагслаг нь Х.Гонгорын нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиж бие махбодид нь “Баруун талын гайморын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун дээд доод зовхи, баруун зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, эрүү, зүүн чихэнд няцарсан шарх” бүхий удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Жагслагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагт эхнэр Индраа“хоёулаа Зүүн салаа явж аавыг авчиръя, өчигдөр надтай утсаар яриад хотын төвд шашны цуглаантай ирж ав” гэсэн явъя гээд би эхнэр хүүхдийн хамт аавын гэрт очсон. Очоод эхнэр хүүхэд маань аавынд үлдэж хадам аав Гонгор бид хоёр хотын төв орохоор явсан. Наашаа явж байгаад Хангай захын урд ирэхэд хадам аав “миний хүү хоёулаа ганц шил архи уух уу” гэж асуухаар нь би “та өөрөө мэдэхгүй юу” гэж хэлсэн. Тэгэхэд хадам аав дэлгүүрийн гадаа зогсчих гээд би дэлгүүрийн гадаа ирж зогсоход надад 20.000 төгрөг өгөөд 1 шил архи аваад ир гэсэн. Би дэлгүүр орж 0.5-ын 1 шил архи аваад хадам аав танайд очье гэсэн. Тэгээд бид хоёр манайд ирээд авсан 1 шил архиа хоёулаа хувааж уусан. Энэ архийг ууж дуусаад хадам аав намайг дахиад нэг шил архи аваад ир гэхэд нь би хэрэггүй, та хурал цуглаан руугаа яв гэж хэлсэн. Тэгсэн зүгээр би явахгүй дахиад нэг шил архи аваад ир гэхээр нь 20.000 төгрөгнөөс үлдсэн байсан мөнгөөр би гарч дэлгүүрээс 0.5 литрийн шилтэй Хараа архи авсан. Архи авчихаад гэрт ортол хадам аав хажуу айлынхаа Болоож өвгөнийг дуудаад ир гэсэн. Би Болоожийг өвгөнийг дуудаж гэрт дагуулан ирсэн. Тэгээд авч ирсэн 1 шил архиа гурвуулаа хувааж уусан. Болоож өвгөн би яаж хүний юмыг уучихаад зүгээр байхав гээд Болоож өвгөн дахин нэг шил архи авч гурвуулаа уугаад талд нь ороогүй байхад хадам аав надад агсам тавьж эхэлсэн. Намайг чи арчаагүй, ажилгүй, би чамайг харахаар дургуй хүрч байна гээд архины шилээр толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би та боль боль гээд хажуугаар Болоож өвгөн хадам аавд хандаж мөн боль гэсэн. Би хадам ааваас архины шилийг нь булааж аваад ширээн дээр тавьсан. Тэгсэн хадам аав дахиж архины шил аваад ална чамайг гээд миний нуруу руу 5 удаа цохисон. Тэгэхээр нь би архины шилийг нь булааж аваад хадам аавын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Тэгээд том охин Айгеримыг утсаар дуудаад өвөө чинь агсам тавиад байна ирээд гэрт нь хүргэж өг гэсэн. Айгерим удаагүй ирээд хадам аавыг гэрт нь хүргэж өгөхөөр авч явсан. Харин би гэртээ унтсан. ...Тухайн үед миний толгой хавдсан байсан. Харин одоо зүгээр болсон. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Хадам аав бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа байдаггүй. Бид хоёр эвтэй байдаг. ...Хадам аав Гонгор өөрөө эхлээд агсам тавьж над руу дайрсан. Тэгэхээр нь би уурлаад цохисон. Би уурлахаараа биеэ барьж чаддаггүй юм. ...Тэр үед Гонгор, Болоож бид гурваас өөр хүн байгаагүй. ...Би гэртээ 2 пиво уугаад унтсан, би баяр ёслол, найз нөхдийнхөө хүрээнд архи уудаг. ...Би хадам аав Гонгорыг цохисон үнэн. Гэхдээ санаатай зодоогүй, өөрөө эхэлж агсам тавьсан болохоор цохисон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Хохирогч Х.Гонгорын мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 09 цаг болж байхад миний охин Индраа нөхөр Жагслаг, 1 ойтой хүүгийн хамт манайд ирсэн. Индраа, Жагслаг хоёрын охин энэ жил Боловсролын их сургууль төгсөх гэж байгаа учраас би Айгеримд сургуульд төгсөхөд зориулж өгөхөөр тэтгэврийн зээлээр авсан 500.000 төгрөгөө авч замаараа оруулж өгчихөөд гарч хотын төв орох санаатай гэрээсээ 10 цагийн үед гарсан. Надтай хамт Жагслаг явсан ба замдаа Жагслаг “ааваа би өчигдөр найзуудтайгаа архи уусан юм, одоо шартаад байна, та ганц шил архи аваад өгөөч” гэсэн. Би Жагслагийг урьд өдөр архи уусаныг мэдэж байсан. Урьд орой Жагслаг согтуу надтай утсаар ярьсан юм. Тэгээд Жагслагт аавд нь мөнгө байхгүй охинд чинь өгөхөөр 500.000 төгрөгтэй гарсан. Чи энэ мөнгөнөөс 20.000 төгрөгийг нь ав гээд 20.000 төгрөг өгсөн. Ингээд Жагсгалын гэрт ирэхэд зээ охин маань босоогүй орондоо байсан ба Жагслаг ааваа та охиндоо хандаж “сургууль соёлоо төгсөж, удахгүй нөхөрт сүүдэрт гарах учраас зөвлөгөө” өгөөч би гараад архиа аваад ирье гээд явсан. Би ч зээ охиноо босгоод хэлэх зүйлээ хэлээд охиндоо 480.000 төгрөг өгсөн. Тэгээд Жагслаг архиа авч ирээд бид хоёр хувааж уусан. Бид хоёрыг уугаад талдаа орж байхад Жагслаг та Болоож өвгөнийг танидаг юм байна, би дахиад ганц шил архи аваад Болоож өвгөнийг дагуулаад ирье гээд гараад 0.5 литрийн шилтэй архи авчихсан Болоожийг дагуулан орж ирсэн. Жагслаг бид хоёрыг гэрлүү нь орж явахад Болоож таараад хальт мэндэлсэн. Би Болоожийг урьдаас мэддэг байсан ба бид хоёр хамт нэг хороонд ажиллаж байсан одоо хүргэний гэрийн хажууд амьдардаг хөрш юм билээ. Ингээд бид гурав Жагслагийн авч ирсэн 2 дахь шил архийг уусан. Болоож ч дахин нэг шил архи авч ирж гурвуулаа уусан. Тэгээд би согтоод тасарч түүнээс хойш болсон явдлыг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Зүүн салаанд гэрт зээ охин маань хүргэж ирсэн байсан ба хамар цусаар битүүрсэн, хамрын нуруу нүд хөхөрч хавдсан байсан. Тухайн үед отгон хүү Мурат гэрт байсан ба уурласан. Жагслаг Болоож бид гурвыг архи ууж байхад зээ охин маань гарч явчихаад буцаж ирэхэд нь миний нүүр хамар хавдсан байсан гэсэн. Үүнийг зээ охин маань Муратад хэлсэн байсан. ...Жагслаг намайг юунаас болж зодсоныг би мэдэхгүй байна. Жагслаг хориод жил архи ууж байгаа. Архи уух болгондоо гэр орныхоо амгалан тайван байдлыг алдагдуулж айл айл хэсээд хоноод явчихдаг. Эхнэр хүүхэддээ гар хүрэхгүй мөртлөө элдэв үгээр доромжилж гэрээсээ хөөдөг. Энэ талаар охин, зээ охин хоёр маань уулзаж ярилцах болгонд хэлдэг. Жагслаг, Болоож бид гурав сүүлд Жагслагийн талаар ярьж байснаа санаж байна. Би Болоожоос манай хүргэн Жагслаг архи ууж байна уу, архи уусан үедээ эхнэр хуүхдийнхээ амар заяаг үзүүлдэгүй гэсэн. Тэгдэг юм уу гэхэд Болоож “Жагслаг архи уудаг нь уудаг, би ч хамт уудаг, гэхдээ архи уусан үедээ эхнэр хүүхдээ зодож байхыг нь нүдээр харж байгаагүй” гэж байсан. Жагслагийн архины асуудлаас болж би согтсон үедээ охиноо өмөөрч хэрүүл үүссэн байх. Тэрнээс бол бид хоёрын хооронд өөр муудалцах асуудал байхгүй. Би энэ талаар ер нь бол хууль хяналтын байгууллагад хандана гэж бодсон явсан юм. ...Би гомдолтой байгаа. Жагслаг миний ганц охиныг авч суугаад архи ууж их зовоож байгаа. Би Жагслагийн амьдралд их тус болдог. Байнга л санаа зовож мах, хоолны зүйл байнга зөөж, манайхаас л авч идэж уудаг. ...Надад Жагслагаас эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй. Жагслаг нь миний бие махбодид гэмтэл учруулсанд гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 х/

 

            Гэрч Г.Болоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед манай урдаас харсан хашааны залуу би нэрийг мэддэггүй юм хадам аавтайгаа гэртээ ирж байсан. Тэр залуугийн хадам аавыг Гонгор гэдэг. Бид хоёр хуучны танилууд, 2001 онд би 5 буудалд амьдардаг байхад Гонгор хэсгийн дарга хийдэг байсан юм. Гонгорыг би таньдаг болохоор Гонгортой мэнд мэдээд тэр хоёр гэртээ орцгоосон. Тэгээд 20-иод минут болсон байх намайг гэрт байхад хашааны хаалга тогшоод гараад очиход урд хашааны айлын залуу байсан ба аав таныг дуудаж байна гэхээр нь тэднийд очсон. Намайг ороход тэр хоёр архи ууж байсан шинжтэй нэг шил архи нилээн дундарсан Гонгор нилээн халамцуу байдалтай байсан. Ингээд би хамт сууж надад архи хийж өгөхөд би уудаггүй болохоор уулзсаных гээд ганц хоёр татсан Тэгээд архинаас нь ганц хоёр татсан болохоор тэр хоёрт нэг шил архи авч өгч би уугаагүй. Гонгор тэр хоёр уусан. Тэгтэл тэр хоёр хоорондоо хэрэлдэж Гонгор тэр залуу руу чи манай охиныг дарамталдаг гэж агсарч хоорондоо казак хэлээр маргалдаад байсан. Би ойлгоогүй. Тэгсэн Гонгор босч ирээд ууж байсан архины шилээр нөгөө залуугийн толгойнд нь 2 удаа цохихоор нь би салгасан. Тэгсэн Гонгор дахиад архины шилээр тэр залуугийн нуруунд нь хоёр удаа цохиход тэр залуу уурлаад хариу Гонгорын нүүрэнд нь 2 удаа гараараа цохиод, би дундуур нь орж салгасан. Тэр залуу Гонгорыг дахиж цохиогүй гар хүрээгүй, тэр залуу утсаар охиноо өвөө чинь согтсон байна ирж аваад гэрт нь хүргэж өг гэж дуудаад удаагүй охин нь ч ирж Гонгорыг авч явсан. Тэгээд би гэртээ орсон. Гонгор их согтсон, харин тэр залуу өөрийн гэсэн ухаантай байсан. ...Намайг Гонгортой уулзахад Гонгорын нүүрэнд ямар нэгэн шарх байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 х/

 

Гэрч Г.Индраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө Жагслаг бид хоёр хүүхдээ аваад манай аав Гонгорын гэрлүү явсан. Урьд өдөр нь аав над руу утасдаж маргааш өглөө ирж аваач хотын төв орох ажилтай гэсэн юм. Тэгээд нөхөр бид хоёр аавынд ирээд би хүүхдийнхээ хамт үлдсэн. Харин нөхөр маань аавтай хамт явсан. Өдөр 11 цагийн үед би Айгерем руу утасдаж аав нөхөр хоёрыг асуухад тэр хоёр архи уугаад сууж байна гэсэн. Тэгэхээр нь би Айгеремд өвөөгөө гэрт нь аваад ирээрэй гэж хэлээд 4-5 цагийн дараа Айгерем аавыг гэрт нь авчирсан. Тэгсэн аавын зүүн талын чихнээс нилээн цус гарсан хувцас нь цус болсон, нүүр нь хавдсан байсан. Би ааваас юу болсон яасан юм гэж асуухад аав дуугарахгүй согтуу байсан. Тэгээд би хүүгээ аваад Айгеремтэй гэрлүү явсан. Гэрлүү явж байх замдаа Айгеремаас юу болсоныг асуухад Айгерем аав өвөөг зодчихсон байсан, би хараагүй, гарчихаад ирэхэд ийм болсон байсан гэсэн. Тэгэхээр нь Жагслагийг согтуу байгаа гэж бодоод гэртээ харилгүйгээр дүүгийндээ очиж хоноод одоог хүртэл гэртээ хариагүй. Жагслаг архи уусан үедээ намайг үгээр идээд элдэв үгээр хэл амаараа доромжилдог. Тэгээд би Жагслагийг архи уусан үед нь гэртээ очдоггүй юм. ...Жагслаг бид хоёр суугаад 23 жил болж байгаа юм. Бид хоёр 2 хүүхэдтэй. Жагслаг эхээс 9-лээ, Баян-Өлгий аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй. Хувиараа таксинд явдаг ажилтай байсан ба 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зүрхний хавдартай болоод мэс засалд орж одоо грүппт гарсан. Жагслаг архи уухаараа муухай онцгүй зан ааш гаргаж хэрүүл маргаан хийж элдэвийн үгээр хэлж хэл амаар доромжилдог. Эрүүлдээ бол зүгээр хэрүүл маргаан хийдэггүй. ...Архи олдвол уучихдаг, буцахгүй. Олдохгүй үед бол хайгаад донтоод явчихдаггүй. Гэхдээ архинд их дуртай. ...Аав архи согтууруулах ундааг баяр ёслолын үеэр хэрэглэдэг. Архи уусан үедээ хүнийг чи ингэсэнгүй, тэгсэнгүй гэж үглэдэг. Тэрнээс бол агсам согтуу тавьдаггүй. ...Надад Жагслагтай холбоотой ямар ч гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

 

 

 

Гэрч Д.Айгеримын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед өвөө, аав хоёр гэрт ирсэн. Өвөө хотын төвд хуралтай гэж байсан. Тэр хоёр ирэхдээ гаднаас нэг шил архи авч ирээд ууж эхлэхэд нь би гарч яваад 30 минут болоод буцаж гэрт ирсэн. Гэрт ирэхэд өвөө, аав хоёр архиа ууж л байсан. Тэгээд намайг ирээд байж байхад хөрш айлын өвөө орж ирээд тэр гурав архи уусан. Би гэрт 2 цаг гаран байж байгаад буцаж гараад 2 цагийн дараа буцаж гэртээ ирэхэд өвөө аав хоёр зодолдсон шинжтэй өвөөгийн чих нь сэтрээд цус гарсан, өвөө бүр тасарсан, ярьж чадахгүй болсон байсан. Аав ч гэсэн нилээн согтсон байсан. Би аав өвөө хоёрыг архиа ууж эхлэхэд өвөөг гэрт нь хүргэж өгнө гэж аавд хэлсэн байсан. Тэгээд би өвөөг авч яваад гэрт нь хүргэж өгсөн. Гэрт аав, хөрш айлын өвөө хоёр үлдсэн. ...Намайг гэрт байхад өвөө аав хоёр муудалцаж маргалдаагүй. ...Өвөө, аав хоёр хэвийн харилцаатай байдаг. Би энэ хоёрыг муудалцаж байхыг урьд өмнө харж байгаагүй. Урьд хамт архи ууж ч байгааг хараагүй. ...Аав Жагслагийг архи уусан үед нь хамт байдаггүй, гэрээс гараад явчихдаг болохоор ямар зан авир гаргадгийг мэдэхгүй. Миний мэдэхээр аав архи уусан үедээ ууртай болдог. Аав бид нарыг дарамталж зодож байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

 

Шинжээчийн дүгнэлт: ¹5668

1.Гонгорын   биед баруун талын гайморын хөндийн урд ханын цөмө хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун доод зовхи, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ша эрүү, зүүн чихэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа /хх-ийн 22 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.Жагслаг хохирогч Х.Гонгор нар хадам, хүргэний харьцаатай, хэрэг болох тухайн цаг хугацаанд хамт архидан согтуурч, хувийн асуудлаас болж маргалдан улмаар хохирогч Х.Гонгор нь Д.Жагслагийг эхэлж архины шилээр цохисон болох нь гэрч Г.Болоожийн “. Гонгор тэр хоёр уусан. Тэгтэл тэр хоёр хоорондоо хэрэлдэж Гонгор тэр залуу руу чи манай охиныг дарамталдаг гэж агсарч хоорондоо казак хэлээр маргалдаад байсан. Би ойлгоогүй. Тэгсэн Гонгор босч ирээд ууж байсан архины шилээр нөгөө залуугийн толгойнд нь 2 удаа цохихоор нь би салгасан. ... Гонгор их согтсон, харин тэр залуу өөрийн гэсэн ухаантай байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 х/, шүүгдэгч Д.Жагслагийн “... Болоож өвгөн дахин нэг шил архи авч гурвуулаа уугаад талд нь ороогүй байхад хадам аав надад агсам тавьж эхэлсэн. Намайг чи арчаагүй, ажилгүй, би чамайг харахаар дургуй хүрч байна гээд архины шилээр толгой руу 2 удаа цохисон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 х/ зэргээс үзэхэд уг гэмт хэрэг хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэй хувийн сэдэлттэй болох нь тогтоогдож байгаа болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Д.Жагслагт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон байх тул түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Жагслагийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 х/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 х/

            Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар  /47 х/ гэх зэрэг баримтуудаар Д.Жагслаг нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, мөн хөдөлмөрийн чадвар алдалдтын улмаас группт байдаг болох нь тогтоогдсон.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэсэн болно.

           

            Д.Жагслаг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9‑д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

            Д.Жагслаг нь хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт байдаг болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй тул хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

           

            Д.Жагслаг нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, ахуйн хүрээнд хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдэгдсэн, хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, хохирогч нь нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

           

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баха овогт Далайханы Жагслагийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Жагслагийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Жагслагт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Д.Жагслагт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Жагслагт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Жагслагт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ